• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: А.Одонтуяа   |    143   |  
0

Австралийн Мельбурн хот дахь тэтгэврийн судалгааны байгууллага жил бүр 40 үзүүлэлтийн дагуу 37 орны тэтгэврийн тогтолцоог үнэлдэг. Өнгөрсөн жил Нидерланд, Дани улсууд А буюу онц үнэлгээ авч, дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоотой орноор шалгарчээ. Тэгвэл эдгээр улсын жишээг сонирхъё.

ГОЛЛАНДЫН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО ГУРВАН ДАВХАРГААС БҮРДДЭГ.

1.     Улсын тэтгэвэр

Улсын төсвөөс буюу татварын мөнгөөр санхүүждэг суурь тэтгэврийг Нидерланд улсад 15-65 насны хооронд амьдарсан хүн бүр авах боломжтой. Хэмжээ нь тухайн үеийн цалингийн доод хэмжээ болон тэтгэвэрт гарагчийн гэрлэлтийн байдлаас хамаарч тогтоогдоно. Жишээ нь гэрлэсэн хосууд тус бүр цалингийн доод хэмжээний 50 хувь, ганц бие хүн 70 хүртэлх хувийг авах боломжтой. Гэхдээ энэ нь зөвхөн хүний наад захын амьжиргааны зардлыг хангах төдий байдаг тул нэмэлт тэтгэвэргүйгээр амьдрах боломжгүй гэж үздэг.

2.     Хувийн тэтгэврийн хуримтлал

Удаах нь хуримтлал дээр суурилсан хувийн тэтгэврийн сан буюу ажил олгогчид ажилтантайгаа тохирсон хувь хэмжээгээр сар бүр тухайн ажилтны нэр дээр тэтгэврийн данс нээж, хуримтлал үүсгэнэ. Талууд ихэвчлэн тэнцүү хэмжээний шимтгэл төлөх бөгөөд хэмжээ нь тухайн хүний цалингаас хамаарна. Ерөнхийдөө цалингийн 10 хувиас хэтэрдэггүй. Хуримтлагдсан хөрөнгийг тэтгэврийн сан болон даатгалын байгууллагууд эдийн засгийн үр өгөөжтэй салбаруудад хөрөнгө оруулалт хийх замаар өсгөж, удирддаг ба ажилтанг тэтгэвэрт гарах үед хуримтлуулсан мөнгийг нь өсгөсөн хувь, хүүтэй нь хамт эргүүлэн олгох зарчмаар ажиллана. Хэдий байгууллагын зүгээс мөнгө оруулдаг ч ажилтан тэтгэвэрт гарах үедээ тухайн хуримтлалаа ганцаараа захиран зарцуулах эрхтэй болдог.

Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн үйлчилгээтэй ижил ч тэтгэврийн сангийн өсөлт, өгөөж нь илүү байдаг. Мөн улсын тэтгэврээс ялгаатай нь тухайн хүн нас барахад мөнгөө үр хүүхэд, гэр бүлийнхэндээ үлдээх боломжтой.

Эдгээр сангууд нэг компанитай холбоотой байдаг ч санхүүгийн хувьд тусдаа, бие даасан ашгийн бус байгууллага хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой гэж хуульчилсан байдаг. Ингэснээр тухайн байгууллага санхүүгийн хүндрэлтэй тулгарсан ч тэтгэврийн сан нь аюулгүй үлддэг. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг эсвэл ажилладаг салбар нь хамтын тэтгэврийн сан үүсгэх боломжгүй хүмүүс тэтгэврийн хуримтлалаа өөрсдөө удирдана. Гэхдээ хөрөнгө оруулалт хийх, даатгал хийлгэх, хувьцаа эсвэл үл хөдлөх хөрөнгө авах мөн үүнтэй холбоотой татварын хөнгөлөлт эдлэх зэрэг ямар нэгэн тэтгэврийн бүтээгдэхүүнээс заавал сонгох ёстой байдаг.

Дээрх хоёр тэтгэврийн давхаргууд албан ёсны бөгөөд ажил хийдэг хүн бүр хамрагдах хуультай байдаг. Үүний үр дүнд тэтгэвэрт гарсан Голландчууд цалингийнхаа 70 хүртэлх хувийг тэтгэвэрт гарсан хойноо авч тун боломжийн орлоготой амьдрах нөхцөл бүрддэг.

3.     Сайн дурын тэтгэврийн хуримтлал

Хувь хүн өөрийн хүсэлтээр орлогоосоо хамаарч сайн дураараа тэтгэврийн данс нээлгэх боломжтой. Арилжааны банк болон даатгалын байгууллагууд энэ төрлийн үйлчилгээг санал болгодог.

Голландчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа тул тэтгэврийн нас энэхүү өсөлтийг даган байнга өөрчлөгддөг. 2020 онд тэтгэврийн нас 66 байх бол 2021 оноос 67 нас гурван сар болж нэмэгдэх бөгөөд цаашид ч өсөх хандлагатай. Манайхаас ялгаатай нь хүйс харгалздаггүй.

