Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-наас иргