• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    154   |  
0

Тэртээ 2012 онд Америкийн их сургуульд сурах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн “TOEFL”-ийн шалгалт өгч билээ. Энэ удаа Магистрт сурах цаг болж “IELTS”-ийн шалгалт өгөх хэрэгтэй болов. Долоон жилийн өмнө “TOEFL”-ийн 120 онооноос 95 авч байсан бол, энэ хугацаанд англи хэл маань сайжирч, анх удаа“IELTS” өгсөн боловч нийт авах есөн онооноос наймыг нь авлаа. Тиймээс шалгалт өгөхөөр бэлдэж буй ижил зорилготой залуучууддаа зориулан өөрийн туршлагаас хуваалцаж байна.

1. Шалгалт өгөх өдрөө нарийн төлөвлөх

“IELTS”-ийн оноо 2 жил хүчинтэй байдаг. Тиймээс сургуульд явах хугацаагаа төлөвлөж оноогоо авсан байх шаардлагатай. Миний хувьд бичиг баримтаа өвөл бэлдэж дуусгах төлөвлөгөөтэй тул “IELTS”-ийн шалгалтаа намар өгч, оноогоо авах хэрэгтэй байв.

Ийнхүү хавар цаг байсан ч шалгалтаа аравдугаар сард өгөхөөр бүртгүүлэв. Энэ нь нэг талаас хувь хувьсгалын ажлаа эртнээс зохицуулах, хувийн бэлтгэлээ базаах хангалттай хугацааг надад өгсөн бол нөгөө талаас шаардлагатай тохиолдолд дахин “IELTS” өгөх хангалттай хугацааг олгосон юм.

2. “IELTS” өгсөн хүмүүстэй уулзах

Найзууд дунд сүүлийн нэг жилд “IELTS”-ийн шалгалт өгсөн хэд хэдэн хүн байсан юм. Шалгалт өгөхөд ямар байсан, юун дээр алдсан талаар тэднээс асуух нь хэрэгцээтэй бодит туршлага байв.

Мөн хүмүүсийн хэрхэн бэлдсэнийг лавлаж, дахин өгөх бол юун дээр анхаарах талаар олж мэдэх, харилцан туслалцах нь шалгалтаас сүрдэх байдлыг эрс бууруулж, сэтгэлзүйн бэлтгэлд томоохон ач холбогдолтой байсан билээ.

3. Англи хэлээ дандаа ашигла

“IELTS”-ийн шалгалт сонсох, унших, ярих, бичих гэсэн дөрвөн чадварыг сорьдог. Миний хүлээн авдаг мэдээлэл, энтертайментын дийлэнх хувь нь аль хэдийнэ англи дээр байсан тул англиар сонсох, уншихад түүртэх зүйлгүй байв. Өөрөөр хэлбэл англи хэл амьдралын маань нэг хэсэг болсон тул уг хэлээр шалгалт өгөхөд тийм ч бэрхшээлтэй байгаагүй.

Гэвч сайн англи хэлтэй хүмүүс ч “IELTS”-ийн тааруухан үнэлгээ авах нь түгээмэл. Учир нь энэ шалгалт бидний мэдлэгийг тодорхой системийн хүрээнд шалгаж буй юм. Үүн дээр нэмээд англиар ярих, бичих зэргийг Монголын нөхцөлд давтах боломж хомс тул эдгээр чадварыг илүүтэй бэлдэх хэрэгтэй байжээ.

4. Сургалтад явах

Хүссэн оноогоо авч чадсан найзуудтай уулзахад бүгд л “IELTS”-ийн ямар нэг сургалтад явсан байв. Англи хэлний мэдлэг чухал боловч түүнийгээ “IELTS”-ийн шалгалтад зориулан илэрхийлэх арга техникийг сурах нь түүнээс илүү үнэ цэнэтэй байлаа. 

