• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    71   |  
0
 

“17-р зууны Монголын хот суурин” төслийн хүрээнд 2013-2018 онд Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг зургаан жилийн цогц малтлага судалгаа явуулж нэрт соён гэгээрүүлэгч, Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийд буюу Номын их хүрээг нээн илрүүлжээ. Хийдээс илэрсэн шашин шүтлэгийн холбоотой 10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг өнөөдрөөс эхлэн Үндэсний түүхийн музейд дэлгэх гэж байна. Үзэсгэлэн гурван сарын турш үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй байх юм. Академич С.Чулуунтай тус малтлага судалгааны талаар ярилцлаа.  

-Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийд буюу Номын их хүрээг танай төслийн баг нээн илрүүлжээ. Энэ ажлыг эхлүүлэх болсон талаараа ярихгүй юу? 

 
 
 

-Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс (тухайн үеийн нэрээр Түүхийн хүрээлэн) 2013 оноос эхлэн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны Сарьдагийн хийд хэмээх газар малтлага судалгаа явуулсан. Энэ малтлага судалгааны гол обьект нь Өндөр гэгээн Занабазартай нэр уялдаж аман түүхэнд дурсагдаж ирсэн. Гэхдээ яг судалгааны үр дүнгээр бол баталсан зүйл байхгүй байсан. Хээрийн судалгааны үндэсний багт давхардсан тоогоор 100 орчим хүн 210 хоногийн турш зуны халуун, намрын сэрүүн,  хаврын хавсаргатайд ажилласан.

Ерөнхийдөө байгаль газар зүйн нөхцөл байдал, малтлага судалгааны түвшин зэрэг энэ бүгдээс харахад Сарьдагийн хийдийн малтлага бол Монгол Улсын археологийн түүхэнд хамгийн их хүч чавхцан, хүн хүч шаардсан үндэсний томоохон хэмжээний экспедиц байсан юм.  Энэ удаагийн малтлагаар дараах үр дүн гарсан. 

Нэгдүгээрт, Өндөр гэгээн Занабазартай холбогдож ирсэн энэхүү хуучин хотын туурь нь 1654-1686 оны хооронд 32 жилийн турш байгуулсан Риву гэжай гандан шадүвлин буюу Номын их хүрээ гэсэн хийд мөн болохыг тогтоосон.  

Хоёрдугаарт, Өндөр гэгээний өөрийн урлагийн гол бүтээлүүд болох язгуурын таван бурхан, гурван цагийн бурхан, мөн бусад эд зүйлс олдсон. Эдгээр олдворууд Зая Бандидын бичсэн Өндөр гэгээний намтарт үлдээсэн тэмдэглэлтэй яг таардаг. Олдсон эд зүйлсийн 60-70 хувь нь шавар болон язгуурын бурхад. 

Гуравдугаарт, Шавар урлал, уран барилга, модон эдлэл, зэр зэвсэг, сэргээн засварлалт бүхий л талаас нь судлах ажилд залуу судлаачид ажиллаж, чиглэл чиглэлээр эрдэм судалгааны ажил хийж байгаа. Өөрөөр хэлбэл тэд малтлага судалгааны хажуугаар Монголын соёлын өвийн тодорхой чиглэлүүдээр мэргэшиж чадсан гэсэн үг.

 
 
 

Дөрөвдүгээрт, Сарьдгийн хийдийн барилгын бүтэц зохион байгуулалтыг бүрэн тодорхойлж чадсан. Энэ хийд нь хэдийгээр түвэд барилгын ул суурьтай боловч монгол уламжлалт архитекторын шийдлийг шингээж өгснөөрөө ихээхэн онцлогтой. Нийт 9 барилга, 3 хэрэм, 3 суварга шаталсан бүтэц зохион байгуулалттай хийд болохыг тодорхойлсон. 

Тавдугаарт, Өндөр гэгээний уран бүтээлийн төрлийг олшруулж байна.

Тэрээр зөвхөн бүтээгч биш керамик буюу шавар урлал, уран барилгын төлөөлөгч. Малтлагаар Өндөр гэгээний уран барилгад оруулсан хувь нэмэр, мөн зөвхөн Халхын хутагт байгаагүй, дэлхийн улс орнуудтай харилцаж байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс олдсон. XV-XVI зууны үед Европчуудын хэрэглэж байсан нарны цаг, Орос буу, Энэтхэгийн Моголын эзэнт гүрний үеийн зоос, Балба зоос, Хятадын Мин улсын ваар сав, шаазан аяга зэрэг байна. Энэ бүхэн нь Өндөр гэгээн тухайн үеийн Евроазийн бүс нутагт олон улс орнуудтай харилцаж байсныг гэрчлэх баримт юм.  

Зургаадугаарт, Сарьдагийн хийдийн малтлагаа судалгааг археологи, аман түүх, бичгийн сурвалж, Монголд ирсэн жуулчид болон элч нарын тэмдэглэл гээд түүхийг судлахад шаардлагатай бүх эх сурвалжуудыг хамтад нь судалснаар илүү тодорхой дүгнэлтүүдийг хийх боломж бүрдсэн. Мөн Монголын түүхийн бүхий л мэдээ баримтыг цогцоор нь судлах үндэслэл болж байгаа юм. Энэ ч утгаараа Сарьдагийн хийдийн малтлага судалгаа ихээхэн үр дүнтэй.

Төгсгөлд нь онцолж хэлэхэд өнөөгийн Улаанбаатарын үүсэл 1639 оноос эхтэй. Ширээт цагаан нуур, Хүн чулууны хонхорт иртлээ 20 гаруй удаа нүүсэн түүхтэй. Энэ их нүүдлийн дотор хот байгуулалтыг бий болгож үлдээсэн цорын ганц газар бол Сарьдагийн хийд. Бусад нь зөвхөн орд өргөө байсан учраас байнга нүүж явна. Тиймээс Сарьдагийн хийдийг Улаанбаатарын нэг үүсэлтэй холбож ойлгож болно.  

 
 
Сарьдагийн хийдийн 3D хувилбар
 

-Өндөр гэгээн Занабазарыг Монголын анхдугаар богд, төр, шашин, нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч гэдгээр нь бид мэднэ. Тэгвэл түүнийг тодорхойлох бас нэгэн шинэ тодорхойлолт нэмэгдэж байна, зөв үү?  

-Өндөр гэгээн Занабазар бол хөөмөл урлалаас гадна керамик буюу шавар барималын сонгодог төлөөлөгч. Уран барилгын төлөөлөгч, зураасан зургийн төлөөлөгч. Энэ мэтээр дэлхий дахинтай харилцаж байсан Азийн жинхэнэ Микеланжело гэдгийг харуулах түүний урлагийн бүтээлүүд нээгдсээр байна. Өмнө нь зөвхөн хөөмөл урлагийн гайхамшгийг ярьдаг байсан бол өнөөдөр Монголын урлагийн салбарт шинэчлэл хийсэн хүнээр тодорхойлогдож байна. Тухайн үеийн барилгуудыг хэдийгээр төвд хийцээр барьж байсан боловч доторх бүтэц зохион байгуулалтын хувьд монгол гэрийн хэв маягийг шингээж өгснөөрөө онцлог. Энэ бүхэн нь Өндөр гэгээнийг яах аргагүй Азийн Микеланжело байсныг  нотолно.

Одоогоос 300 гаруй жилийн өмнө амьдарч байсан Өндөр гэгээн 80 гаруй наслахдаа амьдралынхаа 40 орчим жилийг Монголд өнгөрүүлсэн. Үүний 30 гаруй жилд нь уран бүтээлээ туурвижээ. Түүний уран бүтээлийн ордон бол Сарьдагийн хийд. Харин Төвхөн хийд бол бясалгалын бүтээлийн ордон. Өнөөдрийг хүртэл Сарьдагийн хийдийг илрүүлээгүй байсан учраас хүмүүс Төвхөн хийдийг Өндөр гэгээний бүтээлийн ордон гэж ойлгосоор ирсэн.

 
 
 

-Малтлагын явцад ямар бэрхшээл тохиолдож байв?

-Хамгийн том бэрхшээл бол аюулгүй байдал байсан. Тэр эзэнгүй Тайгад хааш хаашаагаа 40 километрийн радиуст хуучин барилгын туурин дээр залуучуудыг ажиллуулах нь тийм ч амар байгаагүй. Цөөнгүй залуус бэртэж гэмтэх тохиолдол гарч байсан. Тэгсэн ч бид ямар ч саад бэрхшээлийг ажралгүй өнөөдрийг хүрсэн. Тухайлбал, наймдугаар сард нэвсийтэл цас орчихно. Хуучин дарагдсан том хийд, чулуун доороос 3-4 метрийн гүнээс олдворуудыг гаргаж ирнэ. Тэр нь битүү цэвдэгэн дотор байна. Ийм хүнд экспедицүүд байсан. Миний хувьд бүтэн нойртой хоносон шөнө алга. Байнгын санаа зовоостой. Мориор очно. Зарим тохиолдолд онгоцоор очно. Машиныг бодвол онгоц хамаагүй шуурхай бас хурдан. 

Бидэнд хангалттай санхүүжилт байгаагүй. Өөрсдийнхөө цалингаар л ажилласан. Нийслэлээс 2015, 2016 онд хоёр удаа тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь маш их түлхэц болсон. Өөр ямар нэгэн дэмжлэг аваагүй.

Бэрхшээлээс гадна эд өлгийн зүйлс асар их бутарч гэмтсэн учраас сэргээн засварлахад их цаг хугацаа зарцуулсан. Манай лабораторийн мэргэжилтнүүд чадах чинээгээрээ сайн ажилласан. Залуучууд маань ч судалгааны бүхий л чиглэлд идэвхи чармайлт гаргасан. Зарим нь магистр, докторын ажлаа хийж байх жишээтэй. Бид бүх судалгааныхаа чиглэлээр нэгтгэсэн номоо гаргаад байна. Үзэсгэлэнгийн үеэр дэлгэнэ.

 
 
 

-32 жилийн турш бүтээсэн Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтын онцлог юу байв?

-Хот байгуулалтын бүтэц зохион байгуулалт нь хот мандлын буюу буддын гүн ухааны ул суурь ойлголтон дээр суурилж зохион байгуулсан байдаг. Сүм болгон өөрийн чиглэлтэй байсан гэж харж байгаа. Бусад газар малтлага хийгээгүй байгаа учраас яг цав тодорхой хэлэх боломжгүй. Тус газрын аравны нэгд нь малтлага хийсэн.

Сарьдагийн хийдийг олон жилийн турш түвэд уран барималчид, барилгачдын хүчийг ашиглан бүтээсэн. Бүтээн байгуулалтын хувьд нүсэр чулуун хана хэрэм тусгайлан зассан чулуугаар 4 гарам метрийн өндөр чулуун хэрэм байгуулсан. Барилга дунд байрлах Голын сүм нь ойролцоогоор гурван давхар байшинтай дүйцэхүйц өндөртэй, харин хоймор хэсэгт нь байрлах язгуурын гурван бурхныг  7-8 метрийн өндөртэй  байсан болов уу гэж тооцоолсон. Бутарч унасан деталь хэсгээс нь дээж авч, хэмжилт хийн өндрийг нь тодорхойлсон. Хоймрын нэг бурхны метр 20 см-ийн хэмжээтэй хөлийн ул олдсон. Энэ бүгд үнэхээр нүсэр бүтээн байгуулалт явагдаж байсныг гэрчилнэ. Мөн түүнчлэн XVII зууны Монголын нүүдэлчдийн ертөнцөд бүтээгдсэн нэгэн томоохон шашин, соёлын төв байсныг гэрчилж байгаа юм.

Хэдийгээр түвэд хийцээр барьсан боловч дотоод зохион байгуулалт бүтэц нь монгол гэрийн хэв маягийг агуулсан хийцтэй. Судалгааны явцад тооно болон монгол хийц, хээ хуартай багана зэрэг эд өлгийн зүйлс гарсан. Монгол гэрийг судлахад хамгийн эртний тооно байж магадгүй. Үүнээс өмнө бодитой олдсон тохиолдол гараагүй.

Малтлага судалгааны дараа энэ бүх бутарсан, хагарсан, нурсан, шатсан зүйлсийг манай Түүхийн хүрээлэнгийн археологийн лабораторид болон БНСУ-д сэргээн засварласан. Герман улсад олдворын нас тогтоох шинжилгээ хийсэн. Нас тогтоох шинжилгээний дүн бичгийн эх сурвалжтай таарч байгаа. Япон улсаас эрдэмтэд ирж олдворуудын 3D план зурагнуудыг хийсэн. 

 
 
 

-Сарьдагийн хийд 2013 он хүртэл яагаад судлагдсангүй вэ?

-1910-1920 онд туршилт судалгаанууд хийгдэж байсан. 1990-ээд онд хагас өдрийн судалгаа хийгдсэн. 2013 он хүртэл огт судлагдаагүй нь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, үндэсний экспедиц их хэмжээний зардал гаргах бололцоогүй, хоёрдугаарт, байгаль, газар зүйн хувьд бартаатай газар нутагт оршдог. Зөвхөн мориор явна. Эсвэл онгоцоор эд өлгийн зүйлсээ татна. Гуравдугаарт XIII, XIV зуунаас XVII зуун хүртэл тусгайлан дагнасан археологийн судалгаа Монголд хийгдээгүй. Тийм учраас манай Үндэсний шинжилгээний баг 2013 оноос “17-р зууны Монголын хот суурин” төслийн  судалгааныхаа эхлэлийг тавьсан юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