• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    100   |  
0

“Бид яагаад хуримтлуулж чаддаггүй вэ” гэх сэдвээр Монгол банкны ОНБМТ-ийн эдийн засагч Д.Баттуултай ярилцлаа. Тэрбээр мөнгөний талаарх үнэ цэнэ, мөнгө хуримтлуулах арга, туршлагаасаа хуваалцсан юм.  

Зарим хүний үл ойшоосон 100 төгрөг ирээдүйн 100 саяын хадгаламжийн эхлэл болдог юм шүү

-Мөнгө таны амьдралд хэр үнэ цэнэтэй вэ?
-Юун түрүүнд мөнгө бол зорилго биш хэрэглээ гэж онцлон хэлье. Мөнгийг зорилгоо болговол тэр хүн хүн биш “бараа” болдог гэж боддог. Бараа болбол тухайн хүнийг ямар ч үнэт зүйлсээс нь салгаж, хэн ч худалдан авч чадна гэсэн үг.

Хүнд мөнгөөр сольж болшгүй, худалдаж авч чадахгүй үнэт зүйл гэж бий. Эх орон, газар шороо, аав ээж ах дүүс, өөрийн амьдралын зарчим, үзэл бодол, найз нөхөд гэх мэт. Тиймээс миний хувьд мөнгө үргэлж энэ бүхний ард байдаг. Мэдээж мөнгөгүй бол амьдрах хэцүү. Тэгэхээр мөнгө бол зорилгод хүрэхэд тодорхой хэмжээнд тусалдаг хэрэгсэл.

Мөнгө нь хүн төрөлхтний бүтээсэн оюун санааны хийсвэрлэл... Анх байгалийн бэлэн зүйл чулуу, металл, мах, мал амьтан, үр тариан хэлбэртэй байсан бол одоо бүр гараар ч барьж болохгүй цахимжсан байна. Ирээдүйд мөнгө дахин хувьссаар улам л боловсронгуй болох байх. Царайгаа таниулангуут шууд төлбөр хийгддэг гэх мэт улам хялбар болно гэж бодож байна. Тэгэхээр мөнгө бол хэлбэр дүрс нь үргэлж өөрчлөгдөж байдаг, үнэ цэнэ нь хэзээ ч буурдаггүй хүн төрөлхтний бүтээсэн салшгүй нэг арилжаа наймааны соёл, хэл юм.

-Зарим хүн мөнгийг хуримтлуулж чаддаггүй. Үрэлгэн зангаасаа ч юм уу, эсвэл цалин бага гэх шалтаг хэлдэг. Үүнд ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Юун түрүүнд мөнгөн хуримтлал үүсгэхийн тулд эхлээд мөнгийг хүндлэх ёстой гэж боддог. Надад 10 төгрөг байсан ч би яг л 20 мянган төгрөг шиг үнэ цэнэтэйгээр бодож хүндэлж ханддаг. Ажиглаад байхад хүмүүс бага дэвсгэртэд хүндэтгэлгүй хандаж базаж, урж, дээр нь юм бичдэг. Тийм ч учраас насжилт богино байдаг.

Мөнгөнд өөр өөрөөр хандаж буй нь эрх мэдэлтэй баян хүнд бялдуучилж, ядуу, эгэл жирийн хүнд дээрэнгүй хандах ялгаварласан харилцааг илтгэдэг. Баян ч, ядуу ч бай хүн бол хүн. Хүн гэдэг утгаар нь хүндлэх хэрэгтэй. Яг түүн шиг их, бага хэмжүүртэй байсан ч мөнгө бол мөнгө. Төрийн үнэт цаас шүү дээ. Хүндлэх хэрэгтэй. Ингээд мөнгийг хүндлээд эхэлбэл мөнгө дууддаг юм шиг надад санагддаг. Ер нь хуримтлалыг маш багаас эхэлдэг. Зарим хүний үл ойшоосон 100 төгрөг ирээдүйн 100 саяын хадгаламжийн эхлэл болдог юм шүү. Дуслыг хураавал далай гэдэг дээ. Хуримтлалтай болно гэдэг багаас эхлэх сэтгэл, зорилгодоо үнэнч зарчимч байх тэвчээр юм.

Монгол хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх нь чухал байна. Утасны дугаар авахын тулд 30 саяыг төлдөг хүмүүс байна, 300 саяын зээлээр машин авч унаж байна. 20-30 саяын хөөрөг барьж байна. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүний хүсэл хэзээ ч ханахгүй. 

-Цалин сайтай байсан ч санхүүгээ амьдралдаа хүргэж чадахгүй, зээл тавьдаг хүмүүс бий. Тэдэнд юу хэлэх вэ?
-Миний бодлоор хүний орлого нэмэгдэхээр хэрэглээ нь дагаад өсчихдөг. Жишээ нь жижиг машинтай болсон бол одоо түүнийгээ том машин болгодог, байраа илүү ая тухтай үнэтэй хороололд сонгодог. Ингээд орлого нэмэгдсэн ч ялгаагүй өмнөх шигээ зээлийн дарамттай, хуримтлуулах мөнгөгүй явдаг. Өндөр хөгжилтэй орнуудад тийм үнэтэй машин унахыг чухалчилдаггүй. Тэд машиныг нэг цэгээс нөгөө цэг хүргэх зориулалттай гэж бодитоор хардаг учраас тэр. Яг үүн шиг Монгол хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх нь чухал байна. Утасны дугаар авахын тулд 30 саяыг төлдөг хүмүүс байна, 300 саяын зээлээр машин авч унаж байна. 20-30 саяын хөөрөг барьж байна. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүний хүсэл хэзээ ч ханахгүй. Машинаа томсгосон ч дараагийн өөр загвар луу тэмүүлж л байдаг. Хэрвээ энэ хүслээ дагаад байвал хэзээ ч амьдралдаа сэтгэл ханахгүй том ангалд унана гэсэн үг. Тиймээс байгаадаа сэтгэл ханаж, хайртай хүмүүстээ талархаж амьдарвал амьдрал тийм ч хэцүү биш.

Бас Монголчуудын өрөнд баригддаг нэг том шалтгаан бол энэ олон баяр, наадам. Ихэнх нь зээл авч нижгэр найр хийхийг зорьдог. Яг үнэндээ бид сар болгон ямар нэг баяр тэмдэглэж байна. Бүгд ардаа их зардалтай. Баярлахдаа зээл тавин барин баярламааргүй байна. Хамгийн гунигтай нь зарим хүн өвөө, эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулаад баяр тэмдэглэдэг. Эмний мөнгөгүй болтлоо зээлэндээ бүх мөнгөө төлж байгаа гээд халаглан суух ахмадуудтай уулзаж байлаа. Уг нь тэд хийдгээ хийсэн учраас жаргаж суух учиртай биз дээ. Бид хөгшин эцэг эхийнхээ ойр зуурын хэрэглээ, эмний мөнгөөр баяр тэмдэглэж туйлж явах ёсгүй.

Хүн мэдээж өсөн дэвших хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Гэхдээ их зүйл хэрэглэж биш, бага зүйлээс сэтгэл ханамжийг авч, илүү гарсан мөнгөө хуримтлуулж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, боломжийнхоо хэрээр амьдрах нь чухал.  Хуримтлуулж чадсан бол түүнийгээ өөрт хэрэгтэй чухал зүйлсдээ зарцуулж, мөрөөдлөө шат шатаар биелүүлэх хэрэгтэй шүү дээ.  

Миний хувьд хэрэггүй зүйлд зарцуулсан мөнгөнийхөө 40 хувийг сар болгон хадгаламждаа хийх дүн болгож, жилээр хуримтлуулдаг

