• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    109   |  
0

БНГУ-ын Мюнхен хотноо зохион байгуулагдсан "Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд гуравдугаар байрт шалгарсан, эрх зүйч, С.Байгалийн МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛ -ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙТЭЙ САЛШГҮЙ ХОЛБООТОЙ байх ба Шүүх гэр бүлийн маргаантай хэрэгт Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэглэх нь, түүний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал шийдэл сэдэвт илтгэлийг хүргэж байна.

Илтгэлийн хураангуй:

  • “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг практикт  хэрэглэхэд ямар бэрхшээл учирч байна вэ?” гэсэн асуулгыг шүүхийн ажилтнууд, эвлэрүүлэн зуучлагч, хуульчдын дунд явуулах замаар шинэчлэх шаардлагатай гэж дуу нэгтэй хэлж буй асуудлууд болох гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн хугацаа түүний эрх зүйн зохицуулалт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд зайлшгүй сэтгэл зүйч, шинжээчийг оролцуулах үүнээс үүсэх эерэг үр дагаврын онолын ойлголт, хууль зүйн үндэслэл, шүүхийн практик, шинэчлэх шаардлагатай, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шинжлэн тодорхойлох үүднээс энэхүү судалгааг хийсэн.
  • Сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлалт, гэр бүлийн маргаантай холбоотой асуудлууд ихсэж байгаа бөгөөд гэр бүлийн маргаан нь ихэвчлэн гэрлэгчид, эцэг, эх хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийн хооронд үүсдэг тул эхлээд шүүх хүлээн авахаас өмнөх урьдчилан шийдвэрлэх буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэдэг. Ингэж шийдвэрлэхэд гэрлэгчид эвлэрэх хугацаа хуульд заасны дагуу тун бага /30 хоног/ байгаагаас шалтгаалж эвлэрэх боломжгүй мөн гэр бүлийн маргаанд шинжээч, сэтгэл зүйчийг оролцуулснаараа гэр бүл гэрлэлт цуцлах магадлал багассан тоо баримт үзүүлэлт байгаа тул зайлшгүй эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Нэг. УДИРТГАЛ

Сэдвийг сонгосон үндэслэл: Гэр бүл гэдэг нийгмийн үнэт зүйл байдаг бөгөөд  аливаа улсын хөгжил гэр бүлтэй шууд салшгүй холбоотой. Гэтэл сүүлийн жилүүдэд шүүхээр шийдвэрлэж байгаа хэргийн 40 хувийг гэр бүл цуцлалт, гэр бүлийн маргаантай холбоотой асуудлууд эзэлж байгаа бөгөөд цаашид ч ихсэх хандлагатай байна. Гэр бүл цуцалснаар маш олон сөрөг үр дагавар гарч байгаа бөгөөд нэн тэргүүнд хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, зөрчигдөж байна.

Гэр бүлийн холбоотой маргааныг хянан шийдвэрлэхдээ эхлээд заавал талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар хянан шийдвэрлэдэг. Эвлэрүүлэн зуучлалын  ажиллагааг зохицуулж буй 2012 оны Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд  “гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай” холбоотой зарим зохицуулалт нь  нэн тэргүүнд өөрчлөх, шинэчлэх шаардлагатай  дараах хоёр асуудал байна.

Нэгдүгээрт эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хуулийн хугацаа,  хоёрдугаарт эвлэрүүлэн  зуучлах ажиллагаанд заавал  гэр бүлийн шинжээч, сэтгэл зүйчийг оролцуулах зэрэг асуудал хамаарч байна. Ийнхүү миний бие эл асуудлуудаас үүсэх эерэг үр дагавар, онолын ойлголт, хууль зүйн үндэслэл, шүүхийн практик, шинэчлэх шаардлагатай, оновчтой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох шаардлагатай талаар дүгнэлтэд хүрч, энэ нь уг сэдвийг сонгон судлах үндэслэл болсон.

Судалгааны ажлын зорилго: Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын асуудал, тэр дундаа  гэр бүлийн маргаан эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд болох  хуулийн хугацаа, шинжээч, сэтгэл зүйчийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд заавал оролцуулах талаар асуудлыг хөндөж, үнэлэлт дүгнэлт хийх, түүнийг боловсронгуй болгох санал дүгнэлт боловсруулж нэг сэдэвт судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд уг судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт: Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлсэн болно. 

