• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    117   |  
0

“Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” номын зохиолч, лектор, коуч Г.Мөнгөн нь хувийн санхүүгээ зөв удирдах, хуримтлал үүсгэх  “Зургаан дансны арга” илтгэлээрээ олон хүнд урам зориг өгсөн.

Зургаан дансны арга гэдэг нь орж ирсэн орлого бүрээс тогтмол хувийг өөрийн хэрэгцээ, зорилгоос ургасан зургаан өөр төрлийн дансанд хуваарилснаар сэтгэл хөдлөлдөө автан төлөвлөөгүй зүйлд мөнгө үрэхгүй, санхүүгийн гэнэтийн асуудалд орохгүй байх хуримтлалын систем юм. Энэ нь дан ганц хуримтлал үүсгэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах аргаар хязгаарлагдахгүй таны амьдралыг эмх цэгцтэй байлгах урт хугацааны төлөвлөгөө аж.

Түүний хувьд их бага хамаагүй орлого бүрээсээ хадгаламжийн дансанд 30 хувийг, гэр бүлийн данс буюу харилцах дансанд 10 хувийг, ипотекийн зээл төлөх хуримтлалын дансанд 30 хувийг, бизнес дансандаа 10 хувийг,  аяллын дансанд 15 хувийг, зугаа цэнгэлийн дансанд 5 хувийг тогтмол хуваарилах дадлыг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй.

Ингээд Коуч Г.Мөнгөнтэй хувь хүний санхүүгийн сахилга бат, хуримтлалын талаар цөөн хором ярилцлаа.

- Та мөнгөө хуримтлуулах “Зургаан дансны арга” ойлголтыг анхлан олон нийтэд өгсөн. Энэ аргаа өөрийнхөө амьдралд хэр амжилттай хэрэгжүүлж байна вэ, үүнээс улбаалсан эрүүл амьдралын хэмнэлээ үргэлжлүүлж чадаж байна уу?
- Ярьсан зүйлээ хэр хэрэгжүүлж байна, үнэн яриад байгаа юм уу? гэж хүмүүс асуудаг. Тиймээ, би 7 хоногийн гурван өдөр дасгалаа хийж хоолны дэглэмээ барьж байгаа учраас ахиж таргалаагүй. Мөн миний зургаан дансны систем нэг ч төгрөгний алдагдалгүй хэрэгжсээр байна.

Та бүхэнд харуулж болно. Тухайлбал, 530 мянган төгрөг ороод ирлээ гэхэд 200 мянгыг хадгаламжийн дансруу, 80 мянга нь аяллын дансруу, 60 мянган төгрөг нь бизнесийн дансруу, 60 мянган төгрөг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтийн данс руу, 50 мянган төгрөг нь зугаа цэнгэлийн буюу гэртээ номын сан хийхэд, 70 мянган төгрөгийг харилцах дансанд үлдээнэ. Үүгээрээ дараагийн орлого хүртлээ амьдарна. Өмнө нь гэр бүлийн буюу харилцах данс ачааллаа дийлэхгүй бусад дансруу халдах “аюул” байсан бол өнөөдөр илүү тайван болж эхэлж байна.

Жилийн дараа энэ систем бүр хүчтэй болно. “Зургаан дансны арга”лекцээ уншиж байх үед аяллын дансанд минь 900 ам.доллар байсан бол одоо 2500 орчим ам.доллар болжээ. Одоо хэл сурангаа аялах төлөвлөгөө боловсруулж байна. Зургаан данс дээрээ нэмээд би долоо дахь данстай болсон. Бизнесийн данснаас хоёр хувь нь нийгмийн халамж руу чиглүүлэхээр мөнгөө хуримтлуулан, цаашид сан болгохоор төлөвлөж байна.

Нэг зүйл хэлэхэд “Зургаан дансны арга”-ыг би бодоод олчхоогүй. Хуримтлалын аргуудыг хэрэгжүүлж үзээд бусдадаа хуваалцсан болохоос. Өнгөн дээрээ Мөнгөн 13 жил хүмүүст лекц уншиж буй атал цаад амьдрал нь санхүүгийн хувьд эмх замбараагүй, их өртэй байв.

Тэр үед “жүжгийн” амьдралаар амьдраад зохицуулаад болоод л байлаа. Би 13 жил лекц уншихдаа хүнд хэлэхээс илүүтэй үлгэрлэх хэрэгтэйг ойлгосон. Тиймээс одоо би хувь хүний санхүүгийн сахилга бат, эрүүл амьдралын хэмнэлээр үлгэрлэхийг хичээж байна. 

