Алтан цомын төлөөх багуудын дөрөвдүгээр тойргийн барилдаанууд өнгөрөгч амралтын өдөр болж өнгөрлөө. Дөрөвдүгээр тойргийн эхний өдрийн барилдаанд Улсын заан С.Сүхбат тэргүүтэй Хатант Интернэшнл баг, Улсын заан Д.Анар тэргүүтэй ХҮЛЭГҮ багтай учраа тааран барилдаж ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ баг 20:5 -аар гурав дахь ялалтаа авлаа.
Хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд байгаа Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй АПУ-СКАЙТЕЛ баг Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй Эв Монгол багийг 18:7 харьцаатайгаар буулган авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ингэснээр АПУ-СКАЙТЕЛ баг гурван хожил, нэг хожигдол 64 даваатайгаар хүснэгтийг тэргүүлж байна. Тэдний ард ОД ГРУПП, ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ, MSC-ЭНЕРЖИ багууд 58 даваатайгаар жагсаж байна.
Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй MCS- Энержи баг Улсын заан Б.Бат-Өлзий тэргүүтэй Хамаг Монгол багтай учраа тааран барилдаж аймгийн арслан Г.Цоггэрэлийн даваагаар Хамаг Монгол баг ээлжит ялалтаа байгуулав. Улсын аварга О.Хангай тэргүүтэй Од Групп баг Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй Хубилай Хаан багийг 17:8 харьцаатайгаар буулган авчээ.