Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тавдугаар давхарт байрлах 413.95 м.кв талбайд мэс заслын хэсгийн иж бүрэн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, улсын комисс хүлээн авлаа. Засварын хүрээнд нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөө нэг, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөө 3 байхаар төлөвлөн зохион байгуулжээ.
Мэс заслын өрөөнүүдийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, өрөө тус бүрд агааржуулалт, цахилгаан тэжээлийн иж бүрэн систем суурилуулсан байна. Агааржуулалтын системийн хувьд коридор болон бусад өрөөг цагт 11,000 шоо метр агаар цэвэршүүлэх хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хангаж, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 8,500 шоо метр, гуравдугаар зэрэглэлийн мэс заслын өрөөнд цагт 4,500 шоо метр агаар боловсруулах хүчин чадалтайгаар шийджээ.
Мөн гадна нян, бактер үржихгүй эмнэлгийн зориулалтын хүчитгэсэн хавтангаар хана, тааз хийх, автомат болон ган хаалга суурилуулах, дотор сантехникийн шугам сүлжээг шинэчлэх, цахилгаан, холбоо дохиолол, гэрэлтүүлгийн системийг бүрэн шинэчлэх, эмнэлгийн хийн, хөргөлтийн болон агааржуулалтын системүүдийг цогцоор шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилууллаа.