Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дэнжийн мянга дэд төвийг байгуулна. Энэ хүрээнд Дэнжийн мянга дэд төвд шинээр 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ирэх оноос барих гэнэ. Хийн дулааны станцыг нийслэлд анх удаа барих бөгөөд байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчээр хангах төсөл юм.
Хийн дулааны станц нь шаталтаас хатуу хог хаягдал үүсдэггүй онцлогтой. Ажиллах хүчний зардал багатай. Энэхүү хийн дулааны станцыг барьснаар бусад дулааны станцын ачааллыг хуваалцаж, айл өрхийн дулааны хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Тус дэд төв нь 118.4 га талбайг хамарч, 22,500 хүн амд үйлчлэх нийгэм, соёл, спорт, ажил хэрэг, худалдаа үйлчилгээ бүхий бүсийн төв болгон хөгжүүлэхээр тусгагдсан. Гэр хорооллыг оновчтой зохион байгуулж, хөгжүүлэх нь хотын байгаль экологи, нийгмийн хөгжлийг хангах үндэс юм.