Үүнд :

  • Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хуулиар олгогдсон  хугацааг сунгах, үүнээс үүсэх эерэг үр дагавар, мөн шинжээч, сэтгэл зүйчийг заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулах үүнээс үүсэх эерэг үр дагавар, түүний эрх зүйн зохицуулалтыг судлах, танин мэдэх, түүнчлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар эрх зүйн онолын асуудлуудыг агуулсан бүтээлүүдийг судлах;
  • Эвлэрүүлэн зуучлалын хуулийн  гэр бүлийн холбогдолтой маргаантай асуудлуудын хүрээнд Герман улсын эвлэрэлийн  тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг харьцуулан судлах;
  • Судалгааны гол судлагдахуун болж буй асуудлуудын талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам, ач холбогдлыг тодорхойлох
  • Судалгааны ач холбогдол: Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг шүүхийн практикт хэрэглэхэд тулгамдаж буй зарим асуудал, эрх зүйн шийдлийг тодорхойлон гаргаж боловсронгуй болгох хууль зүйн санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ач холбогдол оршино.

Судлагдсан байдал: Энэхүү сэдвийн хүрээнд одоогоор судлагдсан ном, нийтлэл байхгүй байх бөгөөд эвлэрүүлэн зуучлалын тухай эрх зүйн ерөнхий онолын хүрээнд дэд сэдвийн хэмжээнд ерөнхий байдлаар судлагдсан байна. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг практикт хэрэглэхэд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын зарим асуудлын хүрээнд практикт суурилсан судалгаа хийгдээгүй байна.

Судалгааны арга зүй: Энэхүү судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого нөлөөллөөс ангид бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан, судалгааны дүгнэлтийг зөвхөн тухайн судалгаагаар тогтоогдсон үр дүнд үндэслэн бодитой гаргах зарчмыг удирдлага болгон эрдэм шинжилгээний ажлын үндсэн болон тусгай аргуудыг өргөн хүрээтэйгээр ашигласан болно. Тухайлбал:

Ярилцлагын арга: Энэ нь судлагдахууны хүрээнд практикт ажиллаж буй хүнээс харилцан ярилцах, асуух байдлаар мэдээлэл цуглуулах арга бөгөөд энэхүү аргыг шүүхийн ажилтнууд, хуульч, өмгөөлөгчид нараас мэдээлэл цуглуулахад ашигласан болно.

Диалектик хандлагын арга: Энэ нь тухайн судлагдахууныг хөгжил хөдөлгөөнд оруулж бусад үзэгдэлтэй салшгүй холбоотой шинжээр нь судалдаг арга юм. Энэ аргаар судалгааны сэдэвтэй холбоотой асуудлыг судалснаар нийгэмд ямар асуудал тулгарч байгаа, түүнээс үндэслэн өөрийн санал дүгнэлтийг боловсруулахад ашигласан болно.

Харьцуулалтын арга: Энэ нь тухайн онолын танин мэдэхүйн объектуудыг бусадтай нь буюу дотоод адил төстэй ба ялгаатай шинжийг илрүүлэн хоорондын хамааралтай харилцааг тогтоох замаар судалдаг арга юм. Энэхүү аргыг  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн судалгаанд холбогдох зохицуулалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэлэг, дэвшилтэт зохицуулалттай харьцуулан судлахад ашигласан болно.

Судалгааны шинэлэг тал: Судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа тэр дундаа гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон гаргасан болно. Түүнчлэн практикт суурилж, бодит тоо, баримт үзүүлэлтүүдийг ашиглан шинжилгээ судалгаа хийснээрээ чухал ач холбогдолтой.

Судалгааны ажлын бүтэц: Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн хэсэг, гурван дэд сэдэв, дүгнэлт, ашигласан материал, хавсралт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

ХОЁР. ҮНДСЭН ХЭСЭГ

2.1. Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлахад тулгамдаж буй асуудал болох эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа түүний эрх зүйн зохицуулалт

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасны дагуу гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлтэй болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэнэ. Харин гэрлэлт цуцлах бусад үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тухайн маргааныг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэх болно.[1]

Шүүх гэр бүлийн маргааныг хүлээн авахаас өмнө шийдвэрлэвэл зохих нэг асуудал бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа юм.[2] Энэ талаар эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд [3] заасан байх ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дэх хэсэгт хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх[4] хэсэг, мөн ИХШХШ тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх[5] хэсэг, 2013 оны  Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмын 14 дүгээр зүйлийн 14.1дэх хэсэгт[6] 30 хоногт багтаан явуулах ба талуудын хүсэлтээр  энэ хугацааг нэг удаа сунгахаар зохицуулсан.

