• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    126   |  
0

1992 онд НҮБ байгаль орчин, хөгжлийн асуудлаар хуралдаж “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарган, 1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтийг усны талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, цэвэр усны нөөцийг хэмнэх талаар сурталчлан таниулах өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ.

Ингэхэд та хэзээ нэг өдөр усны хувийн хэрэглээгээ тооцоолж байв уу? Усны хэрэглээ гэхэд та зөвхөн ахуй болон унданд хэрэглэж буй ус гэж эндүүрэв....

Тэгвэл хамтдаа бяцхан тооцоо хийж үзье.

  • Өглөөний цайгаа чанахаар авсан нэг хайрцаг сүүг үйлдвэрлэхэд 3 литр ус,
  • Таны ууж буй нэг аяга кофены (125 мл) үрийг  тариалахын тулд 130 литр ус,
Кофе үйлдвэрлэлд ус ашиглаж буй нь
  • Урд шөнө найзуудтайгаа уулзахдаа уусан шил шар айргийг 168 литр ус,
  • Өмсөж буй футболкыг 4,100 литр усаар, жинсэн өмдийг үйлдвэрлэхэд 7570 литр тус тус зарцуулдаг гээд бод доо? Тийм ээ та буруу уншаагүй.

Цаашилбал,

  • Буруу зүйл хэвлээд базаж хаясан нэг хуудас цаасыг үйлдвэрлэхэд 9,8 литр ус,
  • Нэг жилийн дарсны хэрэглээ буюу 3 литр дарсыг (дунджаар) 3,018 литр усаар үйлдвэрлэж,
  • Мөн хугацаанд идэх хагас кг шоколадны какаог тариалахад 12 мянган л ус зарцуулдаг байна. Ийм баримт анх уншаад итгэж ядан интернетээс хайхад цөөнгүй эх сурвалжаас ойролцоо тоо олж хараад ихэд цочирдож билээ.

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзсээр байх уу?

Сэтгэл гонсойх зүйл мөн цөөдөж хэмээн уншигч танд санагдах авч бид хэрэгцээнээсээ хэтийдсэн хэрэглээтэй, ирээдүйгээ бодохгүй амьдарч буйг нэг удаа ч болов сануулах үүднээс бичиж сууна. Өнөөдөр зөв зохисгүй, дур зоргоороо усаа хэрэглэж, байгалийн нөөцөө шавхчхаад үр хойчдоо цэвэр усны хомсдолтой ирээдүй, экологийн тогтвортой байдал алдагдсан дэлхийг үлдээх үү?

“Ганц би кофе, шар айраг, цаас, хувцасны хэрэглээгээ багасган, шүршүүрт ордог болж усаа хэмнэснээр юу өөрчлөгдөх юм, үйлдвэрлэл явагддаг зарчмаараа үргэлжилж, бараа бүтээгдэхүүн борлуулагдаж, ус урссаар л байх болно” хэмээн танд санагдаж мэднэ. Тэгвэл ингэж тайлбарлах гэж хичээе.

Та онгоцоо дүүргээд усанд ордог бол 265 литр ус зарцуулдаг. Харин 10 минут шүршүүрт орж заншсанаар дунджаар 37–90 литр ус зарцуулах буюу ваннд хэвтсэнээс хоёроос долоо дахин бага ус хэрэглэх боломжтой. 

Улаанбаатар хотод орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 230-280 литр ус хэрэглэж байхад гэр хорооллын оршиг суугч 6-8 л ус хэрэглэдэг гэсэн тоо бий. Үүнийг өрхийн гишүүдийн тоогоор бодвол гайхам их тоо гарна гэдэгт та санал нийлэх биз ээ.

Бид гүний усаа жорлон руу урсгаж, машинаа угааж байхад ундандаа бохир ус хэрэглэснээс үүдэн дэлхий дээр цагт тутамд 200 хүүхэд хорвоог орхидог гэдгийг хааяа ч болов санаарай. Мөн дэлхийн хүн амын 10 орчим хувь буюу 780 сая хүн усны хомсдолтой бүс нутагт амьдарч байна гэсэн судалгаа бий.

2019 он зургаадугаар сар. Энэтхэг улс, Chennai хот дах ширгэсэн голоос ус авах бүсгүйчүүд

Та кофе, шоколад, шар айраг, цаас, хувцасны хэрэглээ зэргийг багасан масс үйлдвэрлэлийг дэмжихгүй байснаар, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг шууд багасгаж чадахгүй ч гэр бүл, найз нөхөд, эргэн тойрны хүмүүст нөлөөлж, хамтдаа ухамсарласнаар бодитой өөрчлөлтийг бий болгох боломжтой.

Бангладеш, Дака хот-2015 он. Ойролцоох хувцасны үйлдвэрийн химийн бодисоор бохирлогдсон усны шуудуу

Хувцас үйлдвэрлэлийн салбар гэхэд хөвөн тариалах, боловсруулах, будах зэргийг оролцуулан ус ашиглалтаараа дэлхийн хоёрдогч том үйлдвэрлэл гээд бод доо.  

Бид өнөөдрийнх шиг хэрэгцээнээсээ хэтийдсэн зүйл рүү тэмүүлж, сарын настай тренд дагах хэрэглэгч хэвээр байвал байгальд ээлгүй, масс үйлдвэрлэлийг дэмжсээр л байна.

Уул уурхай, дэд бүтэц гэхээс илүү бидэнд хамгийн ойр санагдах хувцас үйлдвэрлэлийн салбарын усны хэрэглээг жишээ татъя.

2000 онтой харьцуулахад дэлхий нийтийн бэлэн хувцасны худалдан авалт 2014 онд 60 хувиар нэмэгдсэн гэх судалгаа гарчээ. 

Хувцас үйлдвэрлэлийн салбар дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 10 хувь, гол мөрний эх ундарга  ширгэх, тэдгээрийн бохирдлыг 20 хувийг тус тус эзэлж байна.

Мөн жил тутамд үйлдвэрлэгдэж буй даавуун бүтээгдэхүүний 85 хувь нь газар булагдаж, ердөө нэг хувь нь дахин боловсруулагдаж байна. Учир юу гэвээс, “хурдан хувцас”-ны үйлдвэрийн 48 цагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг өнөөгийн технологиор дахин боловсруулахад 12 жил зарцуулдаг. 

Өнөөдөр манай улсад усны үнэ бодитой тооцож чадахгүй, мөн хэрэглэж байгаа усныхаа нөөцийг бүрэн бүртгэж чадахгүй байгаа усыг хэмнэх тухай ойлголтыг  хэрэглэгчдэд төрүүлж чаддаггүй их хэмжээний нөөцийг алдаж  байна.

Иймд дэлхий гагцхүү бидний амьдраад буцах орон зай биш гэдгийг ухамсарлан, хойч үедээ эрүүл аж төрөх орчин, ундны усны нөөцийг үлдээх хариуцлага та бидэнд тулгараад байна… 

Харин одоо та ус их хэмжээгээр ашигладаг масс үйлдвэрлэлийг дэмжихгүй, өдөр тутмын амьдралдаа ус хэмнэх бяцхан өөрчлөлтийг хийж чадах уу? Хожим бид хэр их зүйл хэрэглэж, идэж ууснаар бус өөртөө ямар дадлыг хэвшүүлж, хэчнээн хүнд эерэгээр нөлөөлж чадсанаар дурсагдах болов уу?

Тоо баримтын эх сурвалж: Seametrics.com, Theguardian.com, businessinsider.com

TAGS