Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.2026 онд нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолжээ. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвд 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулах аж. Тухайлбал, 12 байршилд 50.4 км авто зам, замын байгууламж шинээр барьж, 33.8 км авто замыг шинэчилнэ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км замын гэрэлтүүлэг хийнэ.
Улаанбаатар хотын дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээг нэмэгдүүлэхээр 2026 онд 477 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 29 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. 2026 онд 12 байршилд 15.1 км урт зам талбайн борооны ус зайлуулах шугам угсрахад 12.6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр барих дэд станцын ажилд 2.4 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлнэ.