Коронавирусийн эрсдэлтэй энэ үед манай улсад эмнэлгийн хангамжид анхаарал хандуулах шаардлагатай болсон. Тиймээс Европ стандартын хөдөлгөөнт хээрийн эмнэлгийг улсдаа нэвтрүүлжээ.
Онцгой байдлын байгууллагын II шатлалын хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн иж бүрдэл нь Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдсэн.
Гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий 6.5 сая еврогийн өртөгтэй тус хээрийн эмнэлэг нь нэг дор 65-100 хүн хүлээн хүчин чадалтай. Эрэмбэлэн ангилалт, дүрс оношлогоо, лаборатори, мэс засал, эмийн сан, цусны нөөцлүүр, дотрын тасаг, эрчимт эмчилгээ гэсэн хэсгүүдтэй цогц хөдөлгөөнт байгууламж юм.