• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0
 

Бид  өдөр тутамдаа машинтай шүргэлцэх шахам алхаж, өвлийн улиралд мөстсөн зам дээр халтиран, замд суурилуулсан “эко” хавтанд  гутлынхаа өсгийг шигдүүлэн, хайрга, шороон дунд алхан амьдарч байна. 

Жилийн жилд жуулчин татах нэрийдлээр “Аз жаргалтай хот”, “Найрсаг Улаанбаатар” гэх гоёмсог нэртэй хөтөлбөр баталдаг. Гэтэл харааны бэрхшээлтэй хүн битгий хэл явган хүн хотыг хөндлөн гулд нь зорчих стандартад нийцсэн замгүй байж “аз жаргалтай хот” гэж ярих нь зүйд хэр нийцэх вэ?

Дэлхий нийтэд явган хүний зам хамгийн багадаа 1.5 м өргөн байх ёстой гэсэн стандарт мөрддөг. Хэрэв дугуйн замтай зэрэгцүүлэн хийвэл явган хүний зам 2.5 м, дугуйн зам 1-1.5 м өргөнтэй байх ёстой. Харин манайд ийм зам төвийн цөөн хэдэн замаас бусад газар бараг байхгүй.

 
 

Нийтийн зам, талбайд овоолсон барилгын хаягдал, явган замруу түрэн барьсан барилга байгууламж, хоёр хүн зөрөх боломжгүй нарийхан зам, иргэдийн зорчих хэсгийг таглаж машинаа байршуулсан байх нь манайд хэвийн үзэгдэл. Нийслэл маань хэдийн “метрополис” хот болсон ч даац хэтэрсэн автозамын сүлжээ, цөөхөн ногоон байгууламж,  явган хүний зам талбай хомс гээд учир дутагдал олон. 

Энэ нь сүүлийн 40 жилд нийслэлд барилгын салбар эрчимтэй хөгжиж үүнийг дагаад төлөвлөлтгүй, эмх замбараагүй барилга барьсантай холбоотой. Нийслэлд барьсан нийт барилгын талбайн хэмжээ ойролцоогоор 9 дахин нэмэгдсэн ч явган зам талбайн хэмжээ ердөө 0.4 дахин нэмэгджээ. 

Дэхийн жишигтэй явган хүний зам, түүний тохижилтын асуудал байнга яригддаг ч хотын төвөөс бусад хэсэгт хэрэгждэггүй. Авто замын ажлууд хийгдэж байгаа ч явган хүний зам талбайг нэмэгдүүлж, тохижуулах ажил орхигдсоор байна. 

Стандарт, хууль дүрмээ дагаж мөрддөггүй компаниуд, тэдгээрийн ёс зүйгүй үйлдлийг харсан ч “ийм л байсан, ийм л байх ёстой юм байлгүй” гэх  иргэд, захын хорооллын гудамжаар алхаж үзээгүй бодлого тодорхойлогчтой бид “иргэн төвтэй хот”-ыг  хэзээ цогцлоох вэ? 

МОСКВАЧУУДЫН ШИЙДЭЛ

Нэлээдгүй зай, талбайтай өргөн чөлөө, Москва гол, ой модыг санагдуулам ногоон байгууламж гээд хүн амьдрахад хамгийн таатай уур амьсгалыг Москва хот бүрдүүлжээ. 12.9 сая хүн амтай энэ хот нь нэг хүнд ногдох ногоон байгууламж, зам талбайн хэмжээгээрээ дэлхийд нэгт ордог /2018 оны байдлаар. Хотын орон зайн 54 хувийг ногоон байгууламж эзэлдэг.

Ногоон байгууламжийг хотын уушги гэж үзвэл Москва дэлхийн хамгийн эрүүл уушгитай хот. Учир нь цэцэрлэгт хүрээлэн болоод явган зам дагуух ногоон байгууламж, Москва голын тохижилт зэрэг нь энэ хотын иргэдийг аюулгүй, аз жаргалтай амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

 
 

2015 оноос эхлэн авто машины замбараагүй зорчилтыг багасгах, явган болон дугуйн зам, талбайг дахин тохижуулах бүтээн байгуулатын ажлыг эхлүүлжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих замыг бас мартсангүй. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд Оросын архитектуруудаас гадна Франц, Дани, Герман, Нидерландын шилдэг архитектурын фирмтэй хамтарчээ.

 
 

Оросын “Ведомости” сонины мэдээлснээр 2017 он хүртэл 10 өргөн чөлөөг тохижуулж, явган замыг нэмэгдүүлсэн тус бүтээн байгуулалтад 50 тэрбум рубль /850 сая ам.доллар/ зарцуулсан. Уг бүтээн байгуулалт 2020 он хүртэл үргэлжлэх аж. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлснээр автомашины хөдөлгөөнийг сааруулж, хотын ачааллыг бага ч атугай багасгаж чадсан байна. Үүгээр ч үл барам явган хүн зорчих хэсгийг цэцэрлэгжүүлж хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн нь хотын өнгө төрхийг сайжруулаад зогсохгүй иргэдийн хандлага, зан араншинд эерэгээр нөлөөлжээ. 

АЧ ХОЛБОГДОЛ:

  • Иргэд аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ.
  • Авто машины түгжрэлийг сааруулж, хотын ачааллыг бууруулах боломжтой.
  • Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг нэмэгдүүлнэ.
  • Зам дагасан ногоон байгууламж нэмэгдэж агаарын чанар сайжирна.
  • Сурагчдыг аюулгүй, чөлөөтэй зорчих боломжийг нэмэгдүүлнэ.
  • Хотын өнгө төрхийг сайжруулна.
  • Дугуйгаар зорчигчийн тоо нэмэгдэнэ.
TAGS