A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 135 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 135 | |
|
Агнистын гэгээ цувралын “Нил цэцгийн хүрээлэн” гэх сайхан ном уншлаа. Үг бүр нь ухаарал хайрлах энэ номыг Монголын буддын философи судлаач, орчуулагч Пүрэвийн Бадрал гуайн Англи хэлнээс хөрвүүлсэн юм билээ. Өөрөө гэгээрсэн хүн л ингэж сайхан орчуулдаг байх даа гэж бодогдоно. Бурхан шашны үзэл суртлын тухай ном биш тул ямар ч шашинтан уншиж болно. Уран зохиолд шимтэгч надад ширээний ном болгомоор санагдтал таалагдсан тул уг номын тухай товч тэмдэглэлийг хүргэе.
Гүнзгий амьсгаа аваад өөрийгөө ажиглаад үз. Өөрийгөө бусадтай харьцуулсны дүнд хэн нэгэн болох гэж хичээж, өрөөлийг дуурайж, бодолдоо үймэрч, ашиг олз, алдар нэрийн шуналд автаж, хайрлаж дурласан ч хуваагдмал, хязгаарлагдмал сэтгэлтэй байгаа бол танд энэ ном туслана.
Гэгээрэлд хүрэхийн тулд хүн юун түрүүнд бясалгах хэрэгтэй. Бодолд авталгүй сэрүүн тунгалаг байхыг бясалгал гэдэг. Үүний тулд дотооддоо нэвтрэх буюу өөрийгөө таньж мэдэж, дотроо гэрэл асаахаас эхэлнэ.
Учир нь амсаж буй зовлон, жаргал бүхнээ хүн өөрөө бүтээдэг. Өөртөө хүрэх ганц боломж бол ухамсар юм. Өөрийгөө ажиглаж, ухамсартай байснаар хүн ямагт тайван байх боломжтой.
Зовлон гарз тохиолоо ч үл нугарна. Гадна болж буй үйл явдал бүхэн түр зуурын үзэгдэл гэдгийг ойлгоно. Дотроо амар амгаланг цогцлоож, өөрөө өөртөө эзэн болж, эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь аз жаргал биш гэж үү…
Бясалгах арга техникийг уншихад их амар сонсогдовч өөрийн болгож сурах хүртэл ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй. Учир нь бид "би"-гийн үзлээ хаяж, бодлын хүлээснээс тайлагдаж, горьдлогогүй болж, хоосон чанарт ганцаар ахуйдаа оршиж, одоодоо байж сурах хэрэгтэй.
Мөн үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг нийгмийн үзэл сурталд авталгүй, шунал хүслээсээ ангижрах ёстой. Өөрөөр хэлбэл зарим нэгний хувьд өнөөг хүртэл дагасан итгэл үнэмшил, хийж дадсан зуршлаасаа салах шаардлагатай болно гэсэн үг. Эхлээд бүх горьдлогоо хая. Бид одоогийн уйтгар зовлонгоо ирээдүйд чиглэсэн горьдлогоор аргацаадаг.
Ирээдүйг хүлээлгүй, өнгөрсөнд уягдалгүй, энд, одоодоо байж, амьдарч сур...
Эго буюу “би” гэсэн үзлээ хая
Өөртөө оршоогүй, өөрийгөө мэдэхгүй хүн бусдад өөрийгөө мундаг болгож харуулах гэдэг. Эго бол зохиомол бөгөөд түүнийг бэхжүүлэхийн тулд бусдын дэмжлэг хэрэгтэй. Бусдын анхаарал бол эгогийн хоол. Ийм учир бид бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж улайрдаг. Чамайг л байхгүй бол орчлон ертөнц хөмрөх аятай...
Гэр бүл, улс үндэстэнд чухал зүйл хийж байна гэж боддог. Ийм мэдрэмжээр эго эрч хүчээ сэлбэдэг. Харин дотоод төвдөө оршсон хүнд эго, бусдын анхаарал шаардлагагүй болдог. Тийм хүн л ганцаараа оршиж чадна. Бусдыг болон өөрийгөө бүү шүү. Шүүдэг сэтгэхүйгээс сал.
Бусдаас чөлөөлөгд
Хэн нэгэнтэй харьцуулвал бид нэг бол баян, ядуу, хөөрхөн эсвэл муухай болж таарна. Гэвч хүн бүр дотоод ахуйдаа ганцаараа. Тэнд ямар ч харьцуулалт, ялгаваралт байхгүй. Нийгмийн үзэл суртал, итгэл үнэмшил байнга хувирч байдаг тул элдэв хамааралд санаа зовж, хүлэгдэх хэрэггүй. Бид ийм л хийсвэр зүйлд санаа зовж амьдардаг. Өөрөөс чинь өөр хэн ч чиний гүн рүү нэвтрэх боломжгүй. Бусдаас хамаарсан паразит болох хэрэггүй. Паразитуудад эрх чөлөө байхгүй. Ганцаар ахуйдаа, мөн чанартаа оршиж сур. Бусдад уягдахгүй, эрх чөлөөтэй болсон цагт чамаас жинхэнэ хайр ундрана.
Чин зүрхээ мэдэр
Хэн нэгэнд таалагдах гэлгүй аливааг зүрхээрээ үйлд. Аливааг чин зүрхгүйгээр зөвхөн арга техник, тархиараа хийвэл бүх зүйл хуурмаг байх болно. Тархи үргэлж тооцоолдог бол зүрх ашиг сонирхлоос ангид байдаг.
Эерэг хоосон бай
Хайртай хүндээ хаягдах, ажил чинь бүтэлгүйтэх гэх мэт олж авах гэсэн зүйлээ авч чадаагүй үед мэдрэгддэг хоосон бол сөрөг хоосон. Энэ бол цөхрөл, гутрал. Харин эерэг хоосон чанар ухаарлаас үүддэг. Шунал хэзээ ч ханаж цаддаггүйг сайтар ухаар.
Хүн юмтай болох тусмаа түүнийгээ өсгөж, илүүг олох гэж хүсдэг. Мөн олсон юмаа алдахын айдаст автдаг. Түүнээсээ болоод байнга дутуу байдлыг мэдэрдэг. Одоо нэг тийм л юмтай болчихвол боллоо гэдэг атлаа тухайн юмаа өөрийн болгосны дараа ханадаг билүү?
Бусдаас онцгойрч, өөрийгөө мундаг гэж бахархах гэсэн хүслээ хая. Ер нь л шунал хүсэл ямар ч утгагүйг ойлго. Хүн шуналд автах тусмаа өвчилдөг. Харин түүнгүйгээр хөгждөг. Хэн ч биш бай. Энгийн бай, даруу бай. Гэхдээ хүндлэгдэхийн төлөө даруу байвал эгогийн шунал гэсэн үг. Гол нь хоосон чанартаа төвлөр.
Уур бухимдлаа дарах арга
Өөрийгөө далайтай зүйрлэж бод. Далайн мандалд давлагаа ихтэй байдаг ч дотоод гүндээ нам гүм байдаг. Уур бухимдал, шунал тачаал, гуниг гутрал бол салхины аясаар үүсэх давлагаа гэж төсөөл. Энэ бүгдээс ангижрахын тулд гадаад төвөөсөө дотогш төвдөө шилжиж сур.
Хэрэв уур тань хүрвэл гарч гүй, салхинд алх, дэрээ зод. Тэгээд хэсэг суугаад өөрийгөө ажигла. Та уураа хорьж цагдаагүй, дарж далдлаагүй, хэн нэгэнд гаргаагүй. Гэхдээ арилсан байх болно. Харин уураа бусдад гаргавал нөгөө хүн чинь гэгээрсэн хүн биш л бол чамтай ижил ухамсаргүй хариу үйлдэл гаргаж, хэрүүл зодоон үүснэ. Тиймээс уураа бусад руу бүү гарга. Уур бол сэтгэлийн бөөлжис. Бөөлжсөө барьж хорих аюултай. Дарж хорих тусам яс, цус, чөмгөнд чинь нэвчинэ.
Нийгмийн шаардлагаар хүний сэтгэл хоёр хэсэгт хуваагддаг. Хүлээн зөвшөөрөгдсөн ил хэсэг, үгүйсгэгдсэн далд хэсэг. Нийгэм хорьж цагдахыг л заадаг болохоос хувиргахыг номлодоггүй. Хувиргахын тулд хорих биш, ажиглаж ухамсарлах хэрэгтэй. Ухамсаргүй үед л уур хүрдэг. Ухамсартайгаар уурлах боломжгүй.
Хайр дурлалаас битгий ай
Үл таних хүнд бууж өгч, өөрийн хамаг хаалтаа авч, хуягаа тайлж, бусдын гарт эрх мэдлийг атгуулж, хувь тавилангаа хаашаа ч эргүүлүүлж мэдэх учраас хүн дурлалаас айдаг. Намайг гэмтээж, хөнөөх вий гэж эмээнэ. Гэвч хувь хүнийг хайрлаж чадахгүй бол хамаг амьтныг хайрлаж чадахгүй. Эхийгээ хайрлаагүй хүн эх орноо хайрлахгүй. Бодгаль хүнийг хайрлах нь эгогийн хувьд төвөг болдог учир хүмүүс хийсвэр зүйл хайрладаг. Жинхэнэ хайр дурлалаас эмээж, хамаг мэдрэмжээ хааж бооодог. Хаа ч байсан үргэлж өөртөө хаалт бүрхүүл өмсгөдөг. Үнэн хэрэгтээ энэ бол хамгаалалт биш өөрийг тань мөхөөдөг зүйл.
Зовлонг хүлээж авах зориг зүрхтэй байж жаргалыг хүртэнэ...
Илүү ихийг ойлгож мэдье гэвэл номыг нь худалдаж аваад бүтнээр нь уншихыг зөвлөе. Болдогсон бол нэг ч үг үсгийг нь гээлгүй хуулаад биччихмээр л байлаа. “Чандмань эрдэнийг өөрөө нээж эзэмших ёстой. Номыг мэддэг биш, хэрэгжүүлдэг хүнийг л номч гэвэл зохино. Үнэн зүрхнээсээ анхаарч авбал номын ганц үг ч хангалттай. Чин сэтгэлгүй бол хэчнээн ихийг мэдэж, сонсох тусмаа омгийн түлш болгож хувиргана” гэх Падамба гэгээний захиасаар номын тэмдэглэлээ өндөрлье.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|