• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    121   |  
0

“Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэмээх баримт бичгийн сайшаалтай тал нь Монгол улсын сүүлийн 100 гаруй жилийн түүхэн үе шатуудад ул суурьтай шинжилгээ хийж, дийлэнхдээ зөв зүйтэй дүгнэлт өгсөн байна. Түүнчлэн үндэсний эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, давуу болон сул тал, эрсдэлтэй өнцгүүдийг тоо баримтаар харуулж чадсан байна.  

Харин цаашдын тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох, тэдгээрийг хангах  арга механизмыг оновчтой сонгож чадсангүй. Юуны өмнө, Монголын нийгмийн тэргүүлэх зорилт нь өнөөгийн нөхцөл байдалд хурдацтай, хүртээмжтэй өсөлт гэхээсээ илүү эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулах, улмаар нөхөн тэлжих чадамжийг хангах явдал юм. 

Учир нь сүүлийн 100 гаруй жилийн түүхийг нь аваад үзэхэд манай үндэсний нөхөн үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт байнга л гадаадын тусламж, зээлэнд  дулдуйдаж ирсэн байдаг. Эдгээр санхүүжилт нь нь хөрш орнуудын геополитикийн (жийрэг бүс болгох), үзэл суртлын тэмцлийн (капитализмыг алгасуулах), ардчилалыг сурталчлах (төв Азид ч боломжтойг) зэрэг сэдлээр олгогдож байсан бөгөөд азаар ихэнх тохиолдолд төлбөрөөс нь чөлөөлөгдөж иржээ. 

Жишээ нь Манжийн төрд тавьсан өр 15 сая лан мөнгөний өр Хятадад засаглал солигдсоноор, Хаант Оросод тавьсан 5 сая рублийн өр Октябрийн хувьсгал ялснаар, ЗХУ болон бусад социалист орнооос авсан 10 гаруй тэрбум шилжих рублийн зээлийн өрийн дийлэнх “дэлхийн социализм” нурснаар хүчингүй болсон байдаг.

1990-ээд оноос 2 тэрбум орчим долларын буцалтгүй санхжүүжилт, мөн тийм хэмжээний хөнгөлөлттэй зээл авснаар Монголын эдийн засаг зах зээлийн горимд үндсэндээ шилжиж, харин 2010-аад оноос уул уурхайн экспорт огцом өссөний ачаар бие даан хөгжих төлөвт шилжсэн. Эдгээр нааштай өөрчлөлтийн өнгөн дээр Монголын эдийн засагт өгөх үнэлгээ сайжирч  гадаадаас арилжааны нөхцөлтэй зээл, шууд хөрөнгө орох орчин бүрдсэн нь эргээд нөхцөл байдлыг хүндрүүлснийг олж харах ёстой.      

2010 онд ДНБ 13,2 их наяд төгрөг байсан бол 2018 онд 32,3 их наяд болж эдийн засаг 2,4 дахин өссөн харагдана. Энэ хооронд долларын төгрөгтэй харьцах ханш 1283 байснаа 2564 болж 2 дахин өсчээ. Төгрөгийн энэ үнэгүйдлийг тооцвол эдийн засаг маань ердөө 22% өсчээ. Гэтэл сүүлийн 10 жилд үндэсний нийт гадаад өр 4 дахин, Засгийн газрынх 3,8 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, манай эдийн засгийн өсөлт жам ёсны бус, харин гадаад өр зээлэнд дулдуйдсан “генийн өөрчлөлт”-тэй хөөсрөлт юм.   

Иймээс Монголын үндэсний хөгжлийн 2050 он хүртэлх стратеги нь “Алсын хараа 2050”-нд дурдсанчлан ДНБ-ийг 6.1 дахин өсгөж аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтах популист биш, харин үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг баталгаатай хангах парагматик зорилт байх ёстой болов уу.

“Алсын хараа 2050”-д хөгжлийн урьдач нөхцөл, суурь хүчин зүйлийг уламжлалт ёс зан заншил, нүүдлийн соёл иргэншил, түүх дээр тулгуурласан ”Үндэсний нэгдмэл үнэт зүйлийн гүн ухамсар” гэсэн нь, хүлээн зөвшөөрөхөд хэцүү, шуудхан хэлэхэд онол-арга зүйн хувьд алдаатай юм. 

Аливаа улс орны өсөн дэвжихийн үндэс нь материаллаг үйлдвэрлэлийн тэлэлт, бүтээмжийн өсөлт л байдаг. Монгол нь төрт ёсны арвин уламжлалтай, нүүдлийн өвөрмөц соёлтой үндэстэн хэдий ч хүмүүн төрөлтний нийтлэг зүй тогтлыг огоорч эс чадна. Эдийн засаг нь тэлж баймааж л сая боловсрол эрүүл мэнд, урлаг соёл нь дэвжинэ, ард иргэд нь элбэг хангалуун, аз жаргалтай болно.

Түүнчлэн хөгжлийн урт хугацааны бодлогын эхлэлтийн цэг нь ногоон хөгжил гэсэн нь дэлхий нийтийн хандлагыг тусгаж буй ч  эдийн засгийнхаа харьцангуй доогуур түвшинг бодолцвол энэ зорилт өнөөдөр хэр оновчтой вэ гэдгийг сайтар тунгаавал зохино. Тэгээд ч бид өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан. Магадгүй “анхны хуримтлал”-ын эдүгээгийн үе шатанд уул уурхай, уламжлалт эрчим хүчийг түлхүүтэй ашиглах шаардлага байж мэднэ. Англи, Герман, АНУ зэрэг орнууд хөгжлийнхөө “гарааны үед” бүгд уул уурхайн гарцыг илүүтэйд үзэж байсан байдаг.

Иймэрхүү бодит угтвар  нөхцлүүдийг иш үндэс болгосны улмаас “Алсын хараа 2050”-д эргэлзээтэй зорилтууд дэвшигджээ. “Уул уурхайн түүхий эрдсийн экспортыг хязгаарлах, дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа илүүг экспортлох зарчмаар дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах эрх зүйн татварын орчинг бүрдүүлэх” (хуудас 38 ) гэснийг хүлээн зөвшөөрөхөд бас л хэцүү юм.

Ийм зорилтууд байнга л дэвшүүлэгдэж байсан, гэхдээ хэрэгжихгүй 30 шахам жил явж ирсэн, гол шалтгаан нь эрх зүйн болон татварын орчин оновчгүй гэхээсээ илүү Монголын эрс тэс уур амьсгал,  дотоодын тээврийн өндөр зардал зэрэгт байдаг болов уу. 

Өөрөөр хэлбэл хөнгөн болон хүнсний аж үйлвэрийн салбар манайд хөгжих эдийн засгийн, өртөг зардлын орчин хангалтгүй л гэсэн үг. Жишээ нь, хонины нэхийг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлсэн бол 3000 төгрөгний урамшуулал олгоод түүхийгээр нь экспортлохыг хориглоод байхад л нь боодол бохины үнэгүй хэвээр байгаа. Адууны шир ч ялгаагүй, 15000-ын урамшуулал өгөөд ч нэмэргүй, сүүлийн хэдэн жил Эмээлт дээр өтөнд идэгдсээр буй. 

Хөнгөн, хүнсний болон газар тариалангийн салбарт гадаадын хөрөнгө орж ирэхгүй байгаа нь эдгээр төрлийн үйлдвэрлэл Монголд ашиг доогууртайг  нь  гэрчилж буйг олж харах цаг болсон.

Эрдсийг түүхийгээр нь экспортлохыг хязгаарлах нь онолын хувьд илүү өгөөжтэй байж болох ч манай өнөөгийн нөхцөлд практик талаасаа хэр оновчтой вэ гэдэг асуултыг тавихад буруудахгүй. Уул уурхайн төслүүдийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай, тиймээс боловсруулаад уу, эсвэл түүхийгээр нь гаргах уу гэдэг нь тэдний хувьд арилжааны гол шалгуур байдаг нь ойлгомжтой. 

Хагас, бүрэн боловсруулахад хөрөнгө оруулалт ахиу шаардагддаг, иймээс ашигт ажиллагааны түвшинд нь нөлөөлдөг ч байж болно, эсхүл манай эрх зүйн орчин урт хугацаанд итгэл баталгаа төрүүлдэггүй байж ч болно. 

Гол шалгуур нь нэгж валют олоход гаргаж буй зардал л байх ёстой. Энэ өнцгаас харвал өнөөгийн шатанд түүхийгээр экспортлохыг хориглох, хязгаарлах нь тийм ч оновчтой бодлого биш л болов уу.  

“Бизнес эрхлэх хялбар байдлын индекс”-ээр Монгол Улс 190 орноос 74-т, бизнес анх эрхлэх боломж, татварын ачаалал, өмчийн бүртгэл болон гэрээний хэрэгжилт хангуулалтын үзүүлэлтээр 49-87-д эрэмбэлэгдэж байгаа тул өрсөлдөх чадвараа дээшлүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг даллан дуудахын тулд хойш нь татаж буй үзүүлэлтүүд дээр онцгой анхаарал хандуулах шаардлагатайг “Алсын хараа”-нд зөв зүйтэй тэмдэглэсэн байна лээ.

