• Lead the way ...
         
03
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 13)
69.23%
30.77%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    382   |  
101

"Цахим хэл шинжлэлийг хөгжүүлэхгүй орхивол Монгол хэл нэг л өдөр хөөс шиг замхарна"

САНЛИГИЙН БАДРАЛ:

  • 1999 онд ШУТИС-ийн КТМС-ийг програм хангамжийн инженер мэргэжлээр төгссөн.
  • Программ хангамжийн хөгжүүлэлт ба загварчлал мэргэжилтэй.
  • 2005 онд Германы Аахены их сургуулийг компьютерийн програм хангамжийн мэргэжлээр төгсөж, магистрийн зэрэг хамгаалсан.
  • 2008 онд "Болорсофт"  ХХК-г үүсгэн байгуулсан.
  • 2012 онд “Болор алдаа шалгуур”-ыг хэрэглэгчдэдээ хүргэсэн.
  • 2016 оноос хойш Эдүгэ, Кудос гэх мэт системүүдийг хөгжүүлсэн.
  • 2019 онд "Чимэгэ" гэх яриа таних системийн демо хувилбараа гаргасан.

Машин барьж, түгжрэлд өнгөрүүлж буй цагаа өөрийгөө жолооддог машинд даатгаад, ном уншиж явахыг хүсдэг түүнийг С.Бадрал гэдэг. Магадгүй та түүнийг "Болор толь"-оор нь таниж болох юм. Эсвэл бүр "Badaa Converter" гэдэг сайтаар нь мэдэж болно. Германд 20 орчим жил сурч, ажиллаж, амьдарсан түүнийг эх хэлний хөгжлийн төлөө оруулсан хувь нэмрээр нь үнэлэхээс өөр аргагүй. 

Linux үйлдлийн системийг орчуулахаар сэтгэл шулуудаж, Соёмбо хэмээх анхны монгол хэл дээрх үйлдлийн системийг хөгжүүлсэн. Түүндээ ашигласан үгсийн сангаа оюутан залууст зориулаад үнэгүй толь бичиг болгон интернетэд байршуулсан. 

Монгол бичгийн Unicode стандартыг боловсруулсан, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэхээр сүүлийн 5 жилийг зарцуулсан. Интернетэд байгаа монгол хэл дээрх мэдээллүүдийг шүүж, түүнээсээ хамгийн их хандалттай байгааг сонгох, тухайн мэдээний агуулгад нийгмийн хандлага ямар байгааг тодорхойлдог өөрөө суралцдаг систем хөгжүүлсэн. Харин хамгийн сүүлийн мэдээллээр түүний багийнхан Чимэгэ хэмээх монгол яриаг бичиг рүү, бичгийг яриа руу хөрвүүлдэг системийг танилцуулсан билээ.

 

Энд нэг хэсэг Сод Софт гээд гарааны компани байгуулаад, хоёр Монгол залуутайгаа хамт хөгжүүлэх гэж хэсэг явсан

-Та Германд анх хэдэн онд ирсэн бэ?
-2000 онд хуучнаар Зүүн Германдаа ордог Фрайберг хотод ирж байлаа. Тэндээ хоёр жил хэлний бэлтгэлд суусан. Тэгээд Аахенд ирж, мэдээллийн технологиор суралцаж төгссөнөөсөө хойш бараг 20 жил энд байна. 

Одоо ер нь бол энд хангалттай удаан байлаа, уйдаж ч байна, Монгол руугаа буцаж юм хиймээр байна.

-Та өмнө нь Германы боловсролын систем л өнөөдрийн хүчирхэг үндэстнийг төлөвшүүлсэн гэж ярьж байсан?
-Монгол хүн, Хятад хүнд тааламжгүй ханддаг үзэл байдаг даа, яг түүнтэй ижил Германчууд Еврейчүүдэд мөн адил дургүй. Би заримдаа ажлынхантайгаа буу халж байгаад, Еврейчүүд ямар мундаг байна аа гээд хорыг нь малтдаг юм.

Тэгэхээр ердөө ганцхан хариулт хэлдэг. Тэр Еврейчүүд бүгдээрээ Германд сурч, боловсорсон, үгүй бол энд төрсөн гэдэг. Ерөөсөө Еврейчүүддээ ч биш гол нь Германы боловсролын системдээ байгаа хэрэг гэж.

Германчууд ч өөрсдөө ялгаагүй, боловсролын системийнхээ ач гэж үздэг. Сүүлд анзаараад байхад эндхийн системийн нэг онцлог нь хүн бүрийг тодорхой түвшинд хүргэх гэж зорьдог юм байна.

Боловсролын системийнх нь доод хязгаар гэж бий. Хэрэв тухайн хүн тэр хязгаараас давсан бол багш нар нь анхааралгүй орхидог. Харин оронд нь тэр доод хязгаартаа хүрэхгүй байгаа хүүхдүүдээ сайжруулах гэж хичээнэ.

Ингээд төгсөөд гараад ирэхэд бүгд ижил түвшинд хүрчихсэн байх жишээтэй. Монголд бол багш нар нь сайн хүүхдүүдтэйгээ ажиллаад сул хүүхдүүдээ орхичихдог шүү дээ. Энд бол эсрэгээрээ.

Боловсролоос гадна эндхийн гарааны бизнесийг дэмжиж буй төрийн бодлого нь их ойлгомжгүй.

-Яагаад тэр билээ?
-Тэр гарааны компани нь хувийн компани юм уу, төрийн хэвшил юм уу гэдэг нь ялгагддаггүй. Би энд нэг хэсэг Сод Софт гээд гарааны компани байгуулаад, хоёр Монгол залуутайгаа хамт хөгжүүлэх гэж хэсэг явсан.

Гэхдээ дан гадаад залуучууд нийлээд хийж байгаа гэдгээс болсон уу, ямар ч байсан дэмжигдээгүй. Тэгээд зогссон. Ингэж явахдаа Германы гарааны бизнесийн салбарыг их судалсан. Манайхаар бол худалдаа аж үйлдвэрийн танхимтай ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь гарааны бизнесүүдийг хөгжүүлэх төрөл бүрийн уралдаан, хөрөнгө оруулалт санал болгож байгаа юм. 

Гэхдээ тэр нь яг хувийн компани гэхээр хувийн биш, төрийн байгууллага гэхээр бас биш. Тэгсэн харин төр ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн компанид хөрөнгө оруулдаг юм байна. Нэг үгээр хэлбэл улс ашгийн төлөө ажиллаж байна гэсэн үг.

Ингээд харахаар төр ашгийн төлөө ажиллаж байж тогтвортой байх нөхцөл бүрддэг юм болов уу. Мэдээж ашиг сонирхлын зөрчилтэйгээр бизнес хийгээд байж болохгүй. Харин иймэрхүү байдлаар компаниудын хувь аваад, ашиг хүртэж байвал зүгээр юм шиг.

Нэг компани гарааны бизнесүүдийг дэмжих гээд төсөл хэрэгжүүлээд явж байхад нь төр орж ирээд тодорхой хувийг нь авна. Нөгөө компани ч бизнесүүдээ хөгжүүлээд, эргээд аль аль талдаа ашигтай нөхцөл бүрдэж байгаа хэрэг.

Тухайн компанийн угшил нь хувийнх, харин төр түүнд нь хөрөнгө оруулал хийдэг компаниуд энд олон . Төрийн дэмжлэг хангалттай учраас аливаа бизнес нь хөгжих боломж нь тэр хэрээр нэмэгддэг. 

"Сод софт" компанийн үндсэн зорилго хиймэл оюун ухаан ашиглаж, хөхний хорт хавдрыг оношлох байлаа

-Гарааны бизнесээс гадна та энд ямар ажил эрхэлж байгаа вэ?
-MZ гээд Европын холбооны CE сертификат олгодог байгууллагад ажиллаж байна. Усан тээвэртэй холбоотой бүх төрлийн стандартын сертификат олгодог. Би байгууллагынхаа мэдээллийн технологийн хэлтсийг хариуцаж, ажилладаг. Гэхдээ өнөөдөр бол бараг хийх ажилгүй болчихсон доо. Зөвхөн системийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байгаа. Анх ажилд орж байхдаа системийг бүр эхнээс нь хөгжүүлсэн. 

