• Lead the way ...
         
20
2024
May
Daily poll


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    196   |  
73

Аргайсүхийн ХАНГАЙ: 

  • 2000 онд Хөгжим Бүжгийн Коллежийг балетийн жүжигчин мэргэжлээр төгссөн
  • Дуурь бүжгийн эрдмийн театрт 5 жил,
  • Япон улсын “New National Theater Tokyo”-д 2 жил,
  • “New York Theater Ballet”-д 2 жил,
  • Connecticut мужийн “Mystic Ballet Company”-д 2 жил,
  • Герман улсад хэсэг хугацаанд бүжиглээд,
  • Японы “NBA Ballet Company”-д 3 жил ажилласан.
  • Одоогоор чөлөөт уран бүтээлч. Японы балетийн компаниудад урилгаар бүжиглэдэг.
  • Токио хотод балетын хувийн сургуулиа нээгээд 7 дахь жилийн нүүрийг үзэж байна. Балетын сургууль нь 80 гаруй сурагчтай.

2017 оны арваннэгдүгээр сарын 18-нд Улаанбаатар хотноо Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын балетын залуу жүжигчид, уран бүтээлчдийн хамтарсан “Хязгаараас ангид” модерн бүжгийн тоглолтыг санаачилж зохион байгуулсан.

ЭЭЖИЙН МӨРӨӨДӨЛ ЭЦЭСТЭЭ МИНИЙ МӨРӨӨДӨЛ БОЛЖ ХУВИРСАН

- Балетийг сонгох болсон шалтгаанаар яриагаа эхлэе?
- Ээж минь балетчин болохыг мөрөөддөг байсан. Тэрээр Санкт Петрбургийн Вагановын нэрэмжит балетын академид сурах байсан ч тухайн үед нөхцөл нь бүрдээгүй учраас явж чадаагүй юм билээ. Тиймээс намайг балетчин болгохоор зорьсон. Би яваандаа энэ урлагт өөрөө дурлаж, нэг л мэдэхэд балетыг сонгосон. Өөрөөр хэлбэл ээжийн мөрөөдөл эцэстээ миний мөрөөдөл болж хувирсан. 

- Тэгээд л балетын сургууль нээхээр төлөвлөсөн юм уу?
- Сургууль нээе гэсэн санаа ер нь Хөгжим бүжиг төгссөн үеэс эхтэй. 2000 онд сургуулиа төгсөөд ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд “ХАБЛ” нэртэй бүжгийн хамтлаг байгуулж байлаа. Манай хамтлагийнхны нэрний эхний үсгүүд л дээ. Миний нэрийн Х үсэг, Д.Алтанхуягийн А үсэг, Б.Батболдын Б үсэг, О.Лхагвасүрэнгийн Л үсгийг аваад л хамтлагаа нэрлэсэн юм. Бид ирээдүйд компани байгуулна, тэгээд олон улсад өрсөлдөнө, сургуультай болно гээд л мөрөөддөг байлаа.

Дөнгөж 18-19-тэй хүүхдүүд байлаа шүү дээ. Хамтлагаа байгуулаад тоглолт хийж байхад Б.Жаргал маань Франц явчихсан байсан л даа. Гэхдээ сэтгэлээрээ үргэлж бидэнтэйгээ хамт байдаг байсан. 

Хамгийн гол нь манай ангийнхан хамтлаг байгуулахдаа дутуу үлдээсэн зүйлс олон бий. Тиймээс эргэж нийлж байгаад тэр бүхнийгээ үргэлжлүүлнэ гэж үргэлж бодож явдаг. 

Тухайн үед “Монре импекс” компанийн У.Уламбаяр ах болон түүний эхнэр Р.Туяацэцэг эгч биднийг анх дэмжиж, Францаас контемпорари урлагийн багш хүртэл авчран сургаж байсан.

Франц багшийн заасан хичээлийг тэр үед “За, ийм бүжиг ч гэхэд хэцүү юм бас байдаг л юм байна” гэж харж байлаа. Гэтэл хожим нь гадаад, дотоод яваад юм үзэж байхад Р.Туяацэцэг эгчийн бидэнд оруулсан оюуны хөрөнгө оруулалт ямар чухал болохыг ойлгож билээ. 

- Сургуулиа төгсчихөөд та бүхэн Дуурь, бүжгийн эрдмийн театрт ажилласан гэсэн үг үү?
- Тийм ээ, бүгдээрээ театрт үндсэн ажилтнаар ажилласан. Үүнийхээ зэрэгцээ хамтлаг байгуулаад явсан юм л даа. Зарим багш биднийг урдах ажлаа хийж чадахгүй байж олон юманд санаархлаа гэдэг байсан, зарим нь залуу хүүхдүүд одоо л хийх ёстой гэнэ. Ингэж байгаад л манай хамтлаг өөр өөрсдийн карьераа хөөж, Япон руу, Европ руу, Америк руу нэг нэгээрээ явж эхэлсэн. Тухайн үед дэлхийд гарах гарц л гэж харсан хэрэг.

- Яагаад заавал Япон гэж?
- Нэгдүгээрт, дэлхийн шилдэг балетчид зундаа нэг удаа Японд цугладаг. Тэр үеэр нь шилдгүүдийг харж, тэдний тоглолтыг үзэж, суралцах боломжтой гэж харж байлаа. 2005 оны хавар "New NationalTheater Tokyo" гээд Япондоо ганц байдаг улсын театрын сонгон шалгаруулалт болох гэж байна гэж сонсоод, өөрийнхөө танилцуулгыг явуулж байсан юм. 

Үүнээс өмнө Европын, Америкийн компаниуд руу бүртгүүлэх гээд л танилцуулгаа явуулсан. Гэхдээ замын зардал, мөнгө нь аймшигтай үнийн дүн л ирдэг байсан. Яаж олох вэ, гээд л олон ч боломжоо хойш нь тавьсан. Тэгтэл шалгаруулалтад оролцох урилга Японоос ирсэн. Зардал нь 700 орчим доллар буюу боломжийн санагдсан учраас шууд л явахаар шийдсэн.

Шалгаруулалтад бараг 70-80 хүүхэд, миний үеийн залуучууд оролцсон. Тэгээд эхний өдрөө гуравны хоёрыг нь хасаад, хоёр дахь өдрөө үлдсэн хүмүүсийнхээ талыг нь хасаад, сүүлийн өдөр нь яг театрын бүжигчидтэй хамт бэлтгэл хийсэн.

Өмнө нь театрт ажилласан болохоор яг аль хэсэгт зогсвол сайн харагдах, хэнтэй хамт үсрэх, хэрхэн амжилт олох талаар стратеги боловсруулж орсон. Ингээд бэлтгэлээ эхэлсэн. Япончууд яахав өөрсдийн нарийн дэг журамтай хүмүүс, би болохоор дунд нь нэг дураараа нөхөр. Тэнд ч очиж гоцлол бүжигчинтэй нь яриад л, энд ч очиж үсрээд л. 

Бэлтгэл ч дууссан, театрын удирдлага дараа нь шалгаруулалтад оролцож байгаа хүмүүстэй нэг нэгээр нь уулзсан. Тэгээд надтай уулзаад “За, чи өмнө нь том, том дүр ганцаараа гоцолж байсан туршлагатай, авьяастай бүжигчин байна. Гэхдээ эхний ээлжид бидэнд зөвхөн олны хэсэгт л бүжиглэх орон тоо байгаа. Залуу хүнийг унтраамааргүй байна. Энэ жилдээ Япон хэлээ сайн сураад, олны хэсэгтээ бүжиглээд явчих. Харин дараа жилээс дүр авах боломжтой болно” гэв.

Би ч уухайн тас зөвшөөрөөд л “Надад олны хэсэгт бүжиглэнэ үү, бүрээ үлээгээд зогсоно уу, хамаагүй ээ. Энд ажиллаж, Япончуудаас суралцмаар байна” гэсэн. 

- Хэзээ нь Америк руу явсан юм бэ?
- Тэгээд компанидаа хоёр жил ажиллаад, Америк руу явсан. Ер нь сургууль төгсөхдөө л Америкт очиж бүжиглэх юмсан гэх мөрөөдөлтэй болохоор хэчнээн Японд ажилласан ч сэтгэл тогтдоггүй байлаа.

Гэтэл тоглолтын хуваарь, Америкийн компаниудын сонгон шалгаруулалтын хуваарьтай давхцаад ерөөсөө болж өгдөггүй.

БИ ҮРГЭЛЖ Л МӨРӨӨДЛИЙНХӨӨ АРААС ЯВСАН

Америкт сонгон шалгаруулалтынх нь хугацаа нэгдүгээр сарын сүүлээс, тавдугаар сарын сүүл хүртэл болдог байсан юм. Тэгсэн 2007 оны хавар тавдугаар сард манай театр дуурийн тоглолтоо түлхүү тоглоно, балетын тоглолтуудаа хойшлуулна гэсэн шийдвэр гарсан. Тэгмэгц шууд л Америк явахаар шийдсэн.