Би ч найзуудынхаа жишгийг дагаж, шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн “ESP” төвийн дөрвөн долоо хоногийн сургалтад бүртгүүлсэн юм. Ажлын дөрвөн өдөр оройгоор хичээлд суухад чөлөөт цаггүй болсон ч миний хувьд хувиараа бэлдэхээс илүү үр бүтээлтэй байсан. Тиймээс зорилго нэгт та бүхэндээ “IELTS”-ийн багштай хийсэн ярилцлагаа хүргэсэн билээ. 

5. Эрт унтаж эрт босох ашигтай

Ажлын дараа “IELTS”-ийн сургалтад явахад багагүй ачаалал өгч байв. Үдшийн 09.00 цаг өнгөрөөн гэртээ харьж, 10.00 цагт зөнгөөрөө нүд анилдаж, орондоо ордог шинэ “заншил”-д суралцав. Гэтэл энэ нь шалгалт өгөхөд гэнэтийн давуу тал болсон юм.

Эрт унтахын давуу тал нь эрт босох. 10.00 цагт багтаж унтсан бол өглөө 06.00 цагт төвөггүй сэрдэг болов. Ажилдаа гарахын өмнө өглөөний цайгаа тухтай уух, гэрийн даалгавраа хийх шинэ цагийг өөртөө бий болгосон. 

Бас нэг давуу тал нь “IELTS”-ийн шалгалт өглөө эхэлдэг. Шөнө нь хангалттай амарч, өглөө нь эрт босож дадсан тул шалгалт авах газраа ердийн өдрөөс ялгаагүй тайван сэтгэлзүйн бэлтгэлтэй очсон.

 

6. Ярианы шалгалтын огноогоо дахин дахин шалга!

“IELTS”-ийн шалгалтын ярианы хэсэг бусад гурван хэсгээсээ өөр өдөр болдог. Харин ярианы шалгалтын огноог шалгалтын долоо хоног хүртэл зарладаггүй байна. Тиймээс шалгалт өгөх өдрөө бүртгэлийн вэб хуудсаар тогтмол нягталж байх нь нэн чухал юм.

Миний хувьд ярианы шалгалтын өдрөө аймшигтай алдааг гаргасан бөгөөд “ESP” төвөөс дуудлага ирэхэд ажлаа яаралтай орхин гарч, түгжрэлийг туулж, сандралын байдалтайгаар шалгалтаа өгсөн хөгтэй явдал тохиосон юм. 

7. Цаасан тест дөхөмтэй санагдав

Хүсч байсан гүйцэтгэлдээ хүрээгүй “TOEFL”-ийн шалгалтаа эргэн дурсахад компьютер дээр ажиллах нь багагүй сандаргажээ. Хэдий компьютер дээр бичихэд гар чилэх, бичгийн хэв танигдахгүй байх зэрэг асуудалгүй боловч шалгалтын программтай харьцах, хайж байгаа зүйлээ шуурхай олох нь стрессийг нэмэгдүүлж байсан юм.

Танихгүй компьютертэй харьцахад түвэгтэй. Цаасыг гүйлгэн унших хурд, хүссэн зүйлээ тэмдэглэн сараачих боломж юутай ч зүйрлэшгүй бөгөөд энэ нь миний хурдыг нэмэгдүүлж, харьцангуй бага сандаргаж байв.

8. Илүү их бичих хэрэгтэй...

Эссэ бичих хэсэг дээр би хамгийн бага оноо авчээ. Бичих бүлэг хоёрхон даалгавартай боловч авхаалж самбаа, түргэн сэтгэх, бичих дадлыг энэ хэсэг шаарддаг.

Компьютер дээр шивж дассан, үзэг ховорхон барьдаг хүний хувьд бичгийн хэвдээ санаа зовних, гар чилэх, хангалттай хурдан бичихгүй байх асуудлууд стресстүүлж байв. Хэрэв эссэ бичих дасгалыг өдөр бүр хийсэн бол энэ асуудлыг хялбархан давж, илүү өндөр оноо авах байсан болов уу.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