Ойролцоогоор дөрвөн жилийн хугацааг сертификат олгох ажлыг хялбарчилсан дотоод системийг хөгжүүлэхэд зарцуулсан. Тэр үед компани Microsoft-ын Access гэдэг хуучны систем ашигладаг байсан. Ихэнх ажил нь механик оролцоотой. Тэрийг нь автоматжуулж, материалуудыг хааш нь явуулах, тухайн материал ямар хэлтэс дээр, хэр явцтай явж буйг хянах системийг хөгжүүлэх гэж тэр шүү дээ. Ингээд миний оролцоо байнгын шаардлагагүй болж эхэлмэгц “За, одоо би freelancer боллоо” гээд хувиараа ажиллаж эхэлсэн. 

Яахав манай компани бас намайг хааяа оффис дээрээ очиж ажиллахыг хүсдэг. 2009 оноос хойш өөрийн цагийг өөрөө зохицуулж, ажиллах болсон.

-Freelancer байхын давуу тал нь яг юу байсан бэ?
-Өөрийнхөө цагийг өөрийн хүссэнээр зохицуулдаг болсон нь л хамгийн чухал. Гэхдээ түүнийгээ дагаад хариуцлага мөн хэрээр нэмэгдэнэ.

-Танай "Сод Софт" ямар төсөл санаачилсан юм бэ?
-2016 онд бид Германд шинэ гарааны бизнес хөгжүүлье гээд эхэлсэн нь Сод Софт байсан юм. Компанийн үндсэн зорилго хиймэл оюун ухаан ашиглаж, хөхний хорт хавдрыг оношлох байлаа. Ер нь төсөл дажгүй сайн явсан. Дюзельдорфын их сургуулиас датагаа авахаар болж, ажил эхлэхэд бэлэн болсон байв. 

Эхний ээлжинд Аахены гарааны бизнесийн сангаас санхүүжилт авахаар тохиролцсон байсан ч санхүүжилт авах уулзалтын үеэр манай багт Герман хүн байхгүй, би өөрөө Германы иргэн биш гэдэг шалтгаануудыг дурдаж эхэлсэн. Үгүй ядахдаа докторын зэрэгтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавихаар нь “За боль” гэж байгаа юм байна гээд орхихоор шийдсэн юм. Одоо бол манай гарааны бизнес ч байхгүй болсон. 

Тухайн үед дөнгөж л хиймэл оюун ухааныг амьдралын төрөл бүрийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхэлж байсан үе .

 

Өнөөдөр бидний ашиглаж буй гар утсыг ухаалаг гэж нэрлэсэн нь ташаа тодорхойлолт

-Энд хүртэл үү?
-Ер нь бол энд шинэ зүйл, шинэ технологи нэвтрүүлэхэд хугацаа их ордог. Сайхан болчихсон байгаа нийгмийг өөрчлөх гээд байна гэдэг нь том асуудал дагуулдаг. Хүмүүс их шүүмжилнэ. Жишээлбэл өөрийгөө жолооддог машин гэхэд Бенз аль эрт хийчихсэн зүйл . 

Өнөөдөр л бид Тесла, Элон Маск гээд сайн маркетингтай нөхдийн яриагаар ойлгож байгаа болохоос хөгжил нь аль эртнээс эхэлчихсэн зүйлс олон бий. Гол нь өөрийгөө жолооддог ачааны машин нэвтрүүлье гэхэд өнөөдөр жолоо барьж байгаа ачааны машины ажилчдыг яах билээ гэдэг асуултын хариу нь хангалтгүй байсан хэрэг.

Энэ мэтээр шинэ зүйлсийг нэвтрүүлэхдээ ерөнхийдөө их удаан. 2012 оноос эрчимжиж эхлээд 2016 оны үед яг хөгжүүлэлт нь эхэлж, одоо л бага багаар нэвтрүүлэх ажил нь эхэлж байна. Жинхэнэ утгаараа ухаалаг систем бүхий төрөл бүрийн шинэ технологийг тухайн үеэс л хийж эхэлсэн. Харин Монголд бүгдийг нь л ухаалаг гээд байх болсон байна.

