• Lead the way ...
         
11
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 32)
31.25%
68.75%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    305   |  
18

"Бид дэлхийд оюуны экспортоо хийгээд эхэлчихсэн"

ХАНДСҮРЭН ХАТАНБААТАР: 

  • Турк улсад хуулийн мэргэжлээр суралцаж төгссөн. Нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. 
  • Монголын Оюун Ухааны Академи 
  • “Мастер Майнд” ХХК 
  • “Мастер Паблишинг” хэвлэлийн газар 
  • “Ивээлийн найзууд” цэцэрлэг 
  • “Язгуур” бага сургууль 
  • Монголын Спорт Өрөлтийн Холбоо 
  • Монголын Шооны Холбоо зэрэг байгууллагуудыг үүсгэн байгуулсан.

ОЮУН УХААНЫ СПОРТЫГ МОНГОЛДОО ХӨГЖҮҮЛЖ, ДЭЛХИЙН АВАРГУУД ТӨРҮҮЛЧИХНЭ ГЭЖ ҮНЭНДЭЭ ТӨСӨӨЛӨӨГҮЙ

 

- Турк улсад эрхзүйч мэргэжлээр төгссөн хүн хэдийнээс, ямар шалтгаанаар оюуны спорт болоод боловсролын салбарт хөл тавив?
- Оюуны спорт болон боловсролын салбар руу орсон нь их санаандгүй болсон зүйл л дээ. Турк улсад хуулийн сургуульд суралцаж байх үедээ хурдан уншлага, ой тогтоолт, цээж бодолт зэрэг шинэ тутамд хөгжиж буй оюуны спортын зарим төрлүүдийг сонирхож, судалж, хичээллэж эхэлсэн юм. Анх спорт талаас нь биш бүтээлчээр суралцах, өдөр тутмын амьдрал, ирээдүйд ажил мэргэжилд минь хэрэгтэй гэдэг үүднээс эдгээр ур чадварыг өөрийн болгохоор хичээж, тухайн сэдвээр олон ном уншиж судлан, Турк, Англи, Герман болон Америкт энэ чиглэлээр сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Хичээнгүйлэн суралцсан нь миний хичээл, сурлагад гайхалтай үр дүнгээ өгсөн. Ингээд хоёр жилийн дараа буюу 2008 онд Туркийн хурдан уншлагын аварга шалгаруулах анхны тэмцээндээ оролцохоор шийдэж, хоёр сарын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсний үр дүнд мөнгөн медаль хүртсэн. Хурдан уншлагын тэмцээн нь урьд өмнө нь хэвлэгдэж байгаагүй олон хуудас текстийг хамгийн богино хугацаанд уншиж, ойлгоцоо шалгуулдаг дүрэмтэй. Тус тэмцээнээс медаль хүртсэн нь өнөөдрийн Монголын Оюун Ухааны Академи байгуулах үндсэн шалтгаан болсон юм болов уу. Хэрэв энэ тэмцээнд медаль хүртээгүй бол цаашдаа тэмцээн уралдаанд бараг оролцохгүй байсан байх. Өөрөөр хэлбэл эзэмшсэн энэ  чадвараа өнөөдөр хуулийн мэргэжилдээ л ашиглах байжээ. Дараа нь 2008 оны сүүлээр дөрвөн жилд нэг удаа болдог “Memoriad” mental olympics буюу оюуны спортын хамгийн том тэмцээндээ оролцож тавдугаар байрт шалгарсан. Харин 2009 онд хэд хэдэн тэмцээнд оролцож олон улсын тэмцээнүүдээс нийтдээ 13 медаль хүртсэн юм. Энэ үед сургуулиа төгсөөд Монголдоо ирээд ажлын хувьд хоёр сонголттой тулсан. Гурван компаниас мэргэжлээрээ ажиллах санал ирсэн учир хуулийн салбараа сонгох уу, оюуны спортыг Монголдоо хөгжүүлэх үү гэж...

