• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    94   |  
0
 

Хүн худалдаалах гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй. Энэ эрдсэлийг нэмэгдүүлдэг бүлэг гэж бий. Бага наснаасаа хүнд орчинд өссөн охид насанд хүрэнгүүтээ илүү сайхан амьдралд тэмүүлж, гэрээсээ холдох боломжийг эрэлхийлдэг. Энэ үедээ хуурамч амлалтад автаж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрдсэл өндөр байдгийг Монголд төдийгүй дэлхий нийтэд гаргасан судалгаагаар тодорхойлжээ. 

2020 онд шүүхээр шийдвэрлэгдсэн найман хэргийн 70-80 хохирогчийн дийлэнх нь энэхүү эрсдэлийг нэмэгдүүлдэг бүлэгт хамаарах охид, эмэгтэйчүүд байв. Тэдэнд хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдгүүдийг таниулж, хууртаж болзошгүй амлалтуудын талаар ярьж өгч, ямар нөхцөл байдлаас зайлсхийх ёстойг хэн нэгэн сануулж, сургасан бол хохирогч бололгүй тойроод гарах боломжтой байсан.  

Гэхдээ “Би тийм ядуу, хүнд хэцүү амьдардаггүй, энэ эрсдэл надаас хол” гэж бодолгүйгээр хүн бүрт ирж болзошгүй гэж болгоомжилж, энэ талын мэдлэг, мэдээллийг авах нь чухал байна.  

“Чамайг авч яваад хямд хөлсөөр хүнд хөдөлмөр хийлгэнэ, биеийг чинь үнэлүүлнэ, бүх орлогыг чинь хурааж авна, чи эсэргүүцэх эрхгүй, холбоо барих нөхцөлгүй байдалд орно” гэж бодит байдлыг шууд хэлэхэд дагаж яваад хохирох хүн гарахгүй нь мэдээж. Харин гэмт этгээдүүд өндөр цалин, сайхан амьдрал амлаж, зардлыг нь даагаад “ажил хийж өрөө төлөх боломжтой” гэх зэргээр хуурч, хөтөлсөөр гэрээс нь холдуулдаг. Шинэ газарт ирэнгүүт нь бичиг баримт, утсыг нь хураан, заналхийлж эрхшээлдээ байлган, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг. 

Энэ эрсдэл шинэхэн танил, цахимаар танилцсан дотно харилцдаг найз залуу, түрүүлж явсан найз охин, сайн эгч, ах гээд ямар ч дүрээр ирж болзошгүй. Эрүүл мэнд, сэтгэл санааны гүн хохирол амсаж, амь насаа ч алдах магадлалтай, хамгийн аймшигтай нь хэзээ ч эндээс гарч, энгийн амьдралаар амьдрах боломжгүй мэт санагдтал нь сэтгэл гутралд оруулдаг хүн бус энэ гэмт хэргээс охид, эмэгтэйчүүдээ хамгаалахын тулд мэдлэг олгож, мэдээлэл түгээж, урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг мэргэжлийн байгууллагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.  

Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олгохын тулд боловсролын хөтөлбөрт тусгаж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан мэдээллийг шат шатанд нь тасралтгүй хүргэх нь чухал гэдгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл онцолсон. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин ерөнхийдөө хангалттай бүрдсэн ба хохирогчийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд олон талт судалгаа хийж, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг УИХ-ын энэ хаврын чуулганаар батлуулна гэсэн хүлээлттэй байна. Уг хууль батлагдвал хүн худалдаалах, хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод улсаас үнэ төлбөргүй өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгдөг болох юм.  

Хэрэв таны охин, дүү, найз чинь хаагуур явж, хэнтэй уулздаг нь тодорхойгүй, үг яриа, үйлдэл хандлага нь өөрчлөгдөөд, нууцлаг болоод ирвэл хамгаалах үүднээс дээрх эрсдэлүүдийг сануулж байхад илүүдэхгүй шүү. Түүнчлэн хөндлөнгийн нэгэн, цөхөрсөн эмэгтэйтэй гудамжинд таарсан бол, эсвэл төөрөлдөж, буруу замаар алхаж яваа бүсгүйг таньсан бол тэднийг аврахын тулд 102 дугаарт сэжигтэй тохиолдлыг мэдэгддэг хүнлэг, хариуцлагатай иргэн улам олон болох хэрэгтэй байна. Хэрэв хууртагдаж, хүнд байдалд нэгэнт орсон эмэгтэйчүүдийг мэддэг бол 1800-1903 дугаарын итгэлийн утсанд хандаж, хар дарсан зүүд мэт амьдралаасаа аврагдаж чадна гэдгийг дуулгаж, тэдэнд гараа сунгадаг баатар нь бас олон байгаасай.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