• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    283   |  
16

Бидэнд зэсийг “алт” болгон дэлхийтэй өрсөлдөх боломж бий

БАДАМСҮРЭН МӨНХБАТ:

  • Автын болон замын инженер мэргэжилтэй.
  • 2002 онд "Сибкабель-Энержи" ХХК байгуулж, хамгийн анхны барилгын кабелийн утсыг Орос, Солонгос улсаас импортолсон.   
  • 2016 онд "Mek" цахилгаан кабель утасны үйлдвэр байгуулсан.
  • 2020-2022 онд Хөнгөн цагаан голтой цахилгааны кабель үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.
 
 

- Таныг бизнесийнхээ анхны хөрөнгө оруулалтыг самар зарж эхлүүлсэн гэж сонссон юм байна?
- 1990-ээд оны зах зээлийн нийгэмд шилжих үед хүн бүрт бизнес хийх санаа төрж байсан гэхэд хилсдэхгүй. Би ч гэсэн бусдын жишгээр бизнесээ босгох арга, замыг эрэлхийлж байв. Тэгээд 1992 онд Богд уул, Цэцээ гүнээс самар түүж бизнесийн эхлэлээ тавьж байлаа.

- Самраас олсон мөнгөөрөө ямар бизнес эхлүүлж байв?
- Бээжин явж, тэндээс бараа таваар аван, Эрхүүгийн зах зээл дээр нийлүүлж байв. Энэ мэтээр хоёр улсын хооронд 10 гаруй жил бизнес эрхэлсэн. Харин 2002 онд “Их минж” нэртэй анхны компаниа үүсгэн байгуулав. Бид ОХУ-ын Томск хотын “Сибкабель” компанитай хамтран ажиллах гэрээ хийж, Монгол улсад импортоор анхны барилгын кабелийг оруулан ирж байлаа.

- Яагаад заавал кабель гэж?
- Тухайн үед хүмүүс гаднаас чихэр жимс, гутал, хувцсыг ихэвчлэн авчирч зардаг байлаа. Миний хувьд бусдаас өөр зах зээлийг баахан судалсан. Тэгээд кабель утасны хувьд Монголд эрэлттэй ч нийлүүлэлт хязгаарлагдмал, албан ёсоор оруулж ирдэг компани байхгүйг олж харсан. Иймд даруйхан хөдөлж, өөрийн биеэр Оросын “Сибкабель” компанийн удирдлагуудтай уулзаж, хамтран ажиллахаар болсон.

МОНГОЛ УЛСАД АНХНЫ БАРИЛГЫН КАБЕЛИЙГ ИМПОРТОЛЖ БАЙЛАА.

 
 

- Та барилгын кабель утас импортлоод 16 жил болжээ. Зах зээлд импортын бүтээгдэхүүний нийт хэдэн хувийг эзэлж байна?
- 35-40 хувийг манайх дангаараа эзэлдэг.

- Импортын кабельд өрсөлдөгчид хэр олон байдаг вэ?
- Анх манайхаас гадна нэг компани байсан бол одоо олон болжээ. Өмнө нь ОХУ-аас л нийлүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр Солонгос, Герман, Хятад гээд бүхий л газраас авчирч байна.

ҮЙЛДВЭРҮҮД НЭГДЭЖ, ХАРИЛЦАН УЯЛДААТАЙ АЖИЛЛАВАЛ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХҮРТЭЛ ХУВИАР ХАНГАЖ ЧАДНА.

- Та импортлогчоос үйлдвэрлэгч болсон. Үйлдвэрээ байгуулах санаа хэрхэн төрөв?
- Кабель утсыг Монголд нийлүүлж байхдаа “Бид яагаад үйлдвэрлэж болохгүй вэ” гэх асуултыг үргэлж өөртөө тавьдаг байсан. Энэ салбарт дагнан бизнес эрхэлж байгаа хүний хувьд кабель үйлдвэрлэх технологи харьцангуй ойр санагдсан. Хэрэв үйлдвэр байгуулбал эх орондоо анхдагч болно гэж үргэлж боддог байв. Тэгээд урт хугацааны төлөвлөлт хийсэн. Улмаар 2012 онд үйлдвэрийн газраа авлаа. Энэ мэт явсаар 2016 онд “Мек” кабелийн үйлдвэрээ байгуулсан даа.