Гэтэл практикт гэр бүлийн холбоотой  маргаантай асуудлыг хуулийн 30 хоногт багтаан  эвлэрүүлэх нь ховор байх ба нэг зуучлагчид дунджаар 10-15 өргөдөл оногддог учраас зуучлагч нарт ажиллагааг 30 хоногийн дотор явуулахад хүндрэл бэрхшээлтэй байх ба дахин 60 хоногоор сунгадаг байна. Ингэж сунгах хугацаандаа шүүх талуудыг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.

Монгол Улсын шүүх 2017 оны 3 дугаар улиралд шүүхийн бус журмаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн иргэдийн нийт 12164 нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл хүлээн авсан ба үүнээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 11878 өргөдөл ба үүний 687 буюу 6 хувийг хүлээн авахаас татгалзаж, 704 буюу 6 хувийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татсан бол 9686 буюу 81 хувийг шийдвэрлэсэн байна.[7] Шийдвэрлэсэн нийт 9686 өргөдлийн 6992 буюу 72.2 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2694 буюу 27.8 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон. Эвлэрэл амжилттай болсон 6992 өргөдлийн 1454 хэрэг буюу 15 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байх ба  эвлэрэл амжилттай болсон 1454 хэргийн 80,7%-д зуучлагч нар өөрсдөө автоматаар  эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 60 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

Онолын үүднээс авч үзвэл энэ нь эрх зүйн хийдлий г[8] бий болгож байгаа юм. Эрх зүйн шийдлийг даван туулах нэг арга зам нь хуулийн шинэчлэл бөгөөд Япон улсын “Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан  хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 272 дугаар зүйлийн 2[9] дэх хэсэг, хэсэгт уг шийдлийг үгүй болгох боломжтой шинэ ололттой зохицуулалт хийгдсэн байна.

Тодруулбал эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг сунгаж 60 хоног болгосноороо талуудыг эвлэрэх боломжийг бүрдүүлэх сайн зохицуулалт болсон ба Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт дээрх агуулгатай ижил өөрчлөлтийг оруулах шаардлагатай.

2.2 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэр бүлийн  шинжээч, сэтгэл зүйчийг заавал оролцуулах нь түүнээс үүсэх эерэг үр дагавар

Шүүх гэрлэлт цуцлах тухай хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах бөгөөд  эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32. 2 дэх хэсэг, 32.4  дэх хэсэгт[10] мөн Улсын дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 11 дүгээр заалтад[11]  тусгасан байдаг. Гэр бүлийн шүүхийн шийдвэр нь зөвхөн хууль зүйн шийдэл бус, хэрэг маргааны дараах хүмүүсийн харилцаа болон орчин нөхцөлийг бодолцсон шийдлийг шаарддаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэрэг маргаан нь өөрөө  харилцааны шинжтэй маргаан байх ба эхнэр нөхрийн харилцааны нөхцөл байдлаас гадна, хүүхдийн өсөх орчин нөхцөлийг  судлах шинжлэх заавал шаардлагатай.

Үүнтэй холбогдуулан 2016 онд шүүхийн санаачилгаар харьяа дүүрэг рүү гэр бүлийн маргаанд шинжээчийг томилуулж оролцуулж эхэлсэн бөгөөд  гэр бүлийн холбоотой маргаанд шинжээч оролцсоноороо 2017 оны эхний улиралд нийт  гэр бүлийн холбогдолтой 1252 маргааныг эвлэрүүлэн зуучлахад 2017 оны 11 сарын 13-с хойш нийт  152 маргаанд гэр бүлийн шинжээч оролцсон байна. Ингэж оролцсоны  89% нь амжилттай болсон үзүүлэлт гарсан байна.[12] Тиймээс гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шинжээч заавал оролцуулах шаардлагатай байна.