Миний онгоц газардаж байхад яг нэг сонгон шалгаруулалт дуусаад, маргааш нь сүүлийн ганц боломж үлдсэн байлаа. Тэгээд л ганцхан боломжтой, түүнийгээ ашиглаж тэнцээд л Америкт ажиллах болсон. Өнөөдөр бол ганцхан сонгон шалгаруулалт руу явж эрсдэл гаргахгүй шүү дээ.

Ямар ч л байсан шалгаруулалтдаа тэнцсэн, Манхэттенд байдаг театрт бүжиглэхээр болоод л мөрөөдлийнхөө газарт ирсэн дээ. 

- Тэгэхээр ерөөсөө мөрөөдлөө дагаад яваад байж дээ?
- Тэгсэн, тэгсэн. Үргэлж л мөрөөдлийнхөө араас явж байсан. Жишээлбэл цалин хөлсний хувьд Америкт Японоос илүү байгаагүй. Японд ирээд анх Английн "Бирмингем Рояал Балет" компанийн захирлын дэглэсэн "Кармина Бурана" балетад тоглосон юм.

Тэгсэн бэлтгэл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө л гэрээ ороод ирлээ. Бурхан минь өмнө харж байгаагүй тоо л биччихсэн байна. 500 мянга гаруй иен. Шууд л ээж рүүгээ залгаад “За миний энэ хүртэлх амьдрал цэг болсон” гээд л ярьж байлаа.

Ингэж явсаар хоёр жил орчим болоход театртаа бүжиглэхийн зэрэгцээ өөр газарт очиж бүжиглэдэг болчихсон. Үргэлж эрэгтэй хүн дутагдаж байдаг болохоор тийм ажил олдоц ихтэй.

Хэдийгээр хангалттай мөнгө олж байсан ч гэсэн Америк л мөрөөдөл хэвээр байсан хэрэг. Тэгээд явсан. Тэндээ очоод 4 жилийн хугацаанд хоёр ч компанид ажиллаж үзсэн. Дараа нь Герман руу явсан.

- Тухайн үед эхнэртэйгээ суучихсан байсан уу?
- Үгүй ээ, үерхэж байсан. Монголд танилцаад, үерхэж байгаад манай хүн Англи руу, би Япон руу явж карьер хөөж эхэлсэн. Харин дараа нь Америкт нэг компанид хамтдаа ажиллаж байлаа. Тэнд хоёр компани дамжиж нийт 4 жил ажиллаад Герман руу явахаар шийдсэн.

Германд бид хоёр их зайтай газарт ажилладаг байсан болохоор ажил руугаа ирж очих гэж 200 гаруй километр зам туулна. Тэгээд  удалгүй 2011 онд Монгол руу буцахаар шийдсэн.

Монголд ч бас удаагүй, хэдхэн сар болоод Японд ирж, бид хоёр хуримаа хийгээд, сургуулиа нээсэн дээ.

ЯПОНД ИРЭЭД Л ЭХНЭРТЭЙГЭЭ БАЛЕТЫН СУРГУУЛИА БАЙГУУЛСАН

- Японд ирээд л сургуулиа нээсэн хэрэг үү?
- Зарчмын хувьд тийм. 2012 онд Японд ирээд бараг гурван жил нэг компанид ажилласан. Тэнд ажиллахынхаа зэрэгцээ сургуулиа байгуулаад, амралтын өдрөөр өөрөө хичээл заасан. Манай эхнэр, найз хоёр хичээл ороод, би өөрөө зөвхөн бямба гарагт насанд хүрэгчид болон хүүхдийн хоёр ангид хичээл ордог байлаа.

Тухайн үед өөрсдийн заал гэж байхгүй, хотын театрт заал түрээслэдэг байв. Яваандаа долоо хоногт орох хичээлийн давтамжаа нэмсээр байгаад өдөр бүр хичээл ордог болсон. Хичээлийн тоо нэмэгдэхийн хэрээр хувьдаа заалтай болохоос өөр аргагүй хүрсэн. Удалгүй зорьсноо ч биелүүлсэн. Өөрсдийн заалтай болоод 5 жил өнгөрч байна.

