A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 110 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 110 | |
|
Тод Пилипсийн найруулж, Хоакин Финиксийн гол дүрд нь тоглосон "Жокер" кино энэ оны есдүгээр сард анх дэлгэцнээ гарсан билээ. Бэтмэн комиксийн эсрэг дүр болох Жокерийн олон хувилбар байдаг ч энэ удаагийнх анхны бие даасан кино гэдгээрээ онцлог бөгөөд арай өөр дүрийг гаргажээ.
Киноны тухай товч өгүүлье…
“Гол дүр болох Артур Флек нь сэтгэл хөдлөлөө инээдээр илэрхийлдэг сэтгэцийн өвчтэй бөгөөд өвчнөөсөө болоод бусадтай харьцаж, бусдад өөрийгөө ойлгуулахдаа маруухан. Мөн л сэтгэцийн өвчтэй ээжийгээ асарч амьдрах бөгөөд алиалагч хийж амьдралаа залгуулдаг байв. Найз нөхөдгүй, ганцаардмал хэдий ч сайхан сэтгэлтэй, бусдыг энэрдэг нэгэн. Гэвч санаатай, санаандгүй байдлаар хүмүүс түүнд худал ярьж, үл сонсож, үл тоож, дээрэлхэж, гадуурхдаг байв. Бие махбод, сэтгэл санааны хувьд олон цохилтод өртсөний дараа тэрээр итгэл үнэмшлээ алдаж, бүхнийг үзэн ядаж, бусдыг жигшиж эхэлдэг. Нийгэм түүнд мөрөөрөө бусад шиг амьдрах бололцоо өгөхгүй байж, хог шаар шиг үздэг байв. Киноны төгсгөлд тэрээр юунд ч үл итгэж, юунаас ч үл айдаг, алдах зүйлгүй алуурчин буюу Жокер болон хувирдаг.”
Товчхондоо өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийг шүүмжилж, хүний ёс суртахууны доголдлыг хөндсөн суралцах хичээл ихтэй бүтээл болжээ.
Бүтээсэн хүнээ ад үздэг нийгэм
Бидний дунд олон Артур Флек байдаг. Бид тэдэнтэй өдөр бүр таардаг. Гэвч бид тэднийг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Харин эсрэгээрээ тэдгээр хүнд хамгийн их хэрэгтэй зүйл нь хэн нэгний анхаарал, нинжин сэтгэл, нөхөрлөл байдаг. Зөвхөн өөрсдийгөө, ойр дотнын цөөн хэдэн хүний эрх ашгийг бодож амьдрах нь утгагүй. Нийгэмд бусдын асуудлыг миний асуудал гэж үзэх нийтэч сэтгэлгээ хэрэгтэй. Учир нь хүний оршин буй нөхцөл бусдаас хэт хамааралтай байдаг. Жижиг ч гэлтгүй бусдын асуудал дараа нь өөрт тохиолдох эрсдэлтэй.
Артур Флек шиг хүмүүсийг алуурчин Жокер болгож хувиргасан зүйл бол зөвхөн амиа боддог, харгислал ихэдсэн нийгэм юм. Өөрөөр хэлбэл бид тусгайлан анхаарал хэрэгтэй Артур Флек шиг хүмүүсийг үл тоож, хашиж хавчиж, дээрэлхэж, доромжилсоор байгаад Жокерийг бүтээчхээд дараа нь нийтээрээ жигшиж, ад үздэг байдал юм. Кинон дээр ажлын хамтрагч нь Артурт буу өгч бүхнийг эхлүүлчхээд өөрөө дараа нь алуулдаг шиг…
Харин бусдыг энэрэх сэтгэл, бусад хүн гэдэг би юм гэдгийг нийтээрээ ойлгоод, хүнд багаас нь хүн бүрийн хэрэгцээ ижил гэдгийг сануулж, нинжин сэтгэлийг суулгаж өгөх хэрэгтэй. Таны шоолж буй нөхцөл байдал өөр нэг хүнд гуниг зовлон болдог бол яах вэ. Ер нь бусадтай харилцахдаа гаргаж буй үг, үйлдэл бүрийнхээ өмнө нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьдаг байх хэрэгтэй болов уу…
Хүүхэд ба хүчирхийлэл
Артурыг багад нь ээжийнх нь найз залуу зодож, хүчирхийлдэг байсны улмаас тархиндаа гэмтэл авч, сэтгэцийн өвчтэй болсон тухай дурддаг. Мөн Кристофер Ноланы найруулж Хэт Лежерийн бүтээсэн Жокер дээр аав нь багад нь хүчирхийлж, хацрыг нь зүссэн тухай өгүүлдэг. Эндээс бид хүчирхийлэл дунд өссөн хүүхэд хүчирхийлэгч эсвэл сэтгэцийн өвчтэй болох магадлал өндөр гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Ер нь ямарваа нэгэн зан аашны доголдолтой хүмүүсийн бага нас нь хэцүү өнгөрсөн эсвэл ямар нэгэн багадаа үзсэн хар бараан дурсамжтай холбоотой байдаг. Хүний хүүхэд нас ямар өнгөрснөөс тухайн хүний амьдралд ямар байх, хэн болох нь шалтгаалдаг. Жишээ нь Жокерийн эсрэг тал болох Бэтмэнийг авч үзье. Тэрээр хэдий багадаа өнчирсөн ч эцэг, эх нь сайн талын баатар болоход нь нөлөөлөх хангалттай сайхан дурсамжийг бүтээлцсэн байдаг. Ядаж л хөрөнгө мөнгөөр дутаж өсөөгүй. Мөн үнэнч туслах, хайртай хүнтэй байсан.
