Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барьсан тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар юм.
Нэгдүгээр давхарт яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөөтэй. Харин хоёр давхарт үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэжээ.