Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас өнгөрөгч онд 251 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулснаас 24,4 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлжээ. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 134 хэргийн 30,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32,2 хувиар өссөн үзүүлэлт аж.
Тус аймагт орон нутгийн онцлогтой холбоотой залилангийн хэргүүд ихээр гарах болжээ. Тухайлбал "Нүүрс гаргаж өгнө", "Вагонд тавиулж өгнө", "Жонш тавьж өгнө", "Буулгах талбай түрээслүүлнэ" гэх зэргээр иргэдийг төөрөгдүүлж залилах тохиолдол ихэсжээ.
Уг төрлийн гэмт хэрэг өсөж байгаагийн шалтгаан нь ард иргэд бусдад итгэмтгий, аливаа мэдээллийг шалгаж хянадаггүй, банкны нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулснаар энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгаа гэж хууль хяналтын байгууллагаас дүгнэжээ. Тус төрлийн гэмт хэрэг орон нутгийн зарын групп дээр "Буцаан олголтгүйгээр зээл олгоно" мөн телеграмм апп-аар даалгавар биелүүлээд мөнгө олох боломжтой гэх байдлаар гэмт хэргийн хохирогч болж байгаа гэнэ.