A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
20
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
24
|
|
0
|
50
|
|
0
|
30
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 264 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 264 | |
|
ДАВААДОРЖИЙН ХУЛАН:
АНХ ӨӨРТӨӨ ЗОРИУЛЖ БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХИЙН САЦУУ ОЙР ДОТНЫНХОНДОО БЭЛЭГЛЭДЭГ БАЙВ
-АНУ-ын Колумбын их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежментээр төгсөж ирсэн бүсгүй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх болсон гэхээр их сонирхолтой санагдлаа. Тэр үеэ эргэн дурсвал?
-Миний хувьд гоо сайхны салбарыг төдийлөн сонирхдоггүй байв. Харин их сургуулиа төгсөөд, Монголд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж байхдаа арьсны харшилтай болсон. Улмаар арьс ямар онцлогтой байдаг талаар сонирхон судалж, эмч нартай зөвлөлдөхөд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгосон. Монголоос эко бүтээгдэхүүн хайхад олдохгүй, гадны бүтээгдэхүүн ч 100 хувь органик найрлагатай биш байсан. Гадаадаас захиалах гэтэл маш үнэтэй буюу бага хэмжээтэй тос гэхэд л 30 ам.долларын үнэтэй байлаа. Нэг талаас амьдралын шаардлагаар, нөгөө талаар зах зээлээ олж харсан учраас органик гоо сайхны бүтээгдэхүүний технологич мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед өөртөө зориулж бүтээгдэхүүн хийхийн сацуу ойр дотнынхондоо бэлэглэдэг байв. Тэд “Их аятайхан бүтээгдэхүүн байна. Дахиад авъя” хэмээн эргэн холбогддог байлаа. Өөрөөр хэлбэл Монголд харшлын асуудал ихээхэн байдаг төдийгүй шийдэл гаргаж болох юм гэсэн санаа тэр үед төрсөн.
-Хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүнээ гаргахад анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн босгосон бэ?
-Бүтээгдэхүүнээ нэг жилийн хугацаанд гэрээсээ үйлдвэрлэсэн. Үүний дараа өөрийн гэсэн оффистой болж, гурван ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Санхүүжилтээ өөрийн хадгаламж болон найз нөхөд, таньдаг хүмүүсээсээ зээлж босгож байлаа.
-Таван жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад бизнесийн зээл авч байв уу. Авъя гэсэн бодол байгаа юу?
-Бидэнд барьцаа хөрөнгө байхгүй болохоор арилжааны банкнаас зээл авах боломж хомс байсан. Нөгөө талаас бидний том давуу тал нь борлуулалтаараа өсөлтөө дэмжсэн. Иймээс зээл авах шаардлагагүй бага багаар бизнесээ өргөжүүлсэн. Энэ бол бидний хувьд амжилт.
-Хийж буй ажлаа жижиг бизнес гэх үү, дунд бизнес гэж үздэг үү? Энэ хоёрын хооронд их том ялгаа харагддаг. Гэтэл жилийн 10 тэрбумаас дээш орлогтой бизнесийг “дунд” гэж тодорхойлдог?
-Тийм ойлголтоор авч үзвэл бидний бизнес жижиг хэвээрээ байгаа.
КОМПАНИ ГЭДЭГ УТГААРАА УЛС ОРОНДОО ХИЙЖ ЧАДАХ ХАМГИЙН ТОМ ЗҮЙЛ БОЛ ГАДНААС ВАЛЮТ ОРУУЛЖ ИРЭХ
-Таван жилийн хугацаанд олон бүтээгдэхүүн гаргаж, гадаад болон дотоодын олон шагнал авлаа. Энэ хугацаанд бүтээгдэхүүнээ сайжруулах, бизнесийн орчноо өргөжүүлэх зэрэгт төр засгийн зүгээс бодлогоор дэмжиж байв уу?
-Сүүлийн таван жилийн хугацаанд төрөөс дэмжлэг үзүүлсэн зүйл байгаагүй. Сая хүртэл бид бүтээгдэхүүнээ гадагшаа экспортлох гэтэл бичиг баримт дутуу гэх шалтгаанаар боломжийг минь хаасан. Уг нь бол онц чухал шаардлагагүй ганц л бичиг байсан. Гэтэл бид импортлох биш, экспортод бүтээгдэхүүнээ гаргах гэж байгаа шүү дээ. Бизнес минь нэг талаараа төрөөс хамааралгүй амар байдаг ч, төрөөс бизнесийг дэмжих бодлого муу байдаг юм шиг санагддаг. Саяхан хүртэл бид нэг төсөлд хамрагдах гээд материалаа бүрдүүлсэн чинь журам нь өчигдөрхөн өөрчлөгдсөн байсан.
-Танай компани бүтээгдэхүүнээ экспортлоод хоёр жил болж байна. Гадаад зах зээлийн борлуулалтын орлого, дотоод зах зээлийн орлогын харьцаа ямар байна вэ?
-Гадаад борлуулалт ашгийнхаа 20 хувийг бүрдүүлж байна. Компани гэдэг утгаараа эх орондоо хийж чадах хамгийн том зүйл бол гаднаас валют оруулж ирэх. Өөрөөр хэлбэл олон улсад бүтээгдэхүүнээ таниулах, улсынхаа нэрийг сурталчлах байдлаар Монголдоо хөрөнгө оруулалт хийхийг зорьж ажиллана. Тиймээс гадаад экспортод түлхүү анхаана.
-Экспортын үнэ дотоодынхоос хэр ялгаатай вэ?
-Энд борлуулж буй бүтээгдэхүүний үнээс мэдээж ялгаатай. Гэхдээ бусад орны 100 хувь органик бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй хямд. Жишээлбэл, кофетой арьс гуужуулагч энд 19 мянган төгрөг буюу 8 ам.доллараар зарагдаж байхад бид олон улсад 30 ам.доллараар худалддаг. Органик хэрнээ хямд учраас сайн борлогддог.
-Экспортод гарч буй бүтээгдэхүүний ашгийн түвшин дотоодынхоос өндөр үү, ижилхэн үү?
-Ерөнхийдөө ижилхэн. Гэхдээ экспорт төгрөгөөр биш валютаар хийдэг болохоор харьцангуй дээр. Олон улсын бизнесийн зарчмаар бол нэг бүтээгдэхүүний 30 ам.доллар шууд бидэнд ирэхгүй. Монгол улс далайд гарцгүй болохоор тээврийн зардалд асар их мөнгө шингэдэг. Борлуулагчийн ашиг, тухайн улс орны татварын зардал, маркетингийн зардал бий учраас шууд борлуулалт бидэнд ирдэггүй.
ТОМ КОМПАНИЙН МЕНЕЖЕРЭЭР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮНЭЭС ДӨНГӨЖ СУРГУУЛИА ТӨГССӨН ХҮҮХДҮҮД ИЛҮҮ БАЙДАГ
-“Lhamour”-ийг хүмүүс Д.Хулангаар мэддэг. Харин танай удирдлагын багт хэчнээн хүн менежмент хийж байгаа вэ?
-Ерөнхий менежер бид хоёр л байна.
-Хоёр хүн ямар зохион байгуулалтаар стратеги, гадаад дотоод борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэх мэт ажлуудаа хариуцдаг вэ, удирдлагын багаа тэлэх бодлого барьдаг уу?
-Тэлэх хүсэл бол мэдээж байгаа. Таван жил болчихлоо. Бүгдийг би өөрөө хийгээд байж амжихгүй. Манайд гүйцэтгэлд маш сайн баг бүрдчихсэн. Стратегийн түвшинд бол хараахан байхгүй. Энэ бол гарааны бизнесийн нэг бэрхшээл. Мундаг, чадвартай хүмүүс өөрсдийн компаниа байгуулчихсан байдаг. Сүүлийн үед анзаараад байхад маш том газар ажиллаж байсан хүмүүс манайхыг сонирхоод ирдэг. Нэг асуудал нь том газар ажиллаад, том багийг удирдсан хүн гарааны бизнест шилжихээр ганцаараа бодлого тодорхойлж тэр бүр чаддаггүй. Өөрөөр хэлбэл, томоохон компанид менежерээр ажиллаж байсан хүмүүс манайд тэр болгон амжилт олдоггүй. Одоогийн байдлаар менежментийн түвшинд зөв хүмүүсийг сонгоно гэдэг тийм ч хялбархан хэрэг биш байна. Бүх стратегиа би өөрөө хийж чаддаг болохоор хүн авахад яарахгүй байгаа.
-Би том компанид ажиллаж байгаад жижиг компани байгуулсан. Их зүйл сурдгийг ойлгосон. Тэгэхээр миний хувьд залуучуудыг гарааны бизнест эхлээд хүч сориосой гэж хүсдэг. Хулан үүнтэй хэр санал нийлж байна вэ?
-Би 200 хувь санал нэгдэнэ. Хэдий жижиг газар бүх зүйл нь ойлгомжгүй мэт санагдавч богинохон хугацаанд хүн өөрийгөө хөгжүүлэх боломж их. Үнэндээ том компанийн менежерээр ажиллаж байсан хүнээс дөнгөж сургуулиа төгссөн богинохон хугацаанд асар хурдтайгаар юмыг ойлгож сурсан залуучууд илүү байдаг.
-Хүний нөөцийн бодлого хэр тогтвортой байгаа вэ. Чиний хувьд байгууллагын соёлоо хэрхэн бий болгож байна вэ?
-Сүүлийн найман сар бид шинэ бүтээгдэхүүнээс илүүтэй хүний нөөцөд анхаарал хандуулсан. Жижиг компани гэлтгүй анхнаасаа зөв бодлоготой байх нь чухал. Хэзээ нэгэн цагт олон улсад өрсөлдөхүйц том компани болно гэж боддог учраас бага дээр нь хүний нөөцдөө анхаарах хэрэгтэй юм шиг санагдсан. Тиймээс ч хүний нөөцийн ажилтантай болсон. Олон хүн намайг чи ийм жижигхэн компанитай байж, хүний нөөцийн мэргэжилтэнтэй боллоо гэж их зэмлэсэн. Харин ч эсрэгээрээ анхнаасаа, зөв бодлого, төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Бид хөгжиж буй орон учраас үүнийг дагаад хүний нөөцийн асар олон бэрхшээлтэй тулгарна. Олон хүн ар гэр, эрүүл мэндийн асуудлаас үүдэн ажилдаа ирэхгүй байх тохиолдол гарна. Тиймээс хүн рүүгээ чиглэсэн, уян хатан хүний нөөцийн бодлого барьдаг.