- Та орлогын хэд хэдэн эх үүсвэртэй хүмүүсийн нэг. Харин залуучууд маань санхүүгийн ганц эх үүсвэртээ найдах бус хувийн санхүүгээ солонгоруулахын тулд ямар ур чадвар эзэмших шаардлагатай гэж та үзэж байна?
- Залуу хүмүүс мөнгө олохын тулд хөдөлмөрлөх нь  тийм ч зохимжтой зүйл биш. Мөнгө л олох гэж амьдрал, цаг хугацаагаа зориулбал хүний тархи “блоклогддог”. Би анхнаасаа олон талын орлого олъё гээгүй, өрийн сүлжээнд орчихсон түүнээсээ салах арга зам хайсан.

Энэ үеэс нэр хүндээ бодно гэсэн хязгаарлалтыг сэтэлж бараа зарж, шинэ жил хэсэн дуулж мөн хөтлөгч хүртэл хийж байсан. Хүн асуудалд ороод ирэхээр өөрт нь ямар боломж байгааг олж хараад түүгээрээ хүмүүст туслаад, цаг хугацаа, хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй гэсэн систем хэрэгжиж эхэлдэг. 

Гэхдээ одоо би хөтлөгч хийж, дуу дуулаад явахгүй, харин энэ зургаан дансны аргаа хүмүүст хүргэе тэдэнд тусалъя гэж боддог. Гэхдээ залуучууд өөрийгөө өөр өнцгөөс бас сориод үзэх хэрэгтэй. Асуудалд орвол би ер нь юу хийж чаддаг вэ гэдгээ бодож олох хэрэгтэй.

“ХҮМҮҮСИЙН САНХҮҮГИЙН СИСТЕМ МУУ БАЙХ ТУСАМ Л ЛОМБАРД, НАЙЗ НӨХӨД, АХ ЭГЧЭЭСЭЭ ЗЭЭЛЭХ ЗЭРЭГ ЗАМБАРААГҮЙ ӨРИЙН СИСТЕМД ОРЖ ЭХЭЛДЭГ”

 
 

- Сайн өр гэж юу вэ?
- Би тийм кэйстэй учирч байгаагүй болохоор мэдэхгүй байна. Жишээлбэл, төлөгдөж дуусах  ипотекийн зээл бол боломжийн өр гэж боддог. Харин хүмүүс банк “шулж” байна гэдэг. Тэгвэл танд жилийн 8 хувийн хүүтэй зээл өгөх өөр газар байгаа юм уу, эсвэл танд 30 сая төгрөг бэлэн байна уу? Одоо байхгүй мөнгийг банк танд итгэж зээлүүлж, үүнийхээ төлөө сар болгон танаас мөнгөө авна. Тэгэхээр та өрөө төлөхийн төлөө хичээж ажиллана. 

- Санхүүгээ хэрхэн төлөвлөж, сар сардаа зарцуулсан мөнгөө яаж тооцоолдог вэ? Хялбар хянах боломжтой аргаасаа хуваалцвал?
- Манай орны нөхцөлд үргэлж гэнэтийн зүйл тохиолддог учраас урьдчилж төлөвлөсөн төсөв хэрэгжихгүй байх нь олонтаа. Миний бодлоор хамгийн зохистой арга бол эхлээд цалин чинь буусны дараа хадгаламжруугаа хуваарилчхаад үлдсэнийг хүргэвэл, төсөөлснөөс ч бага зардлаар амьдрах боломжтой.

Тухайлбал 700 мянган төгрөгний цалинтай хүн байлаа гэж бодоход тухайн сардаа зарцуулсан мөнгөө тооцохоор хасчих зүйл олддоггүй. Бүгд л байх ёстой юм шиг харагддаг. Үүний оронд та 300 мянгыг нь огт аваагүй юм шиг хуримтлуулаад 300 мянгыг амьдралдаа хүргээд 100 мянгыг нь дансандаа үлдээхийн тулд ажиллах юм бол олон зардлыг тооцоолж, толгойгоо ажиллуулах шаардлагагүй.

- Бид хуримтлал үүсгэж чадахгүй олон шалтаг тоочдог. Та үүнийг юу гэж харж байна вэ?
- Аргагүй байх л даа. Эсвэл аргаа мэдэхгүй байж магадгүй. Хоёрдугаарт хүмүүс өөрийгөө удирдаж чадахгүйд гол учир оршиж мэднэ. Хүмүүс ижил гарааны хэн нэгнээс зөвлөгөө авахыг хүсдэг. Гэтэл манай нийгэмд үлгэрлэл дутмаг байна.

