• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    163   |  
0
 

Юун түрүүнд дэлхий даяар халдварт өвчин тархаж, онц байдал зарлаад буй хүнд цаг үед сургуулиа төгссөн нийт залуустаа баяр хүргэе. Амьдралд цөөн тохиох нандин мөчүүдийн нэг бол сурагч/оюутан насаа үдэж амьдралдаа шинээр хуудас нэмэх байдаг. Сүүлийн удаа хонхны жингэнээг сонсож буй төгсөгчид арай “өөр” байдлаар салах ёс хийлээ. Ингээд 2020 онд сургуулиа төгсөж буй залуусын төлөөлөлтэй ярилцаж, тэдний сэтгэгдлийг сонссон тэмдэглэлээ хүргэе.

 
 

АНУ-д долоодугаар ангиас хойш суралцаж байна. Энд гуравдугаар сарын сүүлээс хойш хөл хорио тогтоосон. Тухайн үед хаврын амралт үргэлжлээд дөрвөн долоо хоногоор сунгагдана гэхэд миний ангидаа суух сүүлийн өдөр бас дахиж найзуудтайгаа уулзахгүй гэдгээ мэдээгүй. Ингээд хичээл, шалгалт цахимаар орж эхэлсэн. Танхимд суугаад хичээллэхээс өөр учраас хичээлийн хүртээмж, чанар өөр санагдсан.

Манай сургууль олон салбартай учраас нэгдсэн төгсөлт хийдэг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд даруухан төгсөлт болж өнгөрлөө. Сургуулийнхаа гадаа ангиараа машинд хуваагдан суугаад фм-ээ тааруулаад том дэлгэцэн дээр өөрсдийн зургаа харж өнгөрүүлсэн.

Америкт 11 дүгээр ангидаа SAT шалгалтаа өгөөд өвлөөс өмнө их сургуулиудад материалаа явуулчихсан байх ёстой учраас тэр тал дээр хүндрэл тулгараагүй.

Мөн энэ жилийн дурсамжтай үйл явдлын нэг нь манай сургуулийн волейболын баг улсын аварга шалгаруулахад оролцсон.  

Цар тахлын үеэр өөртөө болон гэрийнхэндээ цагийг түлхүү зарцуулж байна. Дасгал хийж, гүйж, төрөл бүрийн сэдвээр нийтлэл унших зэргээр үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээж байна.

Ерөнхийдөө 2020 он төсөөлөгдөшгүй үйл явдлаар дүүрэн байна. Энэ бүхнээс ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй учраас одоо байгаа цагтаа илүү анхаарч, энгийн зүйлсээс аз жаргалыг мэдэрч болдог юм шүү гэдгийг ойлголоо.

Анжела Ариунбат (Denver School of Science and Technology)

Инстаграм хаяг: @angela.ariunbat

 
 

Ковид-19 цар тахлын үед их сургуулиа төгсөх болсон явдалд давуу болон сул тал ч байлаа. Бүтэн семестрийн турш цахимаар орсон учраас багш нар, найз нөхөд болон ангийнхантайгаа уулзах боломж огт гараагүй. Дөрвөн жил сурсны эцэст оюутан насаа төгсөлтийн баяргүйгээр үдэж байгаад харамсалтай байна.

Цахим хичээл шинээр элсэн орсон эсвэл мэргэжлийн хичээлээ дөнгөж үзэж эхэлж байгаа оюутнуудад хүндрэлтэй санагдсан байж магадгүй ч, миний хувьд төгсөх курсийн сүүлийн семестр байсан учраас цөөн хичээлтэй, ачаалал багатай байлаа. Харин хичээлээ ойлгохын тулд өөрөө бие даан судлах шаардлага гарч байсан нь мэдлэгээ бататгахад их дөхөм болсон. Хичээлээ сонирхолтой зааж байсан нийт багш нартаа талархлаа илэрхийлье.  

Хүмүүсийн хэлж заншсанаар их сургуулиа төгсөөд амьдралд хөл тавина гэдэг. Цаашид үргэлжлүүлэн сурах эсвэл ажиллах гэдгээ шийдэхэд хангалттай хугацаа байгаа учраас өөрийн хүсэж буй зүйлээ тодорхойлоход анхаарч байна.

Гэртээ өнгөрүүлсэн хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, хичээлээс гадуур сонирхсон зүйлсээ судалж, мэдэхэд зарцууллаа.

Хэрэв өвчин намжвал найзуудтайгаа цагийг дурсамжтай өнгөрүүлж, төгсөлтийн баяраа нөхөж тэмдэглэх хүсэлтэй байгаа.

Дэлхий даяар тархсан халдварт өвчин намжиж, амьдрал хэвийн байдалдаа шилжээсэй. Мөн түргэн шуурхай арга хэмжээ авч, хариуцлагатай хандсан Монгол улсаараа бахархаж байна.

Т.Цэлмэг (МУИС-ОУХНУС, Олон улсын харилцаа бакалавр)

Инстаграм хаяг: @megmunkh

 
 

Би төгсөлтийн баярыг үргэлж л цэнхэр малгай дээш шидэн, дотны хүмүүсээс цэцэг авах дүр зургаар төсөөлдөг байлаа. Аав ээжийгээ Японд ирүүлэх төлөвлөгөө гаргаж, төгсөлтөөс өмнө Солонгос руу аялах виз өөртөө бэлэг болгон авчихсан байсан. Гэвч дэлхий дахиныг цочроосон коронавирус гарч, энэ бүх төлөвлөгөө цуцлагдаж, төгсөлт ч даруухан болж өнгөрлөө. 

Өмнө нь хонхны баяраа тэмдэглэж үзээгүй болохоор нэг бодлын хайран санагдсан. Төгсөлтийн баяраараа жирийн үед өмсдөг сургуулийн форм, маскаа зүүгээд, хоорондоо 1 метрийн зайтай сууж байгаад л дууссан даа. Энгийн үед төгсөгч бүрийг тайзан дээр дуудаж дипломыг нь гардуулдаг ч, энэ жил зөвхөн онц дүнтэй төгсөгчдийг дуудан бусад оюутнуудын дипломыг сандал доор уутан дотор хийчихсэн байсан. 

Гэртээ харивал хамгийн түрүүнд ээж аавдаа үнсүүлж цэцэг аваад, найзуудтайгаа хөдөө гарч хонхны баяраа нөхөж тэмдэглэнэ гэж байсан ч Японд дөрвөн сар гацаад байна. Саад бэрхшээл багагүй тулгарч байгаа ч удалгүй бүх зүйл сайхан болно гэж итгэж байна.

А. Даваажаргал (YMCA College)

Инстаграм хаяг: @dannasdoodlee

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