-Тэгвэл таны туршлагаас сонирхмоор байна?
-Миний хувьд юун түрүүнд өөрийн сарын зардлаа тооцож үздэг. Эндээс хэд нь хэрэгтэй зүйл, хэд нь хэрэггүй зүйлд зарцуулагдсаныг нарийвчлан хардаг. Үүний дараа хэрэггүй зүйлд зарцуулсан мөнгөнийхөө 40 хувийг сар болгон хадгаламждаа хийх дүн болгож, жилээр хуримтлуулдаг. Хүн бүр энэ байдлаар тооцвол хэрэггүй зардлаа багасгаж, өөрт дарамтгүй байдлаар мөнгөө хуримтлуулж сурна. Тэгээд хамгийн гол нь сахилга баттай байж л хүн мөнгөө хуримтлуулж чаддаг. Хэрэв тухайн сард хадгаламждаа хийх мөнгө чинь дутвал яг л бусдад зайлшгүй өрөө төлөх ёстой шиг хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөртөө өгөх ёстой “өрөө” төлөөрэй. Мөн хуримтлуулсан мөнгөө зорилгодоо хүрэхээс наана хэрэглэхгүй байх тэвчээрийг өөртөө суулгаарай.  Надад зорилгогүй сул мөнгө ердөө байдаггүй. Бүх мөнгө ямар нэг хэрэглээнд эсвэл шууд данснаас хугацаагүй хадгаламжид татагдах, эсвэл хуримтлал хүрээгүй зорилгын зээлийн төлбөрт явчихдаг. Тиймээс хүнд зээлэх юм уу ямар нэг зорилгогүй сул мөнгө байдаггүй. Гэхдээ хүн л юм чинь хааяа үнэтэй сайхан хоолонд орох, кино үзэх, аялах зэрэг дуртай зүйлсээ хийхэд мөнгөө зарцуулж таарна. Мэдээж зөвхөн ганц хуримтлуулахад ач холбогдол өгч амьдарвал эргээд харахад залуу нас утга учиргүй өнгөрсөн байна шүү дээ. Тиймээс эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг амьдралд сайхан алтан дундажийг барих зүгээр байдаг шүү.

-Мөнгө хуримтлуулснаар өөртөө ямар хөрөнгө оруулалтыг хийсэн бэ?
-Юун түрүүнд таны хуримтлал зорилготой байх хэрэгтэй. Жишээ нь та машин авах гэж байна гэж бодъё. Тэгвэл машиныхаа үнийг бичээд сард хуримтлуулж чадах дүндээ хуваана. Ингэснээр таны хуримтлал хийх хугацаа гарна гэсэн үг. Иймэрхүү ажил хэрэгч байдлаар зорилгодоо хандвал биелэх магадлал нь төдий чинээ ихэсдэг. Бид зээлийг цаг тухайд нь нэмэлт хүүтэй төлдөг хэрнээ хадгаламжийг ягштал хийж чаддаггүй. Энэ нь бидний алдаа. Хадгаламж нээчихвэл банк таны мөнгөнд хүү төлж мөнгө чинь бас давхар арвижна шүү дээ. Миний хувьд байрны урьдчилгаагаа, машиныхаа тал мөнгөө энэ зарчмаар хуримтлуулж хийсэн. Өөр олон жижиг зорилгодоо энэ байдлаар хүрсэн. Мэдээж надад зээл байдаг. Зээл огт авахгүй амьдрах хэцүү л дээ. Гэхдээ зээлийг маш тооцоотой авах хэрэгтэй. Дахин хэлэе тооцоотой. Сэтгэл хөөрлөөр болно гээд зээл авдаг, дараа нь зээлийн дарамтанд орсон хүмүүс маш их байдаг. Бид хэрэгтэй зүйлийнхээ өртгийн ядаж талыг нь ч атугай хуримтлуулбал бидний зардал улам л багасна. Тэгэхээр хуримтлал маш чухал.

Юун түрүүнд зорилготой тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн жил болон ирээдүйд танд зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаарай 

-Тэвчээртэйгээр хуримтлуулах аргуудаас хуваалцахгүй юу?
-Юун түрүүнд зорилготой тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн жил болон ирээдүйд танд зайлшгүй шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаарай. Дараа нь түүнийгээ эрэмбэлнэ. Гурван жилийн дараа хүссэн машинаа авна гэж бодвол одооноос сард хэдэн төгрөг хуримтлуулах шаардлагатайг тооцно. Харин хоёр сарын дараа мэргэшүүлэх сургалтын төлбөрт 500 мянган төгрөг төлнө гэсэн зорилготой бол түрүүлж хэрэгжүүлнэ. 500 мянгыг хоёр сард хуримтлуулна гэж тооцвол сард 250 мянган төгрөг. Өдөрт ойролцоогоор 8,500 төгрөг цааш нь хийнэ гэсэн үг. Энэ нь үнэндээ нэг удаагийн хоолны мөнгө юм. Хэрэв та илүүдэл жинтэй бол орой хоол идэхээ зогсоож, тараг ууж хоолны мөнгөө “цааш нь хийж” болно. Тэгвэл зорилгоо ч биелүүлж, илүүдэл жингээсээ ч сална. За наргиа шүү /инээв/. Энэ мэтээр хүн амьдралдаа зарчимч бас зорилгынхоо төлөө тэвчдэг байх л чухал.

-Таны хувьд өнөөдөр мөнгө хуримтлуулаагүй бол?
-Мөнгө хуримтлуулаагүй бол би зарим сайхан боломжоо алдах байсан. Би тамхи, архи огт хэрэглэдэггүй. Буруу зуршилтай хүмүүсийн зардал маш их. Жишээ нь:  Зарим хүн сард тамхинд 300 мянган төгрөгөөс ихийг зарцуулдаг. Тэгэхээр жилд 3,6 сая, хоёр жилд 7,2 сая, гурван жилд 11 сая төгрөг болох нь. Хэрвээ хуримтлуулсан бол гурван жилийн дараа машиныг ямар ч зээлгүйгээр авч болохоор байна шүү дээ. Гэвч ийм их мөнгөөр бид эрүүл мэндээ хордуулдаг. Бүтэн жилээр энэ мэт үргүй зардлаа тооцвол бид хэчнээн их мөнгийг сая саяар нь хуримтлуулж чадах байснаа харна. Архи, тамхигүйгээр хүн стрессгүй, эрч хүчээр дүүрэн амьдарч болдог. Энэ их мөнгөөр бассейнд сэлэх, дугуй унах, фитнессд явах, аялал хийх гэх мэт өөрт хэрэгтэй олон зүйлд зарцуулж болно. Тиймээс мөнгийг үргэлж идэж ууж, зугаа цэнгэлд биш өөрт хөрөнгө оруулалт болох зүйлд зарцуулаарай.

Нэг удаа дэлгүүр явж байгаад санаандгүйгээр онцгүй дүр зургийг харсан. Хүүхэд нь тараг авая гэхэд аав нь мөнгөгүй гээд авч өгөөгүй хэрнээ өөрөө хайрцаг тамхи аваад гарсан. Тамхины оронд хүүхдэдээ тараг авч өгсөн бол гэж их харамссан. Бид өөрийн аз жаргалын төлөө бусдын аз жаргалыг хулгайлж болохгүй. Тамхинаас гараад энэ мөнгөөрөө хүүхдээ англи хэлний күрсэд сургаж болно. Энэ зэргээр гоё гэгээлэг хүсэл тэмүүлэлтэй амьдрах нь чухал.

-Мөнгөн хуримтлалгүй хүн таныхаар?
-Мэдээж Монголд ихэнх хүн хэрэглээний зээлтэй, тодорхой хэмжээнд зээлийн хамааралд орчихсон, хуримтлал хийж чаддаггүй. Гэвч эсрэгээрээ бид мөнгөө хадгалсан бол өмнө ямар их боломж байгааг харна. Хуримтлалгүй хүмүүс нь ихэвчлэн гэнэт тулгаж өндөр хүүтэй зээл авч өөрийн зардлыг улам нэмэгдүүлж, зээлийн дарамтад орсон байдаг. Тэгээд л хэдэн жилээр өндөр хүү төлөөд өөрийгөө эрсдэлтэй байдалд оруулдаг. Хэрвээ жаахан ч гэсэн хуримтлал хийсэн бол энэ бүх зардал хэд дахин багасах байсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хүний амьдралд гэнэтийн зүйл их тохиолддог. Ажлаас халагдах, өвдөж зовох, гэнэт өр төлбөрт унах гэх мэт. Хэрвээ хуримтлалтай бол энэ эрсдэлүүдийн хүндрэл илүү бага тусна. Огт хуримтлалгүй бол хамраараа газар хатгана. Тиймээс хүн бүр өөрийн чадлаараа хуримтлалтай болох нь чухал. Эцэст нь надад ч гэсэн хуримтлалгүй, зорилгоо биелүүлж чадахгүй үеүд гардаг. Гэвч би аль болох шантрахгүйг хичээж өнөөдрийн хүссэн зүйлээ ирээдүйд авахын тулд 100 төгрөг байсан ч зөв зүйлд зарцуулж, хуримтлуулахыг зорьдог. Бид бүгдэд боломж бий. Гагцхүү хэрэггүй зардлаа багасгаснаар асар их боломжид хүрнэ шүү гэдгийг онцолж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