Цаашид зайлшгүй анхаарах асуудлууд мөн. Гэтэл нүүдлийн соёл иргэншлийн өвийг баяжуулан хөгжүүлж, орлого олох; археологи, палеонтологийн судалгаагаар уран бүтээл туурвин дэлхийн зээлд гаргах; үндэсний наадам, уралдааныг олон улсынх  болгох (хуудас 34) гэхчлэн үр ашиг гарах эсэх нь тодорхойгүй,  төрөөс зарцуулах мөнгө хөрөнгийг  улам нэмэгдүүлэхэд чиглэсэн заалт зорилтууд олон орсныг дэмжих аргагүй юм. 

Тэгээд ч үндэсний шинжтэй урлаг соёлыг дэлхий дахинаараа мөнгө төгрөгөөр худалдаж аваад байх нь юу бол. Төсвөөр дамжуулж улс төрчдийн “тоглодог” мөнгийг хумих, зах зээлийн зохицуулалтын цар хүрээг аль болох тэлэх нь зүйтэйг өнгөрсөн 30 жилийн туршлага харуулаад байгаа шүү дээ.

Эцэст нь “Алсын хараа 2050” хэрэгжих улс төрийн орчинд эргэлзээ төрж буй.  1990 оноос хойш гаргасан их 567 бодлогын баримт бичиг, үүний дотор 2016 онд УИХ-аар батлагдсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” ч огт хэрэгжих үндэсгүй, алдаатай зүйлс байгаагүй байх. 

Гол нь засгийн эрх авахын төлөөх намуудын “популист” өрсөлдөөн, улс төрчдийн доогуур ёс зүй, төрийн албаны богино ой санамж, хөрөнгө оруулалтын үр ашиг муутай зохицуулалт, нийгмийн халамжийн хэт хавтрайрсан бодлого зэргийн улмаас эдгээр баримт бичиг дутуу хэрэгжсэн. 

Тэгвэл 2020 оноос л улс төрийн орчин бүрнээ цэвэршиж, засаг төр тогтворжиж, улс төрчид ашиг сонирхлын зөрчлөөс бүрэн ангижирч, ард иргэд нь ажилч хичээнгүй болж тэжээгдэх сэтгэлгээнээс сална гэвэл ихээхэн гэнэн зүйл болно. 30 жилийн тушид бүрдсэн улс төрийн бохир орчныг арилгахад мөн л тийм хэрийн хугацаа шаардагдах нь бодит үнэн буй заа.

Дээр дурдсаныг бодолцвол “Алсын хараа 2050” нь сүүлийн 100 гаруй жилийн үйл явцад танин мэдэхүйн шинжтэй үнэлгээ өгсөн, ирэх 30 жилд дэвшүүлж болох зорилтуудыг тусгасан зөвлөмжийн чанартай баримт бичиг гэж үзвэл зохилтой. 

Харин улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой хэдэн зорилтыг хуулийн хэлбэрээр батлах, тэгээд хэрэгжилтэд нь хөндлөнгийн, магадгүй гаднын туршлага, нэр хүнд бүхий бүтцийн оролцоотойгоор хяналт тавьдаг тогтолцоо л Монголд хэрэгтэй буй. Ийм тогтолцоо нь юуны өмнө “шүгэл үлээгч” байх юм. 

Өр зээлийн зохист хэмжээг хангах, үр өгөөжтэй ашиглах талаар хууль тогтоомжууд гардаг ч тэдгээрийг мөрдөж ажиллах, хэрэгжүүлэлтэд хяналт тавих нь Монголын өнөөгийн улс төрийн тогтолцооны хувьд ихээхэн хүндрэлтэй, бараг боломжгүй зүйл болчихоод буй. 

Учир нь хуулийг давж гарах нь эрх баригчдын хувьд ердийн зүйл болсон. Энэ байдлыг шүүмжлэх зоригтой улс төрчид  ховор, намын даргадаа таалагдахын тулд зориглон дуугардаг хүн байхгүй болсон. Тэгээд ч энэ тогтолцоог нураавал хашиж байгаа албан тушаал нь нурж түүнээс олдог орлого, ашиг нь үгүй болох орчин үйлчилж буй.    

Иймээс зөвхөн хөндлөнгийн, санхүүгийн хувьд засаг төрөөс үл хамааралт бүтэц л энэ байдалтай тэмцэж чадна. Энэ ажлыг олон улсын санхүүжилттэй хараат бус судлаачдаас бүрдсэн баг хийвэл илүү үр дүнтэй байх болно. 

Хэдийгээр ийм баг шийдвэр гаргах хууль эрхийн боломжгүй ч гэлээ бодит нөхцөл байдлыг олон нийтэд илчилж шийдвэр гаргахад нөлөөлөх болно. Жишээ нь “Алсын хараа”-нд  гадаад өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж ДНБ-д эзлэх хэмжээг 40-өөс доош хувьд хүргэхээр заасан нь маш зөв. Энэ тухайд аль ч Засгийн газар хөдөлгөөнгүй мөрдөх хууль байх хэрэгтэй.

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Ж.ГӨЛГӨӨ

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