- Ингэхэд танай сургуулийг гэр бүлийн бизнес гэж ойлгож болох уу?
- Ер нь тэр хүртэл золиослож сурсан эрдмээ зүгээр бүжиглээд эсвэл амьжиргааны бизнес болгоод дуусгахыг хүсээгүй. 

Энд дүү нар, найзууд байна, тэд нар маань хааяа манайд ирж багшилна. Заримдаа тэдэндээ бүжиглэх ажил олж өгнө. Энэ мэтээр бусдад боломж олгож, хамтдаа өсөхийг л хүссэн.

Одоохондоо шавь нар маань том амжилт гаргаад, мэргэжлийн бүжигчин болоод үр дүн гарах хараахан болоогүй л дээ. Мэдээж бүтэн найман жил үйл ажиллагаа явуулахад дөнгөж 5-6 настай орж ирж байсан хүүхдүүд 13-14 нас хүрээд чамлахааргүй амжилттай, үр дүн гаргаад эхэлж байна. Үндсэндээ бизнесийн хувьд ч тэр, сургуулийн хувьд ч тэр эхлэлийн цэг дээрээ л явж байна гэж ойлгож болно. Цаашдаа олон том амжилтанд хүрэхээр төлөвлөж байгаа.

ГАНЦ ӨӨРӨӨ ЗААХ БУС ГАДНЫ МУНДАГ БҮЖИГЧДИЙГ АВЧИРЧ  ХҮҮХДҮҮДЭД ХИЧЭЭЛ ЗААЛГАДАГ

- Сургуулиа байгуулсан нь орлогын хувьд хэр ахицтай байв?
- Орлогоо тооцоод үзэхээр 70 гаруй хувийг нь үйл ажиллагааны зардалдаа зарцуулж, үлдсэн 30 хувиас нь татвараа төлөөд ашиг нь үлдэж байсан. Хувиараа бүжиглэж байсантай харьцуулахад өсөөд сүйд болсон юм байхгүй.

Гэхдээ орлого тогтвортой болсон гэж бодож байна. Яагаад гэхээр өмнө нь хаана, хэдэн удаа бүжиглэхээсээ шалтгаалаад орлого харилцан адилгүй байсан бол одоо 60-80 хүүхэд тогтмол хичээллэж байна, тэр хэрээр орлого тогтвортой л байгаа.

- Хувийн бизнес эхлүүлэхээр ажлын цаг бас их өөрчлөгдсөн байх?
- Одоо бол өдөртөө ачаалал ихтэй үед 7 хичээл заах ч тохиолдол гардаг. Өглөө 10:00 цагаас эхлээд орой 22:00, 23:00 хүргэх нь энүүхэнд. Тэгээд тоглолтын бэлтгэл, тэмцээний бэлтгэл гээд цаг нэмэгдэх ч тохиолдол гардаг.

- Танай сургуулийн хувьд ямар маркетинг хийдэг вэ?
- Маркетингийн талаар бол надад тийм ч тодорхой ойлголт байхгүй. Хамгийн гол нь нэг удаа манай хичээлд суугаад, биднээр хичээл заалгавал дараа нь заавал дахин ирнэ гэдэг итгэл үнэмшил надад бий. 

Тийм болохоор хүмүүст эхний удаагийн хичээлийг үнэ төлбөргүй ордог. Түүний дараа хүмүүс шийдвэрээ гаргадаг. Хамгийн чухал нь эхлээд хүүхдүүдийг сургуульдаа ирүүлэх.

Харин дараа нь би өөрөө хичээлээ ороод байхгүй шүү дээ. Надаас гадна, эхнэр, дүү нар, найзууд гээд олон хүн хичээл заана. Түүнчлэн гаднаас мундаг бүжигчдийг урьж авчирна. 

Энэ мэт олон багштай байхаар сурагчдын хувьд чадвар нь хурдацтай өсдөг. Нөгөөтэйгүүр ганц хүн хараад байхаар заримдаа үгийг нь авахгүй болох хандлага бий. Тэгэхээр өөр хүн ирээд миний заасныг бататгахаар сурагчид шууд газар дээр нь алдаагаа засах жишээтэй. Ийм маягаар л сургалтынхаа үйл ажиллагааг явуулж байна.

- Цаашдын зорилго?
- Бид ур чадвартай, дэлхийд нэрээ цуурайтуулсан балетчидыг төрүүлнэ гэдэгтээ итгэлтэй, урам зоригтойгоор ажилладаг. Зорьсондоо ч хүрэх болно оо.    

TAGS