Мөн хоёрдугаарт: Сэтгэл зүйчийг заавал оролцуулах шаардлагатай  гэж үзэж байна. Хэдийгээр эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд сэтгэл зүйч болон төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдад оролцуулж болно” гэж хуульчилсан байх боловч сүүлд 2015 оноос нийслэлийн зургаан дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын дэргэд  гэр бүлийн маргааны талуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд сэтгэл зүйчийг оролцуулж оролцож эхэлсэн байх ба мөн гэр бүл эвлэрэх үзүүлэлт гарсан байна.

Тодруулбал гэрлэгсэд, гэр бүлийн маргаантай асуудлаар шүүхэд хандах хүртлээ удаан хугацаанд бодож, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгөө ярилцсан байдаг. Тийм учраас шүүхэд өргөдөл гаргасан шийдвэрээ эцсийнх гэсэн хандлага ажиглагдах нь их байдаг ба гэр бүлийн маргааны талууд болох гэрлэгсэдтэй уулзан тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгснөөр гэр бүл цуцлалтын тоо эрс багасч, эвлэрсэн байна. 

Өөрөөр хэлбэл таван гэр бүл тутмаас нэгээс хоёр нь эвлэрч байна. 2016-2017[13] оны байдлаар гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй гэрлэгсдийн дунд 90 гаруй гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд тэдний 80% нь буюу 72 гэр бүл  эвлэрсэн, эерэг үзүүлэлт гарсан байна[14]. 

Өөрөөр хэлбэл гэр бүл уулзаж, ярилцахаар аль нэг тал нь харилцаа, хандлага, бодлоо өөрчилж чадах зан чанар байгаа нь ажиглагддаг. Тийм учраас гэрлэгсдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөөд эвлэрүүлэх бүрэн боломжтой байгаа нь харагдаж байна.

Герман улсын  гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн зохицуулалт

Япон улсад АDR /Alternative Dispute Resolusion/ буюу Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх процедур нь иргэний болон гэр бүлийн хэрэг дээр их хэрэгждэг байна. Нэгдүгээрт: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа

Иргэний хуулийн 763 дугаар зүйлд “Эхнэр нөхөр нар харилцан тохиролцон гэрлэлтээ цуцлуулж болно”[15] гэж зааснаар эрх нь хуулийн хүрээнд нээлттэй ба эхнэр нөхөр хоёрын харилцан тохиролцоо шийдвэрт хүрч чадаагүй үед эвлэрүүлэн зуучлалд хандаж болдог байна. Өөрөөр хэлбэл Японы эвлэрүүлэх оролдлого нь хуулийн 89 дүгээр зүйл “шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар ч шатанд зохигчдыг эвлэрүүлэхийг зорих ба томилогдсон шүүгч, шилжин ажиллаж буй шүүгчээр талуудыг эвлэрүүлэх ажиллагаа хийлгүүлж болно”, ингэхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг 60 хоног буюу 2 сар байхаар хуульчилсан. Тодруулбал Япон улсын гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тухай хуулийн 245 дүгээр зүйл “ Эхнэр нөхрийн харилцааг зохицуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаа 30 хоног байх ба эхнэр нөхрийн хүсэлтээр 1 удаа сунгаж болно” гэсэн зохицуулалтаас харахад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нарийн явагддаг нь харагдаж байна.

Хоёрдугаарт: Шинжээч, сэтгэл зүйчийг заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцуулахтайгаар

Японд 1951 онд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нөхцөл байдлыг судалгааг хариуцах мэргэжилтэн гэдэг утгаараа гэр бүлийн хэргийн шинжээч гэдэг албан тушаал бий болсон байна. Гэр бүлийн хэргийн шинжээч нь хүний зан үйлийг шинжилдэг мэргэжилтний хувьд судалгаа зохицуулалтын ажлыг голчлон гүйцэтгэнэ. Мөн гэр бүлийн сэтгэл судлаач заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцдог байна.

Герман улсын хувьд

2012 онд Эвлэрүүлэн зуучлалын тухай шинэ хуулийг баталсан ба энэхүү хуулиараа Европын холбооны дүрмийг мөн дотооддоо мөрдөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэм хэмжээг тусгаж өгсөн. Энэхүү ажиллагаа нь бүхэлдээ сайн дурын үндсэн дээр явагддаг.мөн хуулийн хугацааг уян хатан байхаар зохицуулсан. Bürgerliches Gesetzbuch (BGB) Bürgerliche Ehe (§§ 1297,§ 1565 Scheitern der Ehe,

2000 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Германы Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд танилцуулах тухай хуулийн 15а-д Германы холбооны улсуудад 750 еврогийн өртөгтэй, мөн гэр бүлийн маргаантай хэргүүдэд тохиролцох боломжийг олгосон

Ихшхштх-ийн 253-р зүйл, мөн хуулийн 3-р бүлгийн, 278a зүйл, ЭЗ ажиллагаа эхлэх үед нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа өмнө нь ЭЗА-д  орсон талаар мэдээлэх үүрэгтэй. Хэрэв үгүй бол тухайн тохиолдолд ЭЗА-нд  оролцохоос татгалзсан үндэслэл байх ёстой. Үүнээс гадна шүүх, шүүх хуралдааны процессын явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зөвлөж болно. Мөн ЭЗ-ын хугацаанд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж болно.

Европын Холбооны парламент, 2008/52/ 2008 оны 5-р сарын 21-ний өдрийн захирамж иргэний болон арилжааны асуудлаар зуучлалын тодорхой асуудлын талаарх 3-р хэсэгт

“маргааны хоёр буюу түүнээс дээш талууд өөрсдөө сайн дурын үндсэн дээр зуучлагчийн туслалцаатайгаар маргааныг шийдвэрлэх талаар тохиролцоонд хүрнэ. [16]

ГУРАВ. ДҮГНЭЛТ

Аливаа улсын хөгжлийг бид гэр бүлгүйгээр тодорхойлохын аргагүй юм. Гэр бүл нь хүний хөгжлийн анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, уламжлал  өвлөгдөн шинэчлэгдэх, аж төрөх ёсны бичил ахуй мөн. Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын эрхэм зорилго нь гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршдог ба энэхүү нөхцөлийг бүрдүүлэх гол түлхүүр нь хууль эрх зүйн орчин юм.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг бол гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, гэр бүлийн маргаантай холбоотой асуудлууд байна. Гэр бүл салалтаас шалтгаалан хүүдийн эрх  зөрчигдөх,  үүнээс улбаалан гэмт хэрэг, архидалт, ажилгүйдэл гэх мэт  нийгэм хөгжих, нийгэм эрүүл байхад сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд бий болж байна. Иймд  уг асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль зүйн оновчтой гаргалгааг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зохицуулах ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, улмаар тухайн ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд тухайн хуулиар  иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхээр заасны дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх болсон нь тухайн харилцааны онцлог тухайлбал төрөөс гэр бүлийг дэмжих, хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд анхаарч байгаагийн нэг илрэл гэж үзнэ.

Судалгааны эцэст дүгнэхэд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зүй ёсоор үүссэн байх бөгөөд Герман улсын гэр бүлийн  шийдвэрлэх тухай хуульд бидний хөндөж бичсэн сэдвийн хүрээнд жишиг болохуйц сайн зохицуулалтууд тусгагдсан байгааг цохон тэмдэглэв.

Иймд залуу Судлаачдын зүгээс судалгааны дүгнэлтэд үндэслэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах талаар дор дурдсан шинэ санааг дэвшүүлж байна. 

Үүнд:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацаатай холбоотой асуудалтай холбоотойгоор:

  • Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 30 хоногт багтаан явуулах бөгөөд гэр бүлийн маргаантай холбоотой ажиллагаанд 90 хоног байх ба талуудын хүсэлтээр 1 удаа сунгаж болно.” гэсэн нэмэлт оруулах;

Шинжээчийг оролцуулах асуудалтай холбоотойгоор:

  • Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дүгээр зүйлийн 32.5 дахь хэсэгт Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд шинжээчийг заавал оролцуулах.  .” нэмэлт оруулах;

Сэтгэл зүйчийг оролцуулахтай  холбоотойгоор:

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулах:

  • 32.4.Гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаанд заавал сэтгэл зүйчийг оролцуулах мөн төрөл, садан, найз нөхөд, хамтран ажиллагсдыг оролцуулж болно.

Иймд Монгол улсын хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг болох залуу ирээдүйн үеийнхээ амьдрах гэр бүлийн эрх зүйн орчинг сайжруулснаар Монгол улсын хөгжлийн бас нэгэн гарц болно гэж залуу судлаачийн зүгээс үзэж байна.

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