"Дүүжин замын тээвэр" төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байгаа гэнэ.
Яармаг, Арцат талын буудлын барилга, гараашийн барилгын дам нурууны арматурчлалын ажил дуусаж, бетон цутгалт хийхэд бэлэн болоод байгаа бол Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ.
Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь 4.2 км урттай байх бөгөөд замын трассын дагуу 6.45-аас 42 метрийн өндөртэй 19 тулгуур баганыг суурилуулах юм. Одоогийн байдлаар 16 тулгуур баганыг бүрэн суурилуулаад байгаа бөгөөд энэ сардаа багтаан дахин хоёр тулгуурыг босгохоор бэлтгэл хангаж байна.
Тус төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Францын “Пома” групп ажиллаж байгаа бөгөөд дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.