 
 

- Үйлдвэрлэл явуулахад хөрөнгө оруулалтаа шийдэх шаардлага тулгарна. Санхүүгээ хэрхэн шийдсэн бэ?
- Бид төслөө бичээд тухайн үеийн Үндэсний аж үйлдвэрийн яаманд хандахад ихэд дэмжсэн. Манай хөрөнгө оруулалтын дүн 8 тэрбум байсан ч тухайн үеийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих “888” төслөөс 2 тэрбумын зээл авч, 1 тэрбумыг өөрөөсөө гаргаж, санхүүжилтээ босгосон түүхтэй.

- “Мек” үйлдвэр Монголын барилгын кабелын зах зээлд хэдэн хувийг нийлүүлж байна?
- Манай үйлдвэрлэж буй утас бол барилгын дотор монтажны кабель. Энэ төрлийн утасны хэрэгцээний 10 гаруй хувийг манайх дангаараа хангадаг. Бид анхдагч кабелийн үйлдвэр болох “Эрдмин”-ээс түүхий эдээ авдаг. Хэрэв хоёр үйлдвэр нэгдэж, харилцан уялдаатай ажиллавал дотоодын хэрэгцээг 100 хувь хүртэл хувиар хангах бололцоо бүрдэнэ.

- Таны ажиллаж буй салбарт өөр хөрөнгө оруулагч, өрсөлдөгчид ажиллах хэр шаардлагатай гэж боддог вэ?
- Шаардлагатай. Нэг үйлдвэр нь дангаараа бүхнээ хийх бус хамтарвал илүү амжилттай ажиллана.  Жишээ нь би “Эрдмин”-тэй нэгдвэл дотоодоо бүрэн хангахаас гадна экпортод гаргах боломж бүрдэнэ гэж ярьсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр зэс боловсруулах, бэлтгэн нийлүүлэгч компаниуд олноороо бий болох зайлшгүй шаардлага тулгараад байна. Гэтэл одоо ганц л байна. Тэгэхээр бизнесүүдэд зах зээл их байгаа биз.

- Хэрэв бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдвэл зэсийн үнэ багасч, зах зээлд илүү хямд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Тийм үү?
- Тэгэлгүй яахав.

 
 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД ХЯМД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ.

- Миний сонирхлыг нэг зүйл татаад байна л даа. Монголын зах зээл бага учраас үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үнэтэй гардаг. Гэтэл танайх эсрэгээрээ импортынхоос харьцангуй хямд байгаа. Үүний шалтгааныг хэлэхгүй юу?
- Түүхий эдээ эндээс аваад, кабелиа үйлдвэрлээд, ажилчдынхаа цалин хөлсийг тавиад, татваруудаа төлсний дараа зах зээлд нийлүүлж байгаа бодит үнэ нь тэр шүү дээ. Хамгийн гол нь түүхий эд нь бэлэн байна. Өртгийн хувьд зах зээлд нийлүүлж буй бодит үнэ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бид ашиг хараагүй. Дотоодынхоо хэрэгцээг хямд бүтээгдэхүүнээр хангахыг хүсдэг гэх үү дээ.

- Чанарын хувьд экспортын бүтээгдэхүүнтэй харьцуулбал?
- Чанарт бардам амлалт өгч чадна. Учир нь зэсийн агууламж маш өндөр. Сортоор яривал нэгдүгээр зэргийнх гэсэн үг. Гаднаас орж ирж байгаа кабелиудыг судалж үзсэн. Солонгосынх гэхэд цэвэр зэс бус металлын хольц ихтэй байх жишээтэй.

- Нийтлэг хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үнэтэй гэсэн ойлголттой. Тэгэхээр та Монголдоо хамгийн чанартай бүтээгдэхүүнийг импортынхоос хямд нийлүүлж чадаж байна. Бизнесүүд, үйлдвэрлэгчдэд тийм боломж байгаа гэсэн үг үү?
- Боломж бий. Дандаа үнэтэй байна гэж үгүй. Гол нь түүхий эд. Гол нь түүхий эдийн олдоц хэр байна, хэр хямд байна гэдгээс шууд шалтгаална. Тиймээс боломжийн үнэтэй байгаа юм. 

- Түүхий эдээ Монголоосоо авч байгаа юм чинь үнэ нь цаашид тогтвортой байх боломжтой юу?
- Боломжтой.  

- Үнэ буурах боломж бий юу?
- Бий.

- Яаж?
- Эрдэнэт, Оюутолгойгоос зэсийг дахин боловсруулж, нийлүүлдэг болбол барилгын кабель дотооддоо илүү хямд худалдаалагдах бололцоотой. Түүгээр ч барахгүй зөвхөн барилгын дотоод монтажны утас бус үйлдвэр үйлчилгээ, эрчим хүчний утсуудыг үйлдвэрлэх орчин бүрдэнэ. Дийлэнх компани зэсийн түүхий эдээ урдаас авдаг. Жишээ нь дархчуудын шаардлагыг манай түүхий хангаж чаддаггүй учраас Хятадад хөрөнгө оруулалт хийдэг. Тэдэнд боловсруулж, хайлуулах, уян хатан болгосон зэс хэрэгтэй. Гэтэл манайд бэлтгэн нийлүүлэх газар алга. Технологи алга.

 
 

ТӨР ЯАГААД ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАМААР МАНАЙ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ...

- Ихэнх үндэсний үйлдвэрлэгч ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэтэл зах зээл нь бага учраас бие биетэйгээ өрсөлдөж, үнийн дайн хийж, бизнес нь хумигдаж буй жишээ цөөнгүй. Тиймээс зэсээр кабель хийх үйлдвэрлэл надад тун сонирхолтой санагдсан. Тэнд тоглогч цөөн, эрэлт их байна. Тэгэхээр маш том боломж байгаа нь харагдаж байна?
- Санал нэг байна. Бид сая Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөр дамжуулан Засгийн газрын 336 дугаар тогтоолд “Зэс кабель, хөнгөн цагаан утас үйлдвэрлэх” гэсэн тогтоолын шинэчлэлт оруулсан. Энэ нь дараа дараагийн бизнес хийхэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлээр дотоодын бүтээгдэхүүн хийж болдгийг харуулах боломж бүрдэнэ.

- Танай кабель дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн байж чадах уу?
- Чадна. Манай бүтээгдэхүүн олон улсын чанар шаардлагыг хангасан. Олон улсад нийцэх бүхий л шинжилгээ, шалгуурыг давж, патентаа авсан. Хятад, Япон, Тайванаас манай кабелийг авъя, хамтран ажиллая гэх санал цөөнгүй ирдэг.  

-Чили улс зэсийнхээ нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Бидэнд тэднээс суралцах зүйл юу байна?
- Зэсээр баялаг орнуудын хувьд боловсруулах үйлдвэрүүдтэй, бие биетэйгээ уялдаатай, хамтран ажилладаг учир зах зээлд зэс зэсэн бүтээгдэхүүний үнийг нь өсгөж чадаад байна. Гэтэл манайд үгүй. Хэрэв зэс хайлуулж, боловсруулах үйлдвэр баригдвал экспортод Монголынхоо бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах боломж их.

- Төрийн зүгээс бизнесүүдэд ямар дэмжлэг үзүүлээсэй гэж боддог вэ?

- Төр бидний хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авч дэмжвэл хамгийн том хөрөнгө оруулалт. Төрийн захиалгаар маш олон барилга баригдаж байгаа. Олон улсын чанар стандартад нийцсэн манай “MEK” брэндийн бүтээгдэхүүнийг яагаад дэмжиж болохгүй гэж... Хэрэглэгчид Хятад, Солонгосын барааг л илүү сайн гэж боддог. Гэтэл үнэндээ чанар нь харьцангуй муу шүү дээ.

 
 

2020-2024 ОНД 10 ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР КАБЕЛИЙН ТӨРЛӨӨ НЭМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ.

- “Сибкабель энержи” унтраалга, разетикны үйлдвэртэй. Би хувьдаа урьд өмнө нь монголчууд өөрсдөө үйлдвэрлэдэг гэж огт сонсож байгаагүй юм байна?
- Кабель үйлдвэрлэхэд PVC-ний /пластик түүхий эд/ хаягдал их гарна. Харин тэрхүү хаягдлаар унтраалга, разетик үйлдвэрлэж болох юм гэх санаа анх төрсөн. Монголдоо анхдагч юм даа.

- Үнийн хувьд?
- Урдаас орж ирж байгаа бүтээгдэхүүнээс  хямд байлгахыг зорьж буй. Импортын барааг зах зээлээс шахаж гаргахын тулд бид ажиллаж байгаа. Яахав эхлээд алдагдалтай байх эрсдэл бий ч өгөөжөө ирээдүйд өгнө шүү дээ. Түүнээс биш ашгаа өнөө, маргааш ярих нь сонин биш. Юун түрүүнд юм хийж сурч бүтээснийхээ дараа бага багаар дээшлэх ёстой гэж боддог.

- Самрын бизнесээс үндэсний баялаг бүтээх хүртлээ та уйгагүй ажиллажээ. Танд бүтэлгүйтэж, шантарсан түүх бий юу?
- Мэдээж бий. Шантарсан тохиолдол олон. Зэсээ авч чадахгүйд хүрч, үйлдвэрлэлээ зогсоох талаар хүртэл бодсон. Гэсэн ч ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэгчээр нэгэнт зорьсон учраас дуусгаж санаа амарсан. Бодоод үзэхэд энэ үйлдвэрлэл өнөө маргаашийн ажил биш байхгүй юу. Ирээдүйд Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулж, өгөөжөө өгөх салбар. Судалгаанаас үзэхэд Монгол улсад жилдээ 45-60 сая ам долларын кабель утас оруулж ирдэг. Тэгэхээр бид импортын хараат байдаг гэсэн үг. Харин “Эрдмин” үйлдвэрээс зэсээ авч, хамтарч ажилласнаас хойш 10 хувийг дангаараа орлодог болсон. Харин 2020-2024 онд 10 тэрбумын хөрөнгө оруулалтаар кабелийн төрлөө нэмж үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

- Монгол улсад компани байгуулах их амархан. Нэг сая төгрөг дансандаа байршуулаад улсын бүртгэлийн газар бүртгүүлээд л болчихно. Гэтэл компанийг нэр хүндтэй, тасралтгүй авч явна гэдэг амаргүй. Таны хувьд үүргээ гүйцэтгэсэн төдийгүй улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, баялаг бүтээж байна. Их л бэрхшээлийг туулсан байх?
- Хувь хүний сэтгэл, чармайлт, хөдөлмөр юм даа. Бас олон газар явж нүд тайлсны илрэл. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэгчээр хүн нүд тайлснаар эх орныхоо үнэ цэнийг мэдэрч, эд ширхэг бүрийг нь баялаг болгож харна. Ийм эрмэлзлээр бид хийхгүй л бол хэн хийх юм гэж үргэлж боддог. Ардчиллын нийгэмд шилжээд 29 жил боллоо. Алдаа оноо их л байгаа. Гэсэн ч бид бүтээж байж, эх оронч сэтгэл гарган байж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн байж эх орон хөгжинө. Ийм л сэтгэлээр тэмүүлж явна даа. 

 
 

МАНАЙ САЛБАРТ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БАЙХГҮЙ УЧИР БИД ХҮМҮҮСЭЭ МЭРГЭШҮҮЛДЭГ. 

- Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст хамгийн том дутагдаж байгаа зүйл юу байна?
- Хөрөнгө оруулалт, төрийн бодлого. Хөрөнгө оруулалтаа зээлийн хэлбэрээр л шийдэж байна. Зээлээ таван жилийн хугацаатай авсан. Одоо дуусах гэж байгаа. Тоног төхөөрөмжөө дахин авах хэрэгцээ байдаг. Хэчнээн өндөр хүүтэй ч банкууд л бидэнд тусалж байна. “Хаан банк” биднийг их дэмжин ажилладаг. Халуун дулаан хамт олноор үргэлж бахархаж явдаг даа.

- Энэ их зээлийг богино хугацаанд төлнө гэдэг дарамт биш үү?
- Дарамт л даа. Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа тохиолдолд зээлийн хугацааг 10, 20 жил болговол зүгээр. Таван жилийн хугацаатай өгчихвөл юу хийж чадах вэ. Эргэлзээтэй. Үйлдвэрээ бариад, тоног төхөөрөмжөө оруулж ирэх гэсээр байтал хоёр жил өнгөрчихнө. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр нэг жил болно. Бараагаа борлуулах гэсээр байтал хэдийнэ таван жил ард хоцорсон байна.

- Үйлдвэрийн хувьд мэргэжлийн боловсон хүчин хэр дутагдалтай байдаг вэ?
- Бас нэг асуудал нь тэр. Монголд мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Тиймээс бид өөрсдөө гадаадын үйлдвэрүүдтэй танилцуулж, туршлага судлуулж мэргэшүүлдэг.  

- Ер нь та амжилтыг юу гэж боддог вэ?
- Амжилт хажууд байдаг. Хүрэх эсэх нь таниас шалтгаална. Амжилт бол ирээдүй. Таныг дагаад л явж байгаа.

- Амжилтад хүрэхэд хол ойр гэсэн цаг хугацааны хэм хэмжээ байдаг уу? 
- Байдаг. Гэхдээ олохын тулд бусдаас үлгэрлэх хэрэгтэй.

- Монголчуудын амжилтад хүрдэггүй сул талыг та юу гэж хардаг вэ?
- Их амархан шантрамтгай. Бэлэнчлэх дуртай. Энийг л засах хэрэгтэй гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа.

TAGS
#Business