Бид хүмүүсээ замын ачаалал эхлэхээс өмнө 17.00 цагт ажлаа тарахыг зөвшөөрдөг. Сая гэхэд хоёр хүн маань ажлаасаа гаръя гэхэд чи гэртээ байсан ч боломжит цагаа ашиглан онлайнаар ажлаа хийж болно шүү гэх саналыг тавьсан. Манай ажилтны 90 хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс ар гэрийн асуудал ихтэй. Энэ болгонд чадлаараа л дэмжихийг хичээдэг.
-Байгуулагдаад таван жилийн нүүрийг үзлээ. Бүтээгдэхүүнүүдэд дотоод, гадаадын зах зээлд гаргаж байр сууриа оллоо. Танай хувьцааг сонирхсон хүмүүс байна уу?
-Хүмүүс над руу бичиж л байдаг юм. Ер нь нэлээн их санал ирдэг. Би бол Монголдоо гэхээсээ илүү, олон улсын түвшинд дараагийн шатанд гаргах стратегийн хамтрагчтай болохыг хүсч байна. Бидэнд мөнгө гэхээсээ илүү алсын хараандаа хүрэхэд бодлогын түвшинд хамтрах хүн чухал. Нийгэм рүү чиглэсэн, ногоон хөгжлийн бизнес сонирхдог хамтрагч бидэнд хэрэгтэй. Түүнээс биш мөнгө өгье, хамтаръя гэсэн хүмүүс зөндөө байсан. Тийм хамтрагчид бидний хувьд төдийлөн үнэ цэнэтэй биш.
-Бусад бизнесийн хувьд танайхтай ижилхэн бүтээгдэхүүн гаргаад дэлхийн зах зээлд өрсөлдье гэвэл боломж хэр байгаа вэ?
-Боломж байгаа. Бид бол долоон улс руу тогтмол экспортолдог.
БИД ТҮҮХИЙ ЭД НИЙЛҮҮЛЭХ БААЗ, ӨӨРСДИЙН ГЭСЭН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
-Монголд бизнес эрхлэгчид хоорондоо хэр харилцаа холбоо үүсгэн ажилладаг?
-Уялдаа холбоог бол сайн мэдэхгүй байна. Жишээ түүхий эд нийлүүлэгчээс эхлүүлээд 30 гаруй түнштэй хамтардаг. Бид түүхий эд нийлүүлэгчтэйгээ хамт хөгжиж байгаа учраас бэлтгэн нийлүүлэлтийн уялдаа холбоо маш нягт. Анх би гэртээ түүхий эдээ нэг кг-аар авдаг байсан бол жилийн дараа 50 кг болж, одоо жилд 2 тонн давс авч байна.
-Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг сэтгэлгээнд хэр шилжиж байна вэ. Таван жилийн хугацаанд хэр өөрчлөлт ажиглагдаж байна?
-Хэрэглэгчид илт өөрчлөгдөж байна. Тэд анх юун органик бүтээгдэхүүн, ямар айхтар үнэтэй саван бэ гэдэг байсан бол одоо 100 хувь органик бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. Хэрэв бид бүтээгдэхүүнээ үнэтэй мөртлөө чанаргүй хийдэг байсан бол хүмүүст хүрэхгүй байсан. Манай хэрэглэгчид чанарыг мэддэг болсон учраас сэтгэлгээ нь өөрчлөгдсөн. Бид хоёр жилийн өмнө Солонгост дэлгүүрээ нээгээд хааж байсан. Фэйсбкүк дээрээ Сөүлд дэлгүүрээ нээсэн талаарх пост оруулахад 2-3 мянган лайктай болж, олон хүнд хүрсэн бол нэг ч монгол хүн хандаагүй. Тухайн үед манайх танигдаагүй байсан л даа. Гэтэл манайд ирсэн солонгосчууд зөвхөн өөрсдийнхөө Солонгос хоолны газраа хооллоод, Солонгос эзэнтэй буудлуудад хоноод буцдаг. Энэ нь олон шалтгаантай ч үйлдвэрлэгч нараас их зүйл шалтгаалдаг. Зарим нь Монголд үйлдвэрлэсэн гэчхээд урдаас бүтээгдэхүүнээ оруулж ирдэг. Үүнээс болж хэрэглэгчийн итгэл алдардаг. Тиймээс бид таван жилийн хугацаанд хэрэглэгчдийн итгэлийг олоход чиглэж ажилласан.,
- Ярилцсанд баярлалаа.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
20
|
|
0
|
17
|
|
0
|
27
|
|
0
|
24
|
|
0
|
50
|
|
0
|
30
|
Daily poll
|