• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    100   |  
0

Автобус хүлээн зостол амны хаалтгүй ах гутал руу минь цэртэй шүлсээ хаяж орхих нь тэр. Тэвчээр барагдан “Та энэ эгзэгтэй үед яаж байна” гэтэл юун сүртэй юм, хол зогсохгүй, юугаа хийсэн юм? гээд автобусанд суугаад явчихлаа.

Тэр эгшинд уурсан шүлс хаясан иргэнд ямар хариуцлага тооцохыг интернетээс хайтал “Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-зүйлд “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай” гэж заажээ. 

Гэхдээ хэн эдгээр хүмүүсийг хянаж, хуулийн хариуцлага тооцох вэ? Гудамж талбай, нүх сүв бүрт хяналтын камер, цагдаа, эргүүл байж чадахгүй тул хотын соёлд суралцаагүй иргэдийг хэрхэн илрүүлэх вэ?

  • Хэнэггүй шүлсээ хаягчдад бид л шаардлага тавих ёстой

Гэвч..

Хэрэв “шүлсээ хаягчдын”-ийн шүлс, нус, тамхины ишинд оногдвол шаардлага тавих нь бүү хэл “холуур яваагүй бидний буруу” болдог ухамсар, соёлын доголдолтой, ийм л нийгэмд бид амьдарч байна.

XXI зуунд амьдардаг өнгөрсөн зууныхан

Энэ нь соёлт нийгэмд амьдарч буй хотын иргэнээс гарч боломгүй авир атал бид хэдийн дөжирчээ. Цаг агаар дулаарч буй энэ үед өнөөх “хэргийн эзэд”-ийн ялгаруулсан бохирдол цас мөстэй хамт хайлж, нян нь агаарт дэгдэж биднийг хордуулсаар...

Шүлсээ хаях үед вирус агаар,  дуслын замаар тархах ба дусал дахь вирус хоёр метр, харин агаарт тархах вирус нь 9 метр хүртэл тархдаг. 

Шүлс: Үхэл дагуулах өвчний үндэс болох нь

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн сануулж буйгаар шүлс, цэрээр дамжин томуу, сүрьеэ, хеликобактер, элэгний гепатит, менингитийн олдмол төрлүүд, хоолой, тунгалгийн зангилаа, элэг, дэлүүг халдварлуулдаг эпштейн баррын вирус мөн COVID-19 вирус агаарт дэгдэж, юмсын гадаргуу дээр наалдах замаар хүнд халдварладаг аж.

Коронавирусийн халдвар илэрсэн түгшүүрт энэ үед бид сэрэмжээ улам чангатгаж, ахуйн ариун цэврээ чандлан сахиж, шүлс хаях нь бүү хэл амны хаалтаа байнга зүүж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж иргэний үүргээ биелүүлэх нь нэн тэргүүний шаардлага боллоо. 

Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлс нэг саяас дээш нян агуулдаг.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны судалгаагаар манайд жил тутамд шинээр 4 мянга гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 орчим хүн нас бардаг аж. Бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гардаг байна.

Тухайлбал, сүрьеэтэй хүн таны хажууд шүлсээ хаяхад танд өвчин халдварлах магадлал 95 хувь байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.

Үүнээс үзвэл сүрьеэ, коронавирус зэрэг вирусийн гаралтай өвчин тээж буй хүний хаясан шүлс, цэр нь хамгийн түрүүнд хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйд халдварлах боломжтой юм.

Түүнчлэн манай улсын хүн амын 80 орчим хувь нь ходоодны хеликобактертай гэсэн судалгаа бий. Хүмүүс энэ өвчнийг голчлон ахуй болон шүлсээр бусдад халдаадаг байна.

Үүний нэгэн жишээ агаар, дуслаар халдварладаг коронавирусийн хувьд өнөөдрийн байдлаар 115 орны 114 мянган хүнд халдаж, 4026 хүний нас баралтын шалтгаан болоод буй.

Хятад улсын хувьд тус вирусийн халдвар газар авахад нөлөө үзүүлсэн хүчин зүйлийн нэг нь олон нийтийн газар шүлс, цэрээ хаяхыг нийгмийн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гэж хуульчлаагүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Бусад улс орнуудад “шүлс хаягчдад” дараах арга хэмжээг авдаг

XIX зууны үед европт ил хаясан шүлснээс олон төрлийн өвчин халдварладгийг ирлүүлсний дараа үүний эсрэг нийгмийн компанит ажлууд хийгдэж, шүлс, нус, цэрээ нийтийн эзэмшлийн талбайд хаяхыг хориглосон соён гэгээрлийн ажлыг хийж эхэлжээ.

