Цасанд суусан тээврийн хэрэгслүүдийг татан гаргажээ. Говьсүмбэр аймгийн чиглэлд зургаан зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин цасанд суусан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-ын “Toyota Prius-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан байна.
Мөн Дундговь аймгийн Луус сум Буянт багийн нутагт зорчиж явсан гурван зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид ажиллаж иргэн С-ийн “Toyota Prius-30” загварын автомашиныг цаснаас гаргажээ.
Жолооч та бүхэн хөдөө орон нутагт зорчихдоо баталгаатай замаар зорчих, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд анхаарч, шатахууны нөөцтөй явахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.