-Цахилгаанаар ажилладаг болгоныг л бараг тэгж нэрлээд байх шиг?
-Жишээ нь өнөөдөр бидний ашиглаж буй гар утсыг ухаалаг гэж нэрлэсэн нь ташаа тодорхойлолт. Хуучны цагт бидэнд “Боловсронгуй” гэдэг сайхан үг байлаа. Үүгээр нь шинэ, дэвшилтэт технологийг нэрлэдэг байсан бол өнөөдөр бүгдийг нь ухаалаг гэх болж.

Тэгэхээр бидний ашиглаж буй утас бол боловсронгуй гар утас гэсэн үг. Хиймэл оюун ухаанд суурилсан байж, жинхэнэ утгаараа ухаалаг гэдэг тодорхойлолтод орно. Зарим гар утаснуунд эхнээсээ энэ тодорхойлолтод багтаж эхэлсэн .

-Гэхдээ бидний ашиглаж байгаа утас өөрөө заавал ухаалаг байх албагүй болчихсон шүү дээ?
-Утас өөрөө ухаалаг байх боломжгүй. Ухаалаг систем бүхий технологийг дотроо шингээхэд утасны нөөц хангалтгүй. Энэ технологи нь нэг компьютер дээр хийдэг зүйл биш шүү дээ . Харин тэр системтэй холбодог хэрэгсэл нь болж болно. Сүлжээний технологийн хөгжил ямар хурдацтай дэвшиж байгааг харахад ойлгомжтой. Хиймэл оюун ухааны ганц онцлог нь асар их дата боловсруулалт хийдэгтэй нь холбоотой .

2019 онд Чимэгэ гээд яриа таних системийн демо хувилбараа гаргасан

-Ингэхэд 2016 оноос хойш дахиж Германд гарааны бизнес эхлүүлсэн үү?
-Үгүй ээ. Одоо "Болорсофт"-доо анхаарлаа хандуулъя гэж шийдсэн. Учир нь 2015 онд болсон хямралын үеэр ажилчдынхаа цалинг ч тавьж чадахааргүй болсон. Ямар ч үйлчлүүлэгчгүй болсон. Энэ үед манайд ажиллаж байсан залуус ажлаасаа гарч эхэлсэн. 

Ер нь бол манай багийнхан бүгд залуучууд байсан учраас ганц нэг нь томоохон компаниуд руу шилжиж, бусад нь гадагшаа сурахаар явсан юм. Одоо тэд маань Герман, Япон гээд олон улсад магистраа хамгаалахаар суралцаад бараг төгсөцгөөж байна. Тэднийгээ дахиж цуглуулна гэж боддог. Тиймээс "Болорсофт"-оо авч үлдэх зайлшгүй шаардлага гарсан. Тухайн үед манай компани 15 хүнтэй байсан бол ердөө хоёр, гурвуулахнаа үлдсэн. Тиймээс компаниа хадгалж үлдэх нь илүү чухал байсан .

-Сүүлд танайх Чимэгэ яриа таних системээ танилцууллаа?
-2016 оноос хойш бид Эдүгэ, Кудос гэх мэт системүүдийг хөгжүүлж эхэлсэн. 2019 онд Чимэгэ гээд яриа таних системийн демо хувилбараа гаргасан. Одоо бол бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, ашигтай зүйлийг санал болгож чадахаар болж байна.

Цахим хэл шинжлэл гэдэг салбар одоо бодит утгаараа хөгжиж байна . Ер нь бол системийн хөгжил бизнес болоход дэндүү ойрхон ирчихлээ. 2010 оны эхээр цахим хэл шинжлэл гэдэг салбарыг ярихаар хүмүүс тоодоггүй, сүүлийн хагас зууны турш хөгжил нь бараг зогсчихсон. Нэг тийм орхигдсон зүйл байсан. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж, хөгжил нь түргэсэж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гарсан хиймэл оюун ухаантай холбоотой шинжлэх ухааны нийтлэлүүдийн бараг 90 хувь нь цахим хэл шинжлэлийн талаар бүтээлүүд. 