ДАНИ УЛСЫН ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦОО

Дани улс мөн л гурван давхаргат тэтгэврийн тогтолцоотой. Ерөнхийдөө Нидерландынхтай ижил. Эхнийх нь улсаас олгодог тэтгэвэр бөгөөд 65 хүрсэн хүн бүр авах боломжтой. Шимтгэлд суурилаагүй давхарга юм. Удаах нь ажил мэргэжлийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо буюу ажил олгогч, ажилтан хоёр цалингийн тодорхой хувь дээр тохиролцон хуримтлал үүсгэх загвар. Ихэнх тохиолдолд цалингийн 9-17 хувиар тогтоогддог ба ажил олгогч гуравны хоёр, ажилтан үлдсэнийг нь төлөхөөр тохиролцдог. Гурав дахь давхарга нь сайн дураараа тэтгэврийн хуримтлал үүсгэх сонголт юм. Эхний хоёр давхарга нь албан ёсных бөгөөд хуулийн дагуу ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүхэн хэрэгжүүлэх ёстой.

Хуримтлал дээр суурилсан хувийн тэтгэврийн санг бий болгосноор Дани улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирчээ. Ялангуяа 1960 – 1980 оны хооронд алдагдалтай гарч байсан гадаад худалдааны тэнцэл нь илүүдэлтэй гарсан. Энэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд тус улс татварын бодлогоор хувь хүн болон компаниудыг дэмжиж, иргэдийн тэтгэврийн хуримтлал үүсгэх сонирхлыг өдөөх алхмууд хийж иржээ. Жишээ нь тэтгэврээ буцааж автал тухайн хүний хуримтлалын данснаас татвар авдаггүй аж.

Тус улсын тэтгэвэрт гарах нас нь хүйс харгалзахгүйгээр 65 бөгөөд цаашид дундаж наслалтын үзүүлэлтээс хамаарч нэмэгдэх хандлагатай байна.

ДЭЛХИЙН ШИЛДГҮҮДЭЭС БИД ЮУ СУРАЛЦАЖ БОЛОХ ВЭ?

Манай улс орлогоороо зарлагаа санхүүжүүлэх зарчим болон шимтгэлд суурилсан нэг давхаргат тэтгэврийн тогтолцоотой. Ахмадуудын авдаг тэтгэвэр амьжиргааны зардалд нь хүрдэггүй, тэтгэврийн сангийн орлого зарлагаа дийлдэггүй, шимтгэл нь тэтгэврийн хэмжээнээсээ давсан гэх мэт олон сул талтай.

2020 онд 11.5% байсан ахмад настны тоо 2050 он гэхэд 28.6% болж өсөх тооцоотой байна. Энэ нь ахмад настны хүн ам зүйн ачааллын түвшин мөн он гэхэд 53%-д хүрнэ гэсэн үг юм. Товчхондоо бид одоогийн тогтолцоогоор явбал хорин жилийн дараа гэхэд улсын төсвийн дийлэнх нь тэтгэвэрт явж, эдийн засгийн уналтад орох, айл өрхүүд ахмад настнаа дэмжихийн тулд өрхийн орлогоо хуваалцаж, ядуурах зэрэг эрсдэлүүдтэй тулна.

 


Тэтгэврийн хөгшчүүл залуучуудтай харьцуулахад орлогоо өсгөх боломж хомс байдаг тул тухайн улсад олон тооны ядуу тэтгэврийн насны хүн байх нь нийгмийн хувьд анхаарвал зохистой том асуудал юм. Тэднийгээ дэмжиж, тэтгэх бодлоготой болохгүй бол наанадаж үр хүүхдүүдийнх нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлдөг.

Тэгвэл дээрх хоёр орны жишээнээс суралцан манай улс хувийн болон ажил мэргэжлийн тэтгэврийн хуримтлал бүхий гурван давхаргат тогтолцоог бий болгож, түүнийг зохицуулах хянах хууль эрх зүйн орчинг бий болгохоос эвлэвэл зохистой.

Монгол банкны 2012 онд гаргасан Тэтгэврийн бодлогын шинэчлэлийн хувилбарууд [1]судалгаанд манай улсад тохиромжтой шинэчлэлийн бүх арга замыг тодорхойлсон байдаг. Уг тайланд тэтгэврийн шилжилт хийх явцад гарах зардлыг уул уурхайн татварын орлогоос бүрдүүлэх боломжтой талаар судалсан байдаг.

 

Энд тэнд гадаадаар аялахдаа тэтгэврийн хөгшчүүлтэй таарч байсан байх. Хэдий хэр хэмжээний тэтгэвэр авдаг болохоороо ингэж сайхан амьдардаг юм болдоо гэж бодож байсан уу. Тэд ердөө л ирээдүйн өөртөө зориулж өнөөдрөөс хадгалдаг. Амь насны хувьд ч баталгаатай, эрүүл нийгэмд амьдардаг. Улс нь бодлогын хувьд бүх талаар дэмжиж, тусалдаг.

Улсын тэтгэвэр/Нийгмийн халамж + Ажил мэргэжлийн/Хувийн тэтгэврийн хуримтлал + Сайн дурын тэтгэврийн хуримтлал = Аз жаргалтай, мөнгөтэй тэтгэвэр авагчид
[1] http://documents.worldbank.org/curated/en/750651468286290848/pdf/685260ESW0MONG0port0No-685260MN0Mon.pdf

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