- Та мөнгөө хэмнэхэд ямар арга, заль ашигладаг вэ?
- Маш энгийн. Ерөөсөө л миний дансны үлдэгдлээс хамаарна. Харилцах дансандаа тохируулж л амьдардаг. Мөн би өөрөөсөө үргэлж үүнийг худалдан авахгүй байснаар манай гэр бүл хүнд байдалд орох гээд байна уу? Өөр орлуулах зүйл байна уу? гэх мэт асуулт өөртөө байнга тавьдаг.

Хадгалах хуулинд “нуу” гэсэн нэг ойлголт бий.Хадгаламжаа хэнд ч бүү хэл гэдэг зарчим юм. Хадгалж байгаагаа бусдад хэлж өөртөө сануулаад байхаар хадгалахгүй байх олон шалтгаан, хэрэгцээ бий болж амжилтгүй болох нь олонтаа. 

-Таныхаар бага мөнгөөр хэрхэн аз жаргалтай амьдарч болох вэ?
- Хүмүүст яаж амьдрах аргыг нь зааж өгнө гэдэг амтгүй. Хямд хэрнээ чанартай, чанартай үнэтэй, чанаргүй боловч үнэтэй, чанаргүй хямд гээд, энэ мэт амьдралд маш олон сонголт бий. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй. 

Гадуур хооллолтоо багасгаж, гэртээ хоол хийгээд авч явж болно. Санхүүгийн асуудал нь хүмүүс мөнгөгүйдээ биш хуримтлуулж дадаагүй, мөнгөө дэмий зүйлд зарцуулснаас болдог. Ийм үед байгаагаа хүргэх, “Зохиомол ядуурал” гэдэг дүрмийг ч ашиглаж болно.

 
 

- Зохиомол ядуурлын аргыг тайлбарлавал?
- Би өөрөө ч мэдэлгүй “зохиомлоор ядуу амьдаръя” гэсэн  зарчмыг бий болгосон байлаа. Өдөр бүр хоол ундаа өөрөө бэлдэж авч явдаг тул хамгийн хямд, эрүүл аргаар хооллоно. Лекц уншсаныхаа бартераар зарим хэрэгцээгээ хангана. Хэмнэх гэдэг нь хямд болгоныг авах биш чанартай цөөнийг авах тухай ойлголт.

Хүмүүст даруу харагдъя, хэрэглээгээ даруухан байлгая. Үеийнхэн сайхан машинтай байхад би  шил нь цуурсан арын гупер нь хонхойсон машинтайгаа одоохондоо байж байя. Машинаа жилд гурваас дээш удаа угаалгалгүй, өөрөө арчиж цэвэрлэе, үр хүүхдээ амттанаар цатгаж, өнгөтөөр бүрэлгүй, өөрөө би ах эгч нарынхаа хувцсаар болгож байя гэсэн зарчим гэх үү дээ.

- Зургаан данс бүтэлгүйтээд, та шинээр хадгалж эхэлсэн талаар номондоо дурдсан байсан. Ямар бэрхшээл тулгарч байв, үүнийг хэрхэн даван туулсан бэ? 
- Яг үнэндээ хувь хүний санхүүгийн систем бол өөрийгөө хүмүүжүүлэх маш том арга барилыг олгодог. Зургаан дансаа тогтворжуулахын тулд өчнөөн л зүйлийг туулна. Гэр бүлийн харилцах данс маань хүчгүй болоод ирэхээр бусдадаа сөргөөр нөлөөлж эхэлсэн.

Азаар аяллын болон хадгаламжийн данс энэ аюулд өртөөгүй. Тиймээс би гэр бүлийн дансыг хүчирхэг байлгахад анхаарч байна. Одоо миний данс бүр нэг нэгээр хүчирхэгжиж байна. Зургаан дансны аргыг хэрэгжүүлснээр эрүүл амьдралыг хэмнэлийг олж авна, дэмий зүйлд хөрөнгө оруулахаа болино, бага мөнгөөр амьдарч сурна.

Хүн хэмнэлтийн системээр хоёр жил амьдраад үзэх хэрэгтэй. Үүний дараа амьдрал хэвийн болдог. Зургаан дансны аргыг хэрэгжүүлснээр нэлээд тайван болж байна. Жишээ нь, би сая машинаа буруу газар байршуулаад 60 мянган төгрөгөөр торгуулсан.  Тайван очоод мөнгөө өгөөд машинаа авлаа.

- Зургаан дансны арга нэг талаар дарамт болдог уу?
- Бүх зүйл хоёр талтай. Хааяа нэг гэр бүлээрээ гадуур гарах үедээ хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөө дэмий үрчих вий гэж бодогдох үе бий. “Хорголоо тоолсон амьтан” болчихвий гэхээс  болгоомжилж найз нөхөд, ойр дотнынхондоо туслах үе гарна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