• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    109   |  
0

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг өнгөрөгч амралтын өдрүүдэд 70 жилийн ойгоо хүй долоон худагт 128 бөх барилдуулж, соёолон, их насны хурдан морьд уралдуулан нижгэр тэмдэглэлээ.

Монголчууд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж өнгөрүүлээд сар ч болоогүй байхад их хэмжээний зардал гарган байж ахин наадмын дайтай баяр зохиох шаардлага үнэхээр байсан уу? 

Дэлхий нийтэд төмөр замын  салбар гэрлийн хурдаар хөгжиж хурдны галт тэрэг онгоцтой дүйцэх хурдтай болоод байна. Бид энэ хөгжлийн хаана нь үлдчихэв, хэрхэн тэдэнтэй хөл нийлүүлж, илүү үр бүтээлтэй аюул осолгүй ажиллах вэ гэдэгт анхаарахын оронд жилийн жилд баяр наадам тэмдэглэж, авилга, сандал, суудлын хэргээр хэрэлдсээр суух уу?

Далайд гарцгүй манай оронд төмөр замыг онцгойлон хөгжүүлэх ёстой атал Улаанбаатар төмөр зам нийгэмлэг 320 аж ахуйн нэгж, алба, 15 мянга гаруй ажилтан, олон орлогч даргатай данхар тогтолцоотой боловч хөгжил нь 70 жилийн өмнөхөөрөө байна.

Улсад татвар төлөхгүй, өнөөгийн зах зээлийн зарчмаар ажиллахгүй байгаа нь энэ байгууллага манай улсын хөгжлийн бас нэгэн гацаа гэж хэлж болно.

Нийслэлийн тэг дундуур зорчин өнгөрөх транзит тээврийн  галт тэрэг хотын агаар, орчин, дуу чимээний бохирдлыг үлэмж нэмж, өдөр нь замын хөдөлгөөнийг саатуулж, шөнө нь хангинах чимээ нь иргэдийн тайван амрах нөхцлийг алдагдуулсаар.

Хэдийн 70 жил өнгөрсөн ч хотын захаар тойрох зам тавьж чадаагүй, өндөр насжилттай уг төмөр зам дээр өвлийн цагт нүүрс түлж халаадаг, зуны цагт “саун” болдог зорчигч тээврийн галт тэрэг, тээвэрлэлт ихсэхэд, ачааллаа дийлэхгүй  бөөгнөрөл үүсгэдэг “мэлхийн хурдаар” гэлдэрсээр л байг уу дарга нар аа?

Дан замтай тул цуваа нь аль нэг өртөөний салаалсан зам дээр зогсон хүлээж, эсрэг урсгалын цуваагаа өнгөрүүлдэг тул эдийн засгийн үр ашгийн хувьд ихээхэн удаашралтай.

Өнгөрсөн зууны төмөр зам их хэмжээний бороо орох болгонд галт тэрэг замаасаа гарч осолдох тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна.

Тухайлбал өнгөрсөн оны наймдугаар сард Улаанбаатар-Сайншандын чиглэлийн 286 дугаар галт тэрэгний зүтгүүр, ачааны тээшний болон суудлын гурван вагон замаас гарснаас 18 иргэн бэртэж 200 орчим сая төгрөгийн хохирол учирсан билээ. Мөн түүнчлэн энэ оны тавдугаар сард Дарханы зам дээр 2508 дугаартай ачааны галт тэрэг замаасаа гарч осол гарсан.

Төмөр зам олон хүний амь нас, эрүүл мэнд, их хэм­жээний эд хөрөнгөтэй холбоотой байдаг учраас дэлхийн улс орнууд төмөр замынхаа аюулгүй байдал, чанарт онцгойлон анхаардаг.

Зуны улиралд Европын жуулчид ОХУ-аар дамжин,  Улаанбаатарт саатаад БНХАУ-ыг зорьдог. Мөн Зүүн Өмнөд Азийн жуулчид Бээжингээр дамжин  Монголд ирж аялаад Европыг зорих нь олонтаа.

Гэтэл олон улсын гэх тодотголтой Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүдийн галт тэрэгний өртөөнүүдэд социализмийн үеэс хойш засвар хийгдээгүй, дээрээс нь үйлчилгээ муутай “музейн үзмэр” л гэсэн үг. Энэ нь эргээд зорчигчдынхоо ая тухыг алдагдуулж, үйлчлүүлэгчдээ алдахад хүргэнэ.

Төмөр замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг УРД ХӨРШӨӨСӨӨ суралцах зүйл чамгүй их

Хятад улс 30 мянга гаруй км урттай хурдны галт тэргийн, мөн 127 мянган км урттай зорчигч тээврийн болон ачаа тээврийн төмөр замтай. Мөн тус улсын төмөр зам дэлхийн нийт төмөр замын уртын гуравны нэгийг эзэлдэг. 

Энэ нь тус улсад өрнөсөн 1975 оны реформын дараах үр дүн буюу төмөр замын урт 150 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Синьхуа агентлагийн мэдээлснээр 2025 он гэхэд 15 мянган км урттай хурдны галт тэргийн зам нэмж барихаар зорьж ажиллаж буй. 