Компьютер хүн шиг ойлгож, эргээд хүн шиг хариулдаг болоход хамгийн чухал шаардлагатай зүйл нь цахим хэл шинжлэл өөрөө. Компьютертойгоо ойлголцож чадахгүй бол хиймэл оюун ухаан хөгжихгүй. Харин бид өнөөдөр харилцаж чаддаг болоход тун ойрхон ирчихлээ.

 

Компьютерийн хэрэглээ эрчимжсэн, хүн бүр контент бүтээгч болсон энэ үед манайх шиг цөөн хүн хэрэглэдэг хэл эвдрэх аюултай

-Тэгэхээр одоо систем монгол хэлээр ойлгодог, түүгээрээ харилцдаг болох эхлэл тавигдаж байгаа гэсэн үг үү?
-Манай багийнханы ойрын хугацааны зорилго нь Монгол Сири хөгжүүлэх. 2018 онд Google өөрсдийн цахим туслахаа танилцуулахдаа үсчний газар руу яриад цаг авч байгааг харуулж байлаа. Харин бид үүнтэй адилаар арай дэвшилттэй зүйлийг харуулахаар зорьж байна.

Манай системийн хувьд яриаг бичиг болгодог, бичгийг яриа болгодог үндсэн ажлаа хийж чаддаг болсон. Одоо түүнийгээ ойлгодог, ойлгоод харилцдаг болох нь цаг хугацааны асуудал. Анх 2008 онд компаниа байгуулж байхдаа цахим хэл шинжлэлийг хөгжүүлэх зорилго тавьж байсан юм. Тухайн үед яг ч хиймэл оюун ухаан гэж бодож байсангүй. Компьютерийн хэрэглээ эрчимжсэн, хүн бүр өөрөө контент бүтээгч болсон энэ үед манайх шиг цөөн хүн хэрэглэдэг хэл эвдрэх аюултай. "Болор софт" анх байгуулагдаж байхад бидэнд үг үсгийн алдаа хянадаг программ ч байгаагүй. 

Социализмын үед хүмүүсийн уншиж, танилцаж байгаа зүйл нь бүгд өндөр шалгуураар орж, үг үсгийн алдаагүй гарч ирдэг учраас зөв бичихэд асуудалгүй байж. Харин нийгэм солигдож, олон нийтийн сүлжээний хэрэглээ эрчимжсэнээс хойш энэ зүйл асуудал болж эхэлсэн.

Хүмүүс ямар тохиолдолд зөв бичдэг вэ гэвэл уншиж буй зүйл нь алдаагүй үед л зөв бичдэг. Улмаар бичгийн хэл нь ярианд нөлөөлнө. Анх хувийн хэрэглээний компьютер нэвтэрч эхэлсэн үед гарсан нэг судалгаанд цөөн хүн хэрэглэдэг, идэвх султай хэл технологийн хөгжлөө дагаад яваандаа устаж үгүй болно гэж. Учир нь хүмүүс аргагүйн эрхэнд англи эсвэл франц хэл дээрх технологи ашиглаад эхлэхээр эх хэл нь хэрэгцээгүй болж,  бэлгэдэл төдий болж эхэлнэ гэж үзсэн хэрэг.

Хэрэглэж байгаа зүйл л цааш хөгждөг болохоос хэрэглэхээ больсон зүйл яваандаа музейд байдаг үзмэр болдог. Хамгийн гол нь хэл гэдэг зүйл дотор тухайн орны сэтгэлгээний онцлог агуулагдаж байдаг.

Монгол сэтгэлгээ гэдэг зүйл нь хэлгүйгээр алга болно. Англиар сэтгэдэг, Монгол царайтай хүн байна гээд төсөөл дөө. Тэр бол Монгол биш шүү дээ.

Технологийн хөгжил хурдацтай хөгжсөн энэ үед цахим хэл шинжлэлийн салбарыг хөгжүүлэхгүй орхивол монгол хэл нэг л өдөр хөөс шиг алга болно. Тийм ирээдүйгээс л зайлсхийхийг хүсэж байна. Тэгэхээр бүх зүйлийг технологийн хөгжилтэй зэрэг авч явах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. 

TAGS
#Business