- Тэгээд хоёр дахийг нь эргэлт буцалтгүй сонгочихсон уу?
- Энэ төрлийн тэмцээнд оролцсон анхны Монгол тамирчин байсан учир олон улсад надаас илүү амжилт гаргах оюуны өндөр чадамжтай олон хүүхэд, залуус бий гэж бодсон. Тэднийг нээж хөгжүүлэх хэрэгтэй гэдэг утгаараа оюуны хөгжлийн олон талт сургалт, судалгаа явуулж, оюуны спортын дэлхийн аваргыг төрүүлэх зорилготойгоор 2010 онд Монголын оюун ухааны академиа байгуулсан. Энэ хүртлээ Улаанбаатар хот болон 18 аймагт 30 мянга гаруй хүнд оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ, бүтээлчээр суралцах, оюуны спорт зэрэг олон сэдвээр лекц уншсан нь хүмүүст маш сайн хүрсэн. Лекцийн танхимууд пиг дүүрч, лекцийн төгсгөлд хүмүүсийн алга нижигнүүлэн таших нь надад хийж бүтээх маш их урам зоригийг өгсөн. Ямартай ч сонголт маань зөв гэдэгтээ илүү итгэлтэй болж билээ.

 

- Оюун ухааны академиа анх үүсгэн байгуулахдаа ирээдүйд танай тамирчид дэлхийн рекордыг 30 удаа, Гиннесийн рекордыг 3 удаа эвдэж, ОУ-ын цомыг 72 удаа, ОУ-ын медалийг 871 удаа хүртэнэ гэх багахан ч атугай төсөөлөл, итгэлтэй байв уу?
- Спорт талаас нь ийм богино хугацаанд Монголдоо хөгжүүлж, дэлхийн аварга төрүүлчихнэ гэж үнэндээ төсөөлөөгүй. Гэхдээ дэлхийн шилдэг тамирчдыг бэлтгэж чадна гэдэг итгэл үнэмшил байсан. Харин хугацааны хувьд хараахан болоогүй л гэж бодсон. 2011 онд БНХАУ-д болсон Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  анх удаа багаараа оролцсон. Энэ тэмцээнд хамгийн гайхалтай нь гурван тамирчин маань Олон улсын их мастер цолыг хүртэж, багийн нийлбэрээр хүрэл медаль хүртсэн нь цаашдаа бид илүү их амжилт гаргах боломжтойг харуулсан үйл явдал болсон. Тэр цагаас хойш чансаагаараа тогтмол эхний байруудад л явж байна. Өнөөдрийг хүртэл бид дотооддоо ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлт, рубик шооны нийт 92 тэмцээнийг амжилттай зохион байгуулж, давтагдсан тоогоор 11 мянга гаруй хүүхэд залуус, ахмад үеийнхнийг хамруулсан бол Америк, Англи, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос, Турк, Сингапур, Герман зэрэг маш олон оронд нийтдээ 52 олон улсын тэмцээнд шигшээ багийн тамирчдаа бэлтгэн оролцуулсан байна. Бид олон улсаас нийт 76 цом, 871 медаль хүртсэн бол тамирчид маань зөвхөн ой тогтоолтын спортын тухайд дэлхийн 54 дээд амжилтын 30-ыг нь эзэмшиж, гурван тамирчин маань Гиннесийн номонд бүртгэгджээ. Бүх насны ангилалд болон багаараа Дэлхийн аварга, Азийн аварга болсон. Анхандаа Герман, Англи, Швед болон Америкийн багууд тэргүүлдэг байсан бол өнөөдөр Азийн орнууд эхний байруудын төлөө өрсөлдөж байна.

- Монголчууд оюун ухаанаараа бусдаас цойлж байгаа шалтгаан нь юу байв. Хатанбаатар энэ үүдийг нээв үү. Эсвэл хэзээ нэгэн цагт өөр Хатанбаатар энэ хаалгыг татах байсан уу? Юу гэж боддог вэ?
- Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Цөөн хэдийг нь товчхон тайлбарлахад: Нэгт, миний мэдэхийн 2000 оноос хойш улс орнуудын оюуны чадамжийн коэффициент IQ-гээр нь жагсаахад Монгол улс тогтмол дээгүүрт бичигдэж байгаа нь бид “хоосонгүй толгойтой” гэдэг нь харагдаж байгаа юм. Хоёрт, олон чадварлаг багш, хамт олны хүчинд сургалтын хөтөлбөрөө хөрсөн дээрээ сайн буулгаж заах арга барилаа хөгжүүлж чадсантай холбоотой болов уу. Гуравт, тамирчдын сахилга бат. Их, бага нь хамаагүй өдөр бүр бэлтгэл хийх, давтах зарчмыг мөрдлөг болгож чадсантай мөн холбоотой. Дөрөвт, бэлтгэлийн үед тархийг альфа долгионд оруулж чаддагаараа тамирчид маань илүү сайн төвлөрөх, үр дүн гаргах боломж нь бүрдсэн гэх мэтээр тоочоод байвал олон хүчин зүйл бий. Өнөөдрийн бидний гаргасан амжилтууд нэг хүний санаачилгаар эхэлж, чадварлаг хамт олныг бүрдүүлэн тэднийхээ хүчээр үр дүн гаргасантай холбож тайлбарлая. Миний хувьд эхлүүлээгүй байсан ч өөр хэн нэгэн нь хэзээ нэгэн цагт энэ хаалгыг татах л байсан.

ДЭЛХИЙН 10 ГАРУЙ УЛСАД 300 САЛБАР, 2 САЯ ГАРУЙ СУРАГЧТАЙ ЭНЭТХЭГИЙН СУРГАЛТЫН ТӨВ МАНАЙ ХӨТӨЛБӨРИЙГ АВАХ САНАЛАА ИРҮҮЛСЭН

 

- Энэ хугацаанд 52 удаа олон улсын тэмцээнд оролцсон гэлээ. Зардал мөнгөө хэрхэн шийдсэн нь сонин байна?
- Олон улсын тэмцээн уралдаанд тамирчдаа оролцуулахад хамгийн тулгамдсан асуудал нь зардал мөнгөтэй холбоотой. Эхэн үедээ тамирчдынхаа зардлыг сургалтын үйл ажиллагаагаар олсон хуримтлалаараа шийддэг байсан бол дараа дараагийн тэмцээнд оролцох тамирчдын тоо нэмэгдсэнээр энэ нь боломжгүй болж эхэлсэн. Өнөөдөр гадаадад тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын дийлэнх нь гэр бүлийнхээ дэмжлэгээр явж байгаа. Ганц нэг тохиолдолд тамирчдыг маань дэмжиж ивээн тэтгэсэн байгууллага, хувь хүн бий. Тэдэнд оюунлаг үйлсийг дэмжсэнд нь баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье. Ар гэрийн санхүүгийн боломж муу шилдэг тамирчдын зардал болон багш, дасгалжуулагчдынхаа томилолтыг бид өөрсдөө хариуцдаг. Одоогоор манай байгууллагын хувьд илүү түлхүү дотоодын тэмцээн уралдаанаа идэвхтэй зохион байгуулах, үүнийгээ өөрсдөө санхүүжүүлэх дээр анхааран ажиллаж байна. Бид дотооддоо 92 тэмцээн зохиожээ. Нэг баяртай мэдээ дуулгахад сүүлийн үед бизнесийн зарим байгууллага манай шилдэг тамирчдыг компанийнхаа тамирчнаар авч, олон улсын тэмцээнд оролцох зардал мөнгийг шийддэг сайхан хандлага тогтож байгаад баяртай явдаг.

- Оюун ухааны спортыг Монголдоо тултал нь хөгжүүлж, үүнийгээ ч дэлхийд хангалттай баталчихлаа. Цаашдаа боловсрол, спортын чиглэлээ дагаад явах уу, эсвэл бизнес хийх боломж гэдэгт илүүтэй анхаарах уу?
- 2017 оныг хүртэл бид бизнес гэхээсээ илүү дэлхийн шилдэг баг байхын төлөө үйл ажиллагаанаас олсон хуримтлалаа оюуны спортыг хөгжүүлэх үйлсдээ бүрэн зарцуулсан. Тэр ч утгаараа сайн сургалтын хөтөлбөртэй, гайхалтай тамирчидтай, дэлхийн шилдэг баг болж чаджээ. Үүнийгээ дагаад сүүлийн жилүүдэд дотоод болон гадаадын олон хувь хүн, байгууллага манай хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтээ удаа дараа тавьсан учир боловсролын франчайз хийх зорилгоор "Мастер Майнд" компаниа байгуулсан. Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ (Зүүнхараа), Өмнөговь болон Дорнод гэсэн 6 аймагт Монголын оюун ухааны академийн гэрээт салбарууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ 9 сар гэхэд үлдсэн бүх аймагт гэрээт салбараа нээхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Саяхан Румын, Киргиз улстай гэрээгээ байгуулсан бол дэлхийн 10 гаруй улсад 300 салбар, 2 сая гаруй сурагчтай Энэтхэгийн сургалтын төв манай хөтөлбөрийг авах саналаа ирүүлсэн. Бид хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр ажиллаж байна.

- Бид оюун ухааны спортоороо патент эзэмшиж байна. Олон улсад патентаа зарах нь манайд ямар ашигтай, Хатанбаатарт ямарт ашигтай вэ?
- Юуны өмнө гадны улс орноос биднийг тоож манай сургалтын хөтөлбөрийг авах хүсэлтээ илэрхийлж байгаад нь их баяртай байгаа. Бидний оюуны спортод гаргасан амжилт тэдний анхаарлыг татахаас гадна академик боловсролын хувьд хүүхэд сурч ойлгоход төвөгтэй зарим сэдвийг хялбарчилж бүтээлчээр суралцах боломжийг олгож байгаагаараа манай хөтөлбөрийг сонгох үндэслэл нь болсон болов уу. Хичээлийн зарим сэдвийг ойлгоход хүндрэл учирдаг нь зөвхөн монгол хүүхдийн асуудал биш. Америк, Хятад, Япон, Англи зэрэг бүхий л хүүхдийн асуудал. Тиймээс бид гадны олон мянган хүүхдийн энэ хүндрэлийг шийдэх боломж гарч ирж байгаа юм. Патентаа гадагшаа өгснөөр нэгт, олон улсын боловсролын салбарын зарим нэг асуудлыг шийдэх; хоёрт, улсаа сурталчлах; гуравт, валютын урсгал манайд орж ирснээр бид дараа дараагийн төслүүддээ хөрөнгө оруулалт авах боломж бүрдэнэ. Ямартай ч болохоос болохгүйг хүртэл зүтгэнэ дээ. 

 

- Сургалтын төлбөрийн хувьд ямар бодлого баримталж байна?
- Улаанбаатар хот болон орон нутаг дахь гэрээт салбарын сургалтын төлбөр ялгаатай. Хүүхдийн үргэлжлүүлэн суралцаж буй шат шатны хөнгөлөлтүүдийг тооцоход сургалтын төлбөр сарын 90 гаруй мянган төгрөг болж байгаа. Энэ нь бусад сургалтын төвтэй харьцуулахад дундаж төлбөр. Мөн үүнийгээ дагаад нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөрийн боломжгүй олон зуун хүүхдийг бид богино болон урт хугацааны сургалтууддаа үнэ төлбөргүйгээр хамруулсаар ирлээ.

- Өөр тоглогч орж ирэхэд энэ боловсролын бизнест орон зай байгаа юу?
- Байгаа, хүн болгонд нээлттэй. Хамгийн гол нь боловсролын үйлчилгээний чанараараа л өрсөлдөх ёстой болов уу.

- Өрсөлдөөнийг юу гэж тодорхойлох вэ?
- Өрсөлдөөн бол зах зээл дэх үйлдвэрлэл болон үйлчилгээний тал дээр бусдаас давуу нөхцөлийг олж авахын төлөөх тэмцэлдээнт харилцаа. Бидний хувьд гадаад дотоодын олон байгууллагын соёлоос тодорхой хэмжээнд үлгэр дуурайлал авч хэрэглэгчдэд өөрсдийн хүргэхийг хүсч буй үйлчилгээгээ хамгийн сайнаар л хийх зорилготой. Түүнээс өрсөлдөөн гээд бусдыг муулж, харлуулж, тогоон дотроо тэмцэлдэхийг хүсэхгүй. Харин эсрэгээрээ олон сургалтын төвүүдтэй өнөөдрийг хүртэл хамтарч ажилласаар ирсэн. Зөвхөн манай нэг хөтөлбөрийг л гэхэд 76 цэцэрлэг, 21 сургууль, 8 хүүхэд хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургалтын төв буюу нийт 105 боловсролын байгууллага үнэ төлбөргүй хэрэгжүүлж, олон мянган хүүхэд түүнд хамрагдаж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХДАА ЗААВАЛ ТӨГС БОЛСНЫХ НЬ ДАРАА НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ ЦАГ АЛДАХ ЁСГҮЙ

 

- Боловсон хүчин хүний нөөцдөө хэр анхаарал хандуулдаг вэ. Ажилчид бол компанийн баялаг гэдэгтэй санал нийлдэг үү?
- Одоо хүний нөөц бүрдүүлэлт талдаа онцгой анхаарч ажиллаж байна. Ажилтнууд бол байгууллагын баялаг гэдэгт 100 хувь санал нийлж байна. Ажилтнуудаас л хамаарч байгууллага өсөх үү, уруудах уу гэдэг нь шийдэгдэнэ. Тиймээс чадварлаг, хандлага сайтай ажилтнаар багаа бүрдүүлэх, урам зоригтой ажиллах сэдлийг нь төрүүлэх, цалин хөлс, нийгмийн халамж тал дээр урамшуулах зэрэгт удирдлагын хувьд анхаарч ажиллаж байна.

- Хоёулаа 9 жилийн амжилтын талаар ярилаа. Үүнээс цааш 9 жилийн ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна?
- Одоогоор Монголын Оюун Ухааны Академийн харьяа “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Язгуур” бага сургуулиа нээгдээд удаагүй ч хүүхэд хөгжүүлэх, мэдлэг олгох, төлөвшүүлэх ажлаа хангалттай сайн хийж байгаа гэж бодож байна. Ирээдүйд боловсролын салбарын бүх түвшинд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж боловсролын шинэчлэлд хувь нэмрээ оруулах, олон улсад оюуны экспортыг амжилттай хийхийг л хүсэж байна. 

- Шинээр бизнесээ эхэлж буй өөрийн зүгээс үнэтэй гурван зөвлөгөө өгөөч гэвэл?
- Өнгөрсөн хугацаанд дүгнэлт хийсэн цөөхөн зүйлээ хуваалцахад: Нэгт, соёл нь тогтсон том байгууллагад ажиллаж үзэх ёстой. Учир нь яг компани байгуулаад явахад удирдлага, санхүү, менежментийн талаар сайн ойлголтгүй байсан надад эхэндээ хүнд цохилт болсон. Эхэн үед буруу төлөвлөгөө, тооцооноос болж цалин мөнгөө тавьж чадахгүй байх үе хүртэл тохиолдож байлаа. Үүндээ дүгнэлт хийж нэг хэсэг бизнес, менежментийн чиглэлийн нэлээн олон богино хугацааны сургалтад хамрагдаж өөрийгөө цэнэглэж эхэлсэн. Мөн бизнесийн олон ном уншиж ажилдаа хэрэгжүүлэхийг хичээж явна. Хоёрт, ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрүүлэхдээ заавал төгс болсных нь дараа нэвтрүүлнэ гэж цаг хугацаа алдах ёсгүйгээ ойлгосон. Хэдий төгс гэж бодсон ч алдаа гардаг учир эхний хувилбараа үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэглэгчдийн санал хүсэлтэд үндэслэн сайжруулалтаа хийж явснаар цаг хэмнэж, сайн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Гуравт, гол процесстоо илүү төвлөрч ажиллан дэд процессоо мэргэжлийн байгууллагаар буюу outsourcing хэлбэрээр гүйцэтгүүлэх. Жишээ нь, манайх сургалтын байгууллага учир сургалтын чанарын үйл ажиллагаандаа л илүү анхаарах ёстой. Гэрээ хэлцэл зэрэг хууль, эх зүйтэй холбоотой асуудлаа хуулийн фирмд, санхүүтэй холбоотой асуудлаа санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагад, софтвэйр программын ажлаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагаар тогтмол гүйцэтгүүлэх нь хамаагүй зардал багатайг ойлгосон. Түүнээс нэг IT инженер, нэг хуульч, нэг санхүүч гээд авснаар түрээс, цалин хөлс, ширээ, сандал, компьютер гээд илүү их зардал гарч байгаа юм.

XXI ЗУУНЫ ХҮҮХДҮҮДЭД XX ЗУУНЫ АРГА БАРИЛААР СУРГАЖ БОЛОХГҮЙ

 

- Өнөөгийн боловсролын системийн талаар ямар бодолтой явдаг вэ?
- Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Ази, Европын өндөр хөгжилтэй 9 орноор бүх насны боловсрол судалж явахдаа өөрсдийн боловсролын системийг харьцуулсан. Ялангуяа сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хувьд манайд дутагдалтай зүйл маш их. Жишээ нь, Финланд улсад боловсролын байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж зарим сургуулиар орсон. Тухайлбал, Сауналанти дунд сургуулиар зочлоход нэг ангийн сурагчийн тоо 25, бага ангид үндсэн болон туслах хоёр багш хичээл заадаг, амьдрах ухааны хичээл буюу онолоор үзсэнээ практикт хэрэгжүүлэх анги, танхим, лабораторийг иж бүрнээр нь байгуулсан зэргийг хараад битүүхэндээ цагаан атаархал төрж байлаа. Багшийн нэг орон тоон дээр 9-11 багш өрсөлддөг гэж бодохоор ямар өндөр шалгуураар шигшигддэг нь ойлгомжтой. Үүнийгээ дагаад цалин өндөр. Багш нараа бичиг цаасаар дарж, шалгаж, хянадаггүй. Үндэслэлийг нь тодруулахад бид багш нартаа итгэдэг гэсэн ганц л өгүүлбэр хэлж байгаа нь гайхалтай санагдсан юм. Боловсролын системдээ шинэ хөтөлбөр нэвтрүүлсэн бол заавал 12 жилийн турш үр дүнг нь үзэж байж дараагийн шинэчлэл хийгддэг гэх мэт ярьвал их зүйл байна. Өнөөдөр бид үүний эсрэгээр нь л яваад байх шиг.