Одоогоос 12 жилийн өмнө аль ч хот нь хурдны галт тэргийн сүлжээнд холбогдоогүй байсан урд хөрш өдгөө 30 мянган км өндөр хурдны галт тэргийн замтай болжээ. Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэнжэн хотуудыг оролцуулан 25 хот транзит төмөр замын сүлжээнд холбогдсон байна.

Хятад улс  цагт 600 км хурдалдаг анхны соронзон хөөрөлттэй зорчигч тээврийн галт тэргийг олон нийтэд танилцуулаад удаагүй билээ.

Бээжингээс Шанхай хүртэл 1300 км замыг онгоцоор цаг 30 минутын хугацаанд туулдаг. Харин хурдны галт тэргээр таван цаг 30 минутын хугацаанд зорчдог байсан бол соронзон хөөрөлттэй Маглев  галт тэргээр ердөө гурван цаг хагасын хугацаанд зорчих боломжтой.

Хятад улс хурдны галт тэрэг болон дагалдах технологио экспортлохоор 17 улстай хэлэлцээр байгуулжээ. Тэрээр 2017 оноос эхлэн Лондон-Бээжингийн чиглэлд туршилтын ачаа тээврийн галт тэргээр бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэж эхэлсэн байна.

Тодруулбал тус тээврийн галт тэрэгний цуваа Хятадын зүүн хэсгийн Жэжиан өртөөнөөс 2017 оны нэгдүгээр сарын нэгэнд хөдөлж Хятад, Казахстан хоёр улс хоорондын “Достык” хилээс, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг таван орноор дамжин нийт 12000 км зам туулан мөн сарын 18-нд Лондонгийн “Eurohub” галт тэрэгний буудалд хүрсэн аж.  

Энэ нь далайн тээврийн зарцуулах хугацааны тэн хагастай эн тэнцүү бөгөөд агаарын тээвэрт зарцуулах зардлаас үлэмж хямд тусчээ. Иймд тус улс нь цаашид хувцас, цахилгаан хэрэгсэл, автомашины өндөр үнэтэй зарим эд ангийг тээвэрлэхээр зорин ажиллаж байна.

“Экономист” сэтгүүлийн мэдээлснээр 2020 он гэхэд БНХАУ 16 мянган км урттай өндөр хурдны төмөр замыг нэмж барихаар зорьж байгаа аж. Өнгөрөгч 2018 онд тус улс хурдны галт тэргээр 3.4 гаруй тэрбум зорчигч тээвэрлэжээ.

Мөн манай улстай ижил далайд гарцгүй, өргөн царигийн төмөр замтай Казахстаны хувьд Хятадтай хоёр улсын хооронд 1000 км урттай хурдны галт тэрэгний зам тавих гэрээ байгуулж, төмөр замын хөгжилд технологиос нь нэвтрүүлж байхад манай улс хаяанд нь байж энэ мэтийн боломжийг алдсаар байна. 

Хятад болон Казахстан улсын төмөр замын тээврийн худалдааны эргэлт 2018 онд өмнөх жилүүдийнхээс 50 хувиар өсжээ. Казахстан улсын үндэсний төмөр замын компани болох “Казахстан Темир Жолы” компани 2019 онд хоёр улсын хооронд 15.7 мянган тонн ачаа тээвэрлэсний 8500 тонн нь Казахстанаас БНХАУ-руу тээвэрлэсэн байна. Казакстан улс 2018 онд Төв Азид 283 сая тонн ачаа тээвэрлэсэн нь манай улсын жилийн нийт тээврээс даруй 10 дахин их үзүүлэлт юм. 

Харин АНУ-ын хувьд төмөр замын уртаараа дэлхийд тэргүүлдэг. /250 мянган км/ Төмөр замын 80 хувийг ачаа тээврийн, үлдсэн хувь буюу 35 мянган км-ийг зорчигч тээврийн сүлжээний  зам бүрдүүлнэ.

Ачаа тээврийн төмөр замын сүлжээ нь 538 төмөр замаас бүрдэх ба хувийн эзэмшлийн компаниуд хөдөлгөдөг. /нэгдүгээр зэрэглэлийн 7 зам, 21 бүс нутгийн зам, 510 орон нутгийн зам төмөр зам бий./

Union Pacific Railroad  болон BNSF Railway дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээний компани юм. BNSF, Norfolk Southern, CSX, болон Union Pacific гэсэн дөрвөн компани тус улсын нийт төмөр замын 40 хувийг эзэмшдэг. Харин зорчигч тээврийн сүлжээ Амтрак компани нь 49 муж улсын 500 өртөөг холбосон 30 гаруй галт тэргийн зүтгүүртэй. 2030 он гэхэд төмөр замынхаа уртыг 27 мянган км болгохоор зорьж байна. 

Ачаа тээврийн хувьд галт тэрэг ачааны машины дараа ордог. Тус улсын хилээр тээвэрлэж буй импорт болон экспортын бараа таваарын 15.3 хувь нь галт тэргээр зөөдөг. Америкийн өндөр хурдны галт тэргийн хувьд нь цагт 241 км хурдалдаг.

Америкийн хөндлөн гулд нь холбосон төмөр зам нь тус улсыг дэлхий дээрх хамгийн үр ашигтай  зам тээврийн сүлжээтэй орон болгож буй юм.

Эх сурвалж: https://www.railway-technology.com

УБТЗ ХНН-ийн 70 жилийн ойн баярын зургуудаас

TAGS