• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    107   |  
0

Энэ удаагийн нийтлэлээр тэтгэлэгт хамрагдахыг хүссэн залуустаа анхаарвал зохистой зүйлсийн талаар хүргэе.

Хэрэв та тэтгэлэгт хамрагдаж гадаадад сурахаар шийдсэн бол доорх АЛДААГ гаргаж болохгүй.

  • Тусгайлан цаг зав, хичээл зүтгэл гаргахгүй байх. 
  • Богино хугацааны үр дүн, амжилт хүлээх.
  • Сэтгэлээр унаж, гутрах, зорилгоосоо няцах.
  • Хэт бэлэнчлэх. Интернет гэж мэдээллийн асар том уул уурхай байхад заавал хэн нэгний алхам тутмыг тань заах заавар зөвлөгөө хүлээж суух. Мэдээж бусдаас зөвлөгөө авах хэрэгтэй ч алхам бүрээ заалгуулах нь үр өгөөжгүй.
  • Зөвхөн нэг боломж, сонголтод найдах.
  • Цагийн менежментгүй, төлөвлөгөөгүй байх.

 

Гадаад хэл сурахыг зорилгоо болго

Хэлгүй бол таны тэтгэлэг авах магадлал 0 хувь. Гадаадад суралцахыг, ажиллаж амьдрахыг хүсдэг хүмүүсийн хамгийн нэгдүгээр зорилго нь хэл сурах байх хэрэгтэй. Дэлхий ертөнцийг таньж мэдэн, амьдралын суурь ухагдахууныг ойлгох, сонгосон мэргэжилдээ эзэн болохын гол түлхүүр бол хэл сурах. Хэл сурснаар танд гайхалтай боломжууд үүснэ. Ялангуяа англи хэлийг эхлэн эзэмшихэд гэмгүй. Нэгэнт зорилгоо болгосон бол түүндээ цаг хугацаа, хичээл зүтгэл харамгүй гаргаж байж хүрнэ. Сургалт дамжаа, бие дааж сурах, кино үзэж, хөгжим сонсох зэргээр өөрт тохиромжтой аргыг олтлоо бүх аргуудыг турших хэрэгтэй. Аливаа мэдлэгийг олж авах зам амар хялбар байдаггүй учир богино хугацаанд өндөр үр дүн хүлээх хэрэггүй. Гол нь тууштай бай. Найз нөхөд, гэр бүлтэйгээ цэнгэн хөгжилдөх цаг хугацаагаа ч золиосло. Алсдаа өөрт үр ашигтай сонголт аль нь вэ гэдгийг бодож амьдралын эрэмбээ дахин гаргаарай.

Өөрийн авьяасаа нээж, арчлан торд

Хоол хийх, зураг зурах, төсөл боловсруулах, тоо бодох, юм бичих, дуу бүжиг, зохион бүтээх гэх мэт танд заавал нэг чаддаг зүйл байх ёстой. Түүнийгээ олж нээхийн тулд юм бүрийг л оролдож үзэх хэрэгтэй. Юунд ч авьяасгүй юм шиг санагдаж, сэтгэлээр унах үе гарна. Гэвч тэр бол үнэн биш бөгөөд гутрах, яарах хэрэггүй. Зүгээр л тууштай бай. Харин өөрийн чаддаг зүйлээ олсон цагаас эхлэн түүнийгээ хөгжүүлж, дурлаж, тухайн зүйлийг гартаа оруулж, мэргэшихэд анхаараарай. Тухайн авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд аль оронд очиж сурах нь илүү үр өгөөжтэйг уншиж судал.

Тэтгэлгүүдийн талаарх мэдээлэл цуглуул

Ихэнх өндөр хөгжилтэй, баян орнууд гуравдагч орны иргэдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөртэй байдаг. Мөн их сургуулиуд, хувийн сан, компаниуд амьдралын боломж тааруу, сурах эрмэлзэлтэй залууст санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр санал болгодог. Сонгосон мэргэжлийнхээ дагуу сурахыг хүссэн газарт тань ямар тэтгэлгүүд байдгийг уншиж судлаад, хамрагдаж байсан хүмүүсээс зөвлөгөө аваарай. Мөн бүрдүүлэх бичиг баримт, хийх ёстой зүйлсийн жагсаалтыг эртнээс цуглуул. Ерөнхийдөө ихэнх тэтгэлэг, сургуулиуд ижил төрлийн бичиг баримт шаарддаг тул өөртөө бааз үүсгээд найдвартай газар хадгалаарай.

Мөн зөвхөн нэг боломжид найдах хэрэггүй. Давхар олон сургууль, олон тэтгэлэг хөтөлбөрт материалаа явуул. Нэгэнд нь тэнцээгүй байлаа гэхэд өөр нэгэнд нь тэнцэнэ. Бүр тэнцэхгүй байлаа гэхэд ч тэтгэлгийн үйл явцын талаар мэдлэгтэй болж дараа жил илүү давуу өрсөлдөгч болох, цаг хугацааг хэмнэхэд тустай.

Монгол Улсын иргэдэд нээлттэй олон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн зарыг эндээс шалгаарай.

https://mecss.gov.mn/category/50/

Сурах төлөвлөгөөгөө сайн бич

Тэтгэлэг авах гэж буй хүн бүрийн заавал бичдэг зүйл бол сурах төлөвлөгөө (Study Plan). Сонгогдох эсэх тань ч бас үүнээс ихээхэн хамаарна. Бусдын бичсэнээс үлгэрлэн өөрийн онцлогтоо тааруулж сурах төлөвлөгөөгөө сайн бичиж сур. Эхлээд тухайн тэтгэлэгт хөтөлбөрийн зорилгыг сайн судлаад, түүнтэй нь уялдсан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Жишээ нь засгийн газрын тэтгэлэгт хамрагдах бол тус улсын түүх, соёлд дуртай, түүнээс нь суралцаж, түгээх хүсэлтэй мөн Монголдоо буцаж ирээд сонгосон мэргэжлээрээ ажиллана, хоёр орны гүүр болно гэх мэтээр бичээрэй. Харин аль нэгэн байгууллагын тэтгэлэг авч буй нөхцөлд суралцах хугацаандаа мөн төгссөн хойноо тухайн байгууллагад хэрхэн хувь нэмрээ оруулахаа дурдах хэрэгтэй.

Дараах зүйлсийг заавал багтаах.

  • Ямар мэргэжлээр сурах болон яагаад тухайн мэргэжлийг сонгосон эсэх
  • Яагаад тухайн улсын тус сургуульд сурахаар сонгосон шалтгаан
  • Тухайн сонгосон мэргэжил тань урт хугацааны зорилгод хэрхэн нөлөөлөх талаар
  • Хэрэв докторын зэрэгт горилж судалгаа хийх бол ямар судалгааны аргууд ашиглах гэх мэт.

Зарим улсын тэтгэлгийн сурах төлөвлөгөө асуулттай байдаг. Энэ тохиолдолд тухайн асуултын гол үгийг нь олоод аль болох өөрийн үгээр сонирхолтой байдлаар хариулахыг хичээгээрэй.

Амжилт хүсье!

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