• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    117   |  
0

Монгол улсад албан ёсоор “IELTS”-ийн шалгалт авдаг “ESP” төвийн боловсролын зөвлөх, “ESL”-ийн гэрчилгээтэй англи хэлний багш, сэтгэл судлаач Ivan Hopkins-той ярилцлаа. Тэрээр “IELTS”-н шалгалтад бэлдэх сургалтыг удирдан явуулдаг бөгөөд Монгол сурагчдын гаргадаг түгээмэл алдаа, хэл сурахад анхаарах шаардлагатай зүйлсийн талаар сонирхолтой зөвлөгөө өгсөн юм.

IVAN HOPKINS ГЭЖ ХЭН БЭ?

  • Та яагаад англи хэлний багш болсон бэ?

Хүмүүст сурах арга барилаа олох, өөрийгөө хөгжүүлэхэд туслах нь миний хийхийг хүсдэг ажил байв. Тэгээд би боловсролын сэтгэл судлалаар суралцсан юм. Гадаад хэл сурах нь хүмүүст олон хаалгыг нээж, зорилгодоо хүрэхэд тусалдаг учир сонирхлынхоо дагуу багш болсон. “ESL”-ийн гэрчилгээтэй Англи хэлний багш болоод таван жил болжээ.

  • “ESP”-ийн боловсролын зөвлөхийн хувьд та ямар ажил хийдэг вэ?

Би “IELTS”-ийн шалгалтад бэлдэх танхимын сургалтыг удирдан явуулдаг. Энд ирж буй хүмүүст зөвлөж, хүссэн оноондоо хүрэхэд туслах нь миний ажил. Оноогоо аваад баярлаж байгаа сурагчдаа хараад үнэхээр их баярладаг.

  • Монголд ажиллаж амьдрахын сайхан зүйл юу вэ?

“Мөнх хөх тэнгэрийн орон” гэж Монгол орныг зүгээр ч нэг нэрлээгүйг ирээд шууд л мэдэрсэн. Дөрвөн улирлын турш нартай, цэлмэг сайхан тэнгэртэй байдаг нь надад үнэхээр таалагддаг. Энд байх хугацаандаа говиор аялж, энергийн төвд очиж үзэх хүсэлтэй байгаа.

"IELTS" ШАЛГАЛТЫН ТАЛААР

  • IELTS шалгалтыг яагаад өгөх хэрэгтэй вэ?

“IELTS”-н оноо нь Англи хэлээр хангалттай хэмжээнд уншиж, бичиж, сонсож, ярьж чадна гэдгийн академик баталгаа юм. Тиймээс Англи хэлтэй оронд боловсрол эзэмшихийг хүсч байгаа хүн бүрт “IELTS”-ийн өндөр оноо шаардлагатай болдог. Оноо нь их сургуулийн элсэлтээс гадна цагаачлах, ажиллаж амьдрахад ч хэрэгтэй.

  • Шалгалтад бэлдэгсэд ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?

“IELTS”-ийн шалгалт унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэй. Гэвч олон хүн энэ суурь чадваруудаа сайжруулах ямар нэг арга хэмжээ авалгүйгээр олон дахин шалгалт өгөөд л байдаг. Хийж байгаа зүйл, арга барилаа өөрчлөхгүй бол ялгаатай үр дүн хэзээ ч гарахгүй шүү дээ. Тиймээс мэргэжлийн багштай ажиллаж дутагдлуудаа илрүүлэх, тэдгээрийг сайжруулах дасгал хийх, түүн дээрээ нэмэлт зөвлөгөө авах нь маш чухал. 

  • “IELTS” өгөхөд Англи хэлний ямар түвшинтэй байх хэрэгтэй вэ?

Дундаж буюу түүнээс дээш түвшний Англи хэлтэй хүмүүс “IELTS”-ийн шалгалтаас хангалттай оноо авах боломжтой. Мөн шалгалтад зохион бичих хэсэг байдаг учир зөв бүтэцтэй эссэ бичих арга барилыг эзэмшсэн байх хэрэгтэй.

  • Шалгалтад бэлдэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хэл сурч байгаа хүмүүс бичих, ярих зэрэг өөрийгөө илэрхийлэх чадварыг орхигдуулах нь элбэг. Магадгүй энэ чадваруудыг хөгжүүлэхэд их хугацаа ордог, мөн өдөр бүр хэлээ давтах боломжгүй нь нөлөөлдөг байх.

Багштай, эсвэл өөрөөсөө илүү Англи хэлний мэдлэгтэй хүнтэй хичээлээ давт. Өдөр бүр хичээгээд, бичих, ярих чадвараа шалгуулаад, тэр дор нь засч залруулаад явбал хүн хурдан сайжирдаг.

Хүмүүс энэ зүйл дээр хойрго ханддаг учир энэ дутагдлаа засаж чадсан хүн бусдаас илүү давуу талыг олно гэсэн үг. Бас бичих, ярихын хажуугаар унших, сонсох чадваруудаа орхигдуулж болохгүй.

МОНГОЛ СУРАГЧДЫН ОНЦЛОГ

  • Монголчуудад Англи хэл заахад ямар өвөрмөц онцлог байдаг вэ?

Монгол сурагчдын Англиар ойлгох, шинэ үг цээжлэх, цэвэр дуудах чадвар маш сайн. 

Харин эссэ бичих чадвар хангалтгүй, зохион бичлэгүүд найруулга бүтцийн хувьд учир дутагдалтай байх нь цөөнгүй ажиглагддаг.

  • Өөр ямар алдааг Монгол сурагчид түгээмэл гаргадаг вэ?

“A”, “an”, “the” зэрэг ялгац гишүүдийг андуурах, “he”, “she” гэх мэт төлөөний үгийг холих, “at”, “on”, “in” угтваруудыг буруу хэрэглэх, нэг тоо, олон тоог солих зэрэг нь Монгол сурагчдын гаргадаг түгээмэл алдаа.

Бас нэг зүйл нь унших тестийн үеэр ихэнх цагаа текстээ уншихад зарцуулснаас болж асуултаа ойлгох, хариултаа олоход маш бага хугацааг үлдээдэг.

  • Англи хэлээ сайжруулах хамгийн хурдан арга юу вэ?

Хэлээ хурдан сайжруулж болох хэд хэдэн хялбар арга бий.

Ярианы клубт элсэх их сайн. Гол нь Англи хэлээр өөрийгөө илэрхийлэх, алдаагаа засах, хүмүүсийг сонсох чин хүсэлтэй байх хэрэгтэй. Ярих дадал эзэмших, өөрийн түвшнээ олж мэдэх, шинэ үг сонсох, өөрөөсөө илүү хүмүүсээс суралцах олон давуу талыг ярианы клуб хэл сурч байгаа хүнд өгдөг.

Бас нэг зүйл гэвэл текстийг зүгээр ч нэг уншилгүй ямар нэг стратегийн дагуу боловсруулж унших хэрэгтэй. Бүтэн текстийг тэр чигээр нь уншиж ойлгохын оронд хэсэг бүрийн утгыг гаргаж, түлхүүр үгүүдийг анхаарч байх нь чухал.

Мөн өдөр болгон ямар нэг сэдвээр бичиж, багшдаа эсвэл англи хэлтэй найздаа шалгуулах тун зүгээр.

  • Та ямар аргаар Монгол хэл сурсан бэ?

Би Монголд ирээд юун түрүүнд эргэн тойрны хүмүүстэйгээ ойр зуурын хэмжээнд ойлголцож чаддаг болох зорилгыг өөртөө тавьсан юм. Эхлээд ой тогтоолтын арга техник ашиглаж маш олон шинэ үг хэллэг цээжилсэн. Тэгээд ичиж зоволгүйгээр байгаа мэдсэн зүйлсээ ашиглаж Монголчуудтай ярихыг хичээдэг байсан. Хоёр жил орчим уйгагүй хичээсний эцэст хүссэн хэмжээндээ Монголоор ярьдаг болсон доо. Одоо би Испани хэл сурч байгаа. Монгол хэл сурахад ашигласан сэтгэл зүтгэлээ ахиад л гаргана. Гэхдээ Англи хэлтэй ойролцоо учир Испани хэл сурахад харьцангуй хялбар санагдаж байна.

Эцэст нь хэлэхэд гадаад хэл сурч байгаа хүн ичиж санаа зовох талаар мартах хэрэгтэй. Шинэ хэл ашиглаж эхлэхэд алдаа дутагдал бол байдаг л зүйл. Хамгийн гол нь алдаагаа хурдан олж, түргэн залруулах нь л чухал. “IELTS”-ийн сурагчиддаа би үүнийг л захидаг

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