• Lead the way ...
         
27
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    74   |  
0
 

Газрын тосны ханш түүхэн доод хэмжээнд хүрч бууран, энэ байдал цаашид удаан үргэлжилбэл бензиний үнэ хямд зарим улсад шатахууны саваа дүүргэхэд төлбөр төлөх шаардлагагүй байдал үүсэхээр байна. Одоогоор дэлхийн зах зээл дээр WTI маркийн нефтийн ханш хасах 37.63 буюу баррель нь 0.01 ам.доллар болоод байгаа юм. "Риа Новости" агентлагтийн мэдээлснээр, үүнээс өмнө WTI маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байжээ.

Түүнчлэн WTI маркийн газрын тосны ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хасах руу орж, торх нь 1.43 ам.долларт хүрлээ. Үүнтэй холбоотойгоор ирэх зургадугаар сарын фьючерс үнэлгээ нь баррель тутамдаа 20 ам.доллароос давахгүй гэдгийг шинжээчид онцолж байна.  

Хэдийгээр ОПЕК-ийн гишүүн орнууд олборлолтоо өдөрт арав орчим хувиар бууруулахаар тохиролцсон ч энэ нь ханшид төдийлөн нөлөөлөхгүй байгаагаас гадна АНУ-д шатахууны хэрэглээ хэд дахин буурч, хадгалах агуулах, сав дутагдаж байгаа нь энэ төрлийн газрын тосны ханш уруудахад ихээхэн нөлөөлжээ. 

Өчигдрийн байдлаар АНУ-д нэг галлон бензиний үнэ 1.81 ам.долларт хүрч, 36 центээр буураад байгаа аж. Одоогоор дэлхийн зах зээл дээр 635 сая баррель газрын тосны илүүдэл үүсээд байгаа бөгөөд тэдгээрийг хадгалах газар нь үйлдвэрлэгч нарын толгойн өвчин болоод байгаа юм байна. ОПЕК-ийн зөвлөх Аарон Брэди "Ирэх долдугаар сар хүртэл газрын тосны компаниуд шатахуун үйлдвэрлэгч нарт нэг баррелийг нь 22 ам.долларын үнээр борлуулах гэрээ хийсэн. 

Үүнээс гадна эрэлт буурсан учраас шатахуун боловсруулах үйлдвэрүүд гаралтаа бууруулсан байгаа. Тиймээс шатахууны үнэ наймдугаар сараас л мэдэгдэхүйц буурна. Ийм үед газрын тосны үйлдвэр биш, хадгалах газар байгуулсан нь илүү ашигтай болсон" гэдгийг онцолжээ.  

Техас маркийн газрын тосны ханш буурсантай холбоотойгоор Саудын Араб,  Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн орнууд болон бусад улс  газрын тос олборлолтоо тавдугаар сард бууруулахаар төлөвлөөд байсан ч уг төлөвлөгөөгөө товлосон хугацаанаасаа өмнө хэрэгжүүлж магадгүй болоод байна. 

ОПЕК буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд энэ сарын 12-нд болсон шуурхай хуралдаанаараа 23 улсын нефтийн олборлолтыг тав, зургадугаар сард бууруулахаар тохиролцсон юм. Мексик Улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд газрын тос олборлолтын хэмжээг улсаасаа шалтгаалж өөр байхаар тохиролцсон. 

Хэдийгээр экспортлогч орнууд нефть олборлолтоо бууруулахаар болсон ч энэ удаагийн Техас маркийн газрын тосны үнийн уналт олборлогч компаниудад хүндхэн тусахаар байгаа юм. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Нью-Йоркийн “Rystad Energy” компанийн шинжээч Артем Абрамов газрын тосны үнэ нэг торх нь арван ам.доллароос доошлох нь нефть олборлодог, өр зээлтэй байгаа АНУ-ын бараг бүх компанийг дампуурлаа зарлахад хүргэнэ гэж мэдэгджээ. 

Тэрбээр  “Нефтийг нэг торх нь арван ам.доллароор нийлүүлсэн тохиолдолд АНУ-ын нефть олборлолтын бараг бүх компани дампуурлаа зарлана. Тодруулбал, АНУ-ын 1.1 мянга гаруй компани дампуурна” хэмээсэн байна. Харин нефтийн үнэ торх нь 20 ам.долларт хүрэх нь 2021 оны эцэс гэхэд нефтийн 533 компанийг дампууруулна гэж “Rystad Energy” компанийн шинжээчид үзэж байна.  

Америкийн “Goldman Sachs” банк нь дэлхийн газрын тосны зах зээлд хөрөнгө оруулалтын хямрал үүсэж болзошгүй байгаа тухай өнгөрсөн оны сүүлчээр анхааруулж байв. Том орд газруудад олборлолт хийх томоохон төслүүд үнийн огцом уналт үргэлжилсэн тохиолдолд “зомби төсөл” болж хувирах эрсдэлтэй тулгараад байна.

Гэтэл баррель газрын тосны үнэ 70 ам.доллар хүртэл буурахад л  дэлхийн газрын тосны хэрэглээний 25 хувийг хангадаг олон орд ашиггүй болох аюултай тулгардаг байна. Ер нь нефтийн үнэ бүрэлдэх үйл явц олон хүчин зүйлээс хамаардаг билээ. Үүнд, эрэлт болон  нийлүүлэлт, олборлож буй газрын тосны хэмжээ, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, янз бүрийн түвшний хэлцлүүд, экспортлогч оронд тавьсан хориг, дайн, террорист халдлага, байгалийн гамшиг гэх мэт давагдашгүй хүчин зүйлс, олборлолтын өртөг, нефтийн төрөл, сэргээгдэх эрчим хүчний салбарын төлөв байдал зэргийг дурдаж болно.  

Түүнчлэн, нефтийн үнэ нь улирлаас хамааран хэлбэлзэж байдаг. Тодруулбал, зуны дэлгэр цагт хүмүүс аялж зугаалах нь өсдөг учраас шатахууны хэрэглээ нэмэгдэнэ гэдгийг урьдчилан тооцсон нефтийн худалдаачид хаврын улиралд бүтээгдэхүүнээ нөөцөлж авдаг. 

Эрэлт дээд цэгтээ хүрсний дараа намар, өвлийн цагт үнэ эргээд буурдаг байх жишээтэй. Эдгээр олон хүчин зүйлс газрын тосны үнэд нөлөөлдөг учраас олон улсын байгууллагууд, улс орнуудын шинжээчдийн хийж буй таамаглалууд хоорондоо зөрөх нь олонтаа. 

Нефть импортлогч орны олонх нь Брент маркийн газрын тосны ханшийг голчлон баримталдаг. Манай улс ч мөн адил Брент маркийн газрын тосны Сингапурын хөрөнгийн бирж дээр худалдаадагдаж буй ханшаар Оросоос шатахуун импортолдог. Хэдийгээр WTI маркийн газрын тосны ханш огцом буурч, хасах руу орсон ч Брент маркийн нефтийн үнэ харьцангуй тогтвортой буюу сүүлийн нэг сарын хугацаанд баррель тутамдаа 20-30 ам.долларын хооронд хэлбэлзсээр байна. 

Харин Оросын “Urals” газрын тосны өртөг мөн л түүхэндээ хамгийн доод түвшинд хүрч буураад байна. Өнгөрсөн даваа гарагаас эхлэн Оросын Роснефть, Башнефть, Татнефть зэрэг компаниудын үйлдвэрлэдэг “Urals” маркийн газрын тосны үнэ өмнөх өдөртэй харьцуулахад 112.7 хувиар буурч баррель нь хасах хоёр ам.доллар болоод байгаа аж.  

Ц.Даваасамбуу

TAGS





Холбоотой санал болгох мэдээ