Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн тавдугаар сард төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг 18 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдлийг хүргүүлжээ.
Тодруулбал, хазайсан шон, өнгө үзэмж алдагдсан гэрэлтүүлгийн байгууламж, ил гарсан цахилгааны утас, кабель зэргийг цэгцлэх, зөрчлийг арилгуулахтай холбоотойгоор хяналт шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 221 шонг тэгшилж, 670 шонгийн өнгө будгийг сэргээснээс гадна 3,000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солих зэрэг засвар, шинэчлэлтийн ажлыг хийжээ.
Уг хяналт шалгалтын дараа үргэлжлүүлэн гэрэлтүүлгийн шон дээр байрлаж буй шилэн кабелийг цэгцлэх ажлыг эхлүүлэх гэнэ.