Иймд хүүхэдтэй болно гэдэг асар их хариуцлага гэдгийг ухамсарлаж тэр бүгдийг насан туршдаа үүрч чадна гэсэн цагтаа, зөв хамтрагчтайгаа учирсан үедээ болох хэрэгтэй. Хэдий багадаа хүчирхийлэл, хүнд хэцүү амьдрал, хагацал зовлон үзсэн ч амьдралдаа нэг ч болов сайхан сэтгэлтэй хүнтэй таарч, тэднээс авсан урам, итгэл, хайрын хүчээр амжилтад, сайхан амьдралд хүрсэн олон түүх байдаг шүү дээ. Тиймээс бид нийгэмдээ гэрэл асааж, бусдыг аврахын тулд чадлынхаа хэрээр урам зориг, нөхөрлөл, сайхан сэтгэл, хайрыг түгээх ёстой болов уу.
Хүний туршлагагүй байдлыг ашиглах
Артурын анхны комедигийн бичлэгийг Готам хотын хамгийн их үзэгчтэй, алдартай нэвтрүүлгийн хөтлөгч зурагтаар гаргаж, түүнийг шоолдог хэсэг гардаг. Үнэндээ хүний туршлагагүй байдал эсвэл нэг удаагийн алдаанд дөрөөлөн өөртөө нэр алдар олж авах, нийтээрээ шоолох нь ёс суртахууны асар том доголдол юм. Жишээ нь олон нийтийн сүлжээнд хүмүүсийн хувийн, нууц бичлэгийг тараах, танихгүй нэгний бичлэгийг нууцаар хийж олон нийтийн сүлжээндээ тавих зэргээр хүний нэр төрд сэв суулгаж, сэтгэл санааг нь хохироодог хэрэг олон гардаг. Энэ мэт үйлдлийг бид хэвийн зүйл мэтээр хүлээж авч, устгах биш улам цааш нь түгээдэг болсон. Хорвоо дээр төгс төгөлдөр зүйл огт байхгүй тул хүн бүр алддаг, мөн сул талтай байдаг. Гол нь нийгэм хүнийг алдаанаасаа суралцдаг болгохын тулд алдахад нь нийтээрээ шоолох биш засдаг, хэлж өгдөг байх хэрэгтэй болов уу.
Мөн олон жилийн өмнөх зураг, бичлэгийг нь гаргаж ирж өөлдөг тохиолдол ч бий. Хүн цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгддэг нь жам ёсных. Буруугаас зөв замд орж, үзэл бодол, амьдралын хэв маягийн хувьд өөрчлөгдөх нь сайшаалтай зүйл. Зөв өөрчлөлтийг дэмжихийн оронд, урьдын явдлыг сөхөх хэрэгтэй гэж үү. Эсрэгээрээ огт хөгжиж дэвшээгүй, сайжраагүй хүмүүсийг шоолмоор…
Эцэст нь дахин сануулахад тус киноны хамгийн хүчтэй мессеж бол харилцааны хэлбэр улам өргөжсөн хэдий ч өнөөгийн нийгэмд ганцаардсан, тусламж хэрэгтэй Артур шиг хүмүүс олон бий тул бие биедээ эелдэг, энэрэнгүй хандаж, урам хайрлаж, сонсож, үг, үйлдлээ тунгаан бодож, хариуцлагатай, ёс суртахуунтай амьдарцгаах гэж ойлгосноо хүргэлээ.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|