• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    115   |  
0
Tefl/Tesol зэрэгтэй багш Michiel Acke

EDU булангийн шинэ дугаараар 5 гадаад хэл эзэмшсэн, англи хэлний Tefl/Tesol зэрэгтэй багш Mickiel Acke-г онцолж байна. Тэрээр эх хэл болох Голландаас гадна Англи, Франц, Герман, Папьяменто хэлийг эзэмшсэн бөгөөд Монголд амьдрах хугацаандаа Монгол хэлийг сурч буй юм. Түүний олон хэл сурсан арга барил, туршлагыг үзэгчидтэй хуваалцахаар цөөн хором ярилцлаа.
-Монголд тавтай морил. Юун түрүүнд Монголын тухай таны хүлээлт хийгээд бодит байдал ямар байсныг асууя. Мөн бидний давуу болон сул талыг юу гэж харж байна вэ?

-Өмнө нь Монголд ирж байсан болохоор юу хүлээж байгааг нь тодорхой байсан. Мөн Монгол танилуудтай болохоор соёлынх нь талаар ч багагүй гадарлана. Гэхдээ одоо болтол соёлын шоконд орсоор л байна.

Давуу талын хувьд монголчууд маш найрсаг, зочломтгой ард түмэн. Байгал нь үнэхээр үзэсгэлэнтэй. Таксины үйлчилгээ нь их сонирхолтой. Сул талаас нэрлэвэл зарим настай хүн гаднынханд төдийлөн таатай ханддаггүй. Үнэнийг хэлэхэд чөлөөтэй сэтгэлгээтэй биш арьс өнгө, гадны хүмүүстэй гэр бүл зохиосон хүмүүсийг эерэгээр хүлээн авах нь ховор. Би бүх монголчуудыг хэлээгүй шүү, зарим  хүн л...

-Монголд ирээд хэр удаж байна. Ирсэн зорилго тань юу вэ?

-Ирээд 7 сар орчим амьдарч байна. Би хэд хэдэн шалтгаантай энд ирсэн. Хамгийн эхнийх нь аялах үнэхээр дуртай учраас шинэ адал явдлыг эрэлхийлж, дурсамж бүтээхийг хүссэн. Амьдрал нэгэн хэвийн үргэлжлэхээс би амархан залхдаг. Дараагийн зорилго бол Монгол залуучууд англи хэл сурах эрмэзлэл өндөр учраас өөрийгөө тэдэнд тусалж чадна гэж бодсон.  

-Та хэдэн хэлийг ямар түвшинд эзэмшсэн бэ?

-Голланд хэл бол миний эх хэл. Харин дараа нь Англи хэлийг унаган хэлний түвшинд эзэмшсэн гэж хэлж болно. Гурав дахь хэл бол Герман хэл. Харин Франц, Монгол, Папьяменто (Карибын тэнгис орчмын Антилийн арлуудын ярилцдаг) хэлийг анхан дундаж түвшинд сурсан. Одоогоор Монгол хэлийг бүрэн эзэмшихэд анхаарч байна.

-Яаж 5 хэл эзэмшсэн түүхээ бидэнтэй хуваалцаач. Хаана, хэрхэн сурч байв. Юу таныг ийм олон хэл сурахад нөлөөлөв?

-Хэл сурах нь шинэ харилцааны үндсийг тавьж, харах өнцгийг тэлж өгдөг учраас би хэл сурах дуртай. Шинэ найз нөхөдтэй болж, өөр орны соёлтой танилцсан, учирсан адал явдал, сайхан дурсамж бүхэн хэл сурсантай холбоотой байдаг.

-Нидерландад олон хэлээр ярих нь хүн бүрийн эзэмших ёстой чадвар. Нидерланд нь европын жижигхэн улс учраас бид зөвхөн өөрийн хэлээр хязгаарлагдаж болохгүй. Яг л монголчуудтай адилхан. Хэрэв чи Монголоор ярьдаг бол зөвхөн Монголчуудтай л харилцана. 

Тиймээс манай улсад хүүхдүүдээ дэлхийн иргэн болгохын багаас нь гадаад хэл заадаг. Хүүхдүүд англи хэлийг бага ангиас эхлэн заавал сурах ёстой бол харин дараа нь Герман болон Франц хэлийг сонгон сурдаг. 

Нидерландад ихэнх контент англи хэл дээр болохоор эх хэлний түвшинд эзэмшихэд их тус болсон. Мөн би Антилийн арлын олон найзтай тул тэдэнтэй эх хэлээр нь ярихыг хүссэн тул Папьяменто хэлний сургалтанд суусан. Монгол хэл сурч буй түүх үүнтэй мөн адил.