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилд хэр хувь нэмрээ оруулж чадах вэ. Эцэг хүний хувьд юу гэж бодож байна?
- Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Хүүхдийг багш, цэцэрлэг, сургуульд бүрэн даатгалгүй хүүхдэдээ өдөрт багахан ч гэсэн хугацаа зарцуулан ярилцаж, тоглож байх хэрэгтэй. Хэдий завгүй байсан ч өдөрт 10-хан минутыг хүүхдэдээ заавал зориулаарай. Энийг өөрийн биеэр мэдэрсэн учраас итгэл дүүрэн хэлж байгаа юм. Хүүхэд таны тусгал учир хүүхдийнхээ хажууд хэлж, ярьж, үйлдэж байгаа бүх зүйлээ анхаарах ёстой. Миний хувьд нэг жишээ дурдахад бага охиноо ой 11 сартайгаас нь анхаарч цаг гаргаж эхэлсэн. 2 ой 5 сартайдаа дэлхийн бүх улсын далбааг нэрлэж байсан нь сошиалд нэлээн олон хүний анхаарлыг татаж байсан. 3 настайдаа уншиж, хэдэн мянгын дотор бодож сурсан бол одоо 4 настайдаа сургуульд орох бэлтгэлээ хангаж байна. Хамгийн гол нь сурах арга барилаа эзэмшээд эхэлсэн хүүхэд аливаа зүйлийг маш хурдан ойлгож сурдаг. Охин маань зургаадугаар сард цээж бодолтын төрлөөр анхны олон улсын тэмцээндээ оролцохоос гадна 10 сард Америкийн нэгэн нэвтрүүлэгт уригдсан. Мөн 12 сард ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна. Эцэст нь XXI зууны хүүхдүүдэд XX зууны арга барилаар сургаж болохгүй. Тийм учраас хүүхдийг хөгжүүлэхэд эцэг эх, багш нар уламжлалт арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

 

- XXI зууны хүүхдүүдийг XX зууны арга барилаар сургаж болохгүй гэсэн. Яагаад?  
- Багш зааж, хүүхэд сонсдог биш хүүхдийн оролцоо, тоглоомын аргад түшиглэн анхаарал сонирхлыг нь төрүүлж аливаа сэдвийг ойлгуулах нь чухал байгаа юм. Хүүхэд аз жаргалтай үедээ суралцсан зүйлээ мартдаггүй гэдэг. Тиймээс тухайн сэдвийг хэрхэн хялбар байдлаар ойлгуулж болох вэ гэдэг дээр л судалгаа хийж хөтөлбөр бий болгох хэрэгтэй.  Үндсэндээ хоёр тархины оролцоог хангасан хөтөлбөр хүссэн хүсээгүй хүүхдийн анхаарлыг татаж бүтээлчээр суралцах боломжийг олгож чадна.  

- Манай уламжлалт арга барил бол нэг талаасаа хүүхдийг "залхаан цээрлүүлэх" хандлагатай. Харин та бүхэн хүүхдийг тоглоомын аргаар сургаж байгаа. Энэ хоёр арга барилын ялгаа, үр дүнгийн талаар тайлбарлахгүй юу. Бас үр дүнгийн судалгаа хийсэн үү? 
- Ганцхан жишээ хэлэхэд, сурагчдын өнгөрсөн өвлийн амралтаар багш, анги танхимын багтаамжаас шалтгаалан 344 хүүхдийг академийн “Хөгжилтэй аргаар хүрд цээжлэе!” сургалтанд хамруулсан юм. Үүнээс 175 нь хоёрдугаар анги, 84 нь гуравдугаар анги, 59 нь дөрөвдүгээр анги, 26 нь тавдугаар ангийн сурагчид байсан. Энэ судалгааг харахад хамгийн харамсалтай нь дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд хүрдээ мэдэхгүй байна гэдэг нь цаашдаа математикийн хичээлийг гүнзгийрүүлж судлах, амжилт гаргах бараг боломжгүй болж байгаа юм. Уг нь хоёрдугаар ангид үзэж ойлгосон байх ёстой энэ сэдвийг гурав, дөрвөн жил болоход сураагүй байгаа нь энэ хичээлд дургүй болох тэдний нэг шалтгаан нь. Энэ сэдвийг бид хөгжилтэй, сонирхолтой хэлбэр лүү шилжүүлж үлгэр зохион ярьж хоёр тархийг нь идэвхжүүлж өгснөөр ердөө 5 цагийн дотор бүх хүүхэд сурч чадсан нь бидний ажлын үр дүн юм. Үүнтэй яг адилаар бага ангийн сурч ойлгоход төвөгтэй бүхий л сэдвийг бид ой тогтоолтын аргачлалыг ашиглан сонирхолтой хэлбэр лүү шилжүүлж, бага сургуульдаа амжилттай туршиж байна. 

- Ярилцсанд баярлалаа.  

 
 
TAGS
#Business