  • АНУ

1882 онд Германы бактериологич Роберт Коч дэлхийн хамгийн түгээмэл нянг сүрьеэгийн савханцар болохыг тодорхойлжээ. 1800 оны сүүлд сүрьеэ нь АНУ-ын хүн амын долооны нэгийг авч одож, тухайн цаг үеийн хамгийн аймшигтай халдварт өвчний тоонд орж байв. Үүний тархварыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор тус эрдэмтэн нийгмийн эрүүл ахуйг сахих кампанит ажлыг санаачилсан юм. 

1915 онд La Gazette du Bon Ton сэтгүүлд сүрьеэгийн бактери нь ханиаж, найтаах, нулимах үед агаарт хоёр цаг хүртэл тогтож, хувцас болон гөлгөр гадаргууд бүтэн өдрийн турш амьдрах чадвартайг илрүүлсний дараа эмэгтэйчүүд богино банзал өмсөх болсон талаарх нийтлэл хэвлэгджээ.

Тус улсад 1800-оны сүүл үеэс нийгмийг соёлжуулах кампанит ажил эрчимтэй хийгдэж 1909 онд олон нийтийн газар шүлсээ хаяхыг хориглосон хууль баталсан байна.

2003 онд Нью Йорк хотын Palmyra дүүрэг тус хуулийг шинэчилж торгуулийн хэмжээг 250 ам.доллар болгон нэмэгдүүлж, зөрчил гаргасан этгээдийг 15 өдөр хорих ял нэмж оноох болжээ. Нью Йорк хот олон нийтийн газар шүлсээ хаясан иргэнийг 75 /анх удаа бол/-400 ам.доллараар торгодог хуультай.  

  • Их  Британи улс

1990 он хүртэл гудамж, талбай нийтийн эзэмшлийн газар шүлсээ хаясан иргэнийг 5 фунтаар торгодог байв. Сүүлийн жилүүдэд торгуулийн хэмжээ нэмж Лондон хотын зүүн хэсгийн дүүргүүдэд шүлсээ хаясан иргэдийг 80 фунтаар торгодог болжээ.

  • Канад

Тус улсын эрүүл мэндийн тухай хуульд зааснаар гудамж, нийтийн эзэмшлийн талбайд шүлсээ хаяхыг хуулиар хориглож, зөрчсөн тохиолдолд 100-2 мянган канад доллараар торгох арга хэмжээ авдаг байна.

  • Австрали

Олон нийтийн газар нулимахыг хориглосон хуулийг тус улс 1993 оноос батлан хэрэгжүүлж зөрчил гаргагсдыг 110 австрали доллараар торгодог.

  • Сингапур

Гудамж, явган хүний зам, олон нийтийн талбай, худалдаа үйлчилгээний газрын булан тохойд шүлсээ хаяхыг хориглосон бөгөөд хуулийн биелэлтэд хатуу хяналт тавьж, зөрчигсдийг мянга хүртэлх сингапур долларын торгууль оноодог.

Харин хөгжиж буй орнуудын хувьд Непал улс олон нийтийн газар тамхи татах, шүлсээ хаяхыг хуулиар хориглосон анхны улс болжээ. Шүлсээ ил хасан иргэдээ Бутан улс 100  нултрумээр, харин Папуа шинэ Гвинейн хувьд 120 кинагаар торгодог аж.

Нийслэлчүүдээ, гэрийнхээ гаднах орчинд хүнийрхүү хандахаа больёо!

Хуульд зааснаар зөрчил гаргасан этгээдийн дүрсийг иргэд үйлдэл дээр нь бичлэг хийж эсвэл зургаар нь баримтжуулан цагдаа, хяналтын байгууллагад мэдэгдэнэ гэжээ. Гэвч биеэ авч явах наад захын соёлгүй эдгээр иргэнд шаардлага тавьж, гаргасан зөрчлийг баримтжуулан хуулийн байгууллагад мэдээлэх ухамсар, сэтгэлтэй хүн цөөн. Хууль хяналтын байгууллага ч өдөр бүр гудамж, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан хяналтын камерыг шүүж зөрчил гаргасан этгээдийг олж илрүүлэх боломж, цаг зав хомс.

Иймд олон нийтийн газарт шүлсээ хаяж байгаа иргэнд шаардлага тавьж, баримтжуулан мэргэжлийн байгууллагад хандах нь энэ мэт бүдүүлэг үйлдлийг таслан зогоох, өөрсдийнхөө төдийгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч буй хэрэг юм. Коронавирусийн дэгдэлттэй энэ үед амны хаалт байнга хэрэглэж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг мөрдлөг болгож хөнөөлт өвчнийг хохирол багатай даван эсэх нь бидний ухамсар, хариуцлагын асуудал болоод байна.

 
 
TAGS