Дэлхийн хаана ч очсон орчиндоо зохицож амьдрахын тул хэл сурах болсон. Хэл сурахад хамгийн их нөлөөлсөн зүйл бол хэл эзэмшихийн хэрээр миний мэдлэг, ертөнцийг харах өнцөг минь тэлж байсан явдал юм.

-Аль хэл сурахад хамгийн хэцүү нь байв?

-Монгол хэл юм даа. Нэг язгууртай хэлийг сурах их амархан. Тиймээс надад европын орнуудын хэлийг сурахад бэрхшээл тулгараагүй. Өгүүлбэрийн бүтэц, үгсийн гарвал, цагаан толгой нь хүртэл ойролцоо.

Жишээлбэл, Англиар: My name is Michiel гэх өгүүлбэрийг

Германаар: Mein name ist Michiel.

Голландаар: Mijn naam is Michiel гэнэ. Таны мэдэж байгаачлан Монгол хэл эдгээрээс тэс өөр бүтэцтэй. Тиймээс хамгийн түрүүнд кирилл үсэг сурсан. Дараа нь өгүүлбэрийн бүтэц болон олон төрлийн холбоосыг сурч байна. Монгол хэлийг сурахад ганц хялбар зүйл нь “дуудлага” санагдаж байна. Голланд хэл ч үүнтэй төстэй дуудлагатай.

-Анхлан хэл сурч буй, хурдан бүрэн эзэмшихийг хүссэн хүмүүст та ямар арга барил санал болгох вэ?

-Ямар хэл сурч байна, тэр хэлээр чөлөөтэй ярьдаг хүнтэй харилцаа үүсгэх нь чухал. Дөнгөж хэлд орж буй хүүхдээр жишээ авъя. Тэд эхлээд ямар нэгэн дүрэмгүйгээр ярьж эхэлдэг биз дээ. Тэд сургалтанд сууж, ном уншиж, дүрэм цээжилдэггүй ч чөлөөтэй ярьж сурдаг.

Шалтгаан нь тэд хэлийг “сурдаггүй” “эзэмшдэгт” оршино. Хэрэв та хэл сурахаар зэхэж буй бол жаахан хүүхдийн оронд өөрийгөө тавьж, хөгжилтэй байдлаар сурвал хэзээ ч шантрахгүй. Сонс, давт, бусадтай ярь, алдаа гарга, бүр болохгүй бол нэмж биеийн хэл ашигла. 

Мөн унаган хэлтэй хүмүүсийн хүрээлэлд багт, сургалтанд суу. Та тэндээс зөв, цэгцтэй мэдээллийг авна, яг л хүүхэд эцэг эхээсээ суралцдаг шиг.

-Дунд шат дээр гацчихсан хүмүүс сурч буй хэлээ төгс эзэмшихийн тулд та юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Давт, давт, дахин давт гэж хэлье. Цаг гарган суралц. Алдаа гарга, гэсэн ч шантралгүй хичээгээд бай. Эргэн тойрны бүх зүйлээ англи болго. Өөртэйгөө англиар ярь, англиар сэтгэ, гадаад найзуудтай бол, чат бич, ном унш, кино үз, хөгжим сонс. Хэл сурна гэсэн сэтгэл зүйгээр өөрийгөө сүрдүүлэхгүй эзэмшихийг урьтал болгоорой. Дахиад хэлье, алдаа гаргахаас бүү ай. 

Алдаа бол сурч буй хэлээ бүрэн эзэмшихэд хүргэх шатны гишгүүр. Долоо хоногт ганц удаа биш, чадахаараа олон цаг зориул. 

Хурдан харилцан яриаг ойлгохгүй байх нь огтоос асуудал биш, харин ч эргэн санахад тустай байдаг юм.

-Сурч буй гадаад хэлийг богино хугацаанд бүрэн эзэмшихийн тулд юу хамгийн чухал вэ?

-Хамгийн чухал нь өөрийгөө тухтай бүсээс чөлөөлөх. Ичих, эмээхээ ор тас мартан, зугаатай байдлаар сурах хэрэгтэй. Энэ нь ахиад л хүүхэд хэлд орж байгаа мэт сур гэсэн санаанд тулгуурлана.

 Хүүхдүүд үргэлж алдаа гаргадаг атлаа хэзээ ч ичиж, санаа зовдоггүй биз дээ. Энэ бол хэл сурах хамгийн чухал хүчин зүйл. Тухайлбал, та дугуй унаж сурч байна гэж бодъё. Магадгүй 9 удаа дугуйнаасаа унасан туршлагаасаа суралцан 10 дахь удаадаа унаж чаддаг болно. Энэ 9 алдаа чинь амжилтад хүргэх 9 жижиг алхам шүү дэ. Тиймээс алдаа бол хэл сурахад хамгийн чухал зүйл.

-Хэлийг бүрэн эзэмшихийн тулд орчинд нь амьдрах хэрэгтэй юу?

-Ердөө ч үгүй. Мэдээж орчинд нь байх, тухайн соёл дотор амьдрах нь их давуу тал болно. Гэхдээ бид интернетийн ачаар хил хязгааргүй ертөнцөд амьдарч байна. Сургалтын төв, ном, хөгжим, бичлэг, гадаад хүмүүстэй харилцах боломжийг багтаасан интернет гэх цогц контентийг бүрэн ашиглах хэрэгтэй. Интернет хэл сурах орчныг бүрэн орлоно.  Харин хамгийн чухал зүйл бол таны чин хүсэл эрмэлзэл.

-Олон хэлээр ярьдаг байх нь таны ажил, амьдралд ямар давуу талыг бий болгов?

-Маш олон. Түрүүн дурдсанчлан Голланд бол маш цөөн хүн ярьдаг хэл. Би зөвхөн Нидерландаар хязгаарлагдахгүй олон улсын харилцагчидтай хамтарч ажилладаг. Мөн олон төрлийн ажлыг зайнаас хийдэг.  Өөр улс оронд амьдарч үзэх, шинэ хүмүүс, шинэ соёлтой танилцах гэхчлэн цоо шинэ боломжийг нээж өгдөг. Зөвхөн санхүүгийн хувьд гэлтгүй олон гайхалтай туршлага, давуу талыг бий болгосон.

-Судалгаагаар эхний гадаад хэлийг сурсан байхад гурав дахь хэлийг сурах нь хялбар гэдэг юм билээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Мэдээж. Түрүүн дурдсанчлан нэг язгуураас салаалсан хэлийг сурахад дөхөм. Огт өөр соёлын хэл бол хэцүү. Хэрэв та хэл сурах өөрийн гэсэн арга барилаа олчихвол их хялбар байна.

-Хэлийг зугаатай байдлаар сурах өөрийн арга барилаа уншигчидтай хуваалцахгүй юу?

-Миний хэл сурсан гол арга барил бол хэлийг сурахад биш эзэмшихэд төвлөрдөг явдал. Яг л хэлд орж бүү хүүхэд мэт шинэ үгийг хамгийн түрүүнд сурдаг. Сурсан хэдэн үгсээрээ хүмүүстэй ярилцахыг оролдоно, алдаа гаргасан ч огт тоодоггүй. Миний эхний зорилго бол хүмүүсийн яриаг ойлгох, тэндээс үгийн сангаа баяжуулдаг. Харилцан яриаг ойлгодог болсон цагтаа би дүрмийг судалж эхэлдэг.

-Таны ажигласнаар монголчууд хэл сурахдаа ямар алдаа гаргадаг вэ. Үүнээс хэрхэн зайлсхийх вэ?

-Энд хүүхдүүдийг дүрмээр бөмбөгддөг юм билээ. Монголчууд дүрмээ маш сайн мэддэг атлаа хэзээ, хаана, хэрхэн хэрэглэхээ мэддэггүй. Ашиглаж мэдэхгүй бол дүрэм ямар хэрэгтэй билээ? Дүрмэнд санаа зовох хэрэггүй, зүгээр л хөгжилд.

Та ярьж байхдаа толгой дотроо дүрмээ бодоод байдаггүй биз дээ. Ярианы хэллэгэнд дүрэм төдийлөн мөрдөгддөггүй. Мөн энд унаган англи хэлтэй багш их эрэлттэй байдаг юм билээ. Сургалтын төвүүд хатуу дэг жаягтай байдгийг анзаарсан. Энэ нь англи хэлийг хөгжилтэй байдлаар сурахад саад болж байна. Сургалтын төвүүдэд хөгжилдөх, алдаа гаргах, ярилцах орчинг бий болгох хэрэгтэй. Тийм орчинд хүн биеэ барьж, өөрийгөө цэгнэхгүй чөлөөтэй ярьж, хөгжилтэй байдлаар суралцаж чадна шүү дээ. Тиймээс би Ariya англи хэлний сургалтын төв шиг цөөн анги дүүргэлттэй сургалтын төвийг санал болгоно.

-Хэл сурах тал дээр өөр та юуг зөвлөх вэ?

-Зорилгыг тань үргэлж сануулах, сэдэлжүүлэх орчинг бий болгоорой. Эргэн тойрондоо бич, утасны дэлгэц дээрээ хадгал. Хэлээ давтахгүй байх, эсвэл шантарч ухармаар санагдсан үедээ яагаад  сурах ёстойг гэдгийг тань сануулна. Түүнээс цааших гайхамшгийг хэл сурсны дараа мэдрээрэй.

-Цаг гарган өөрийн туршлагаа хуваалцсанд баярлалаа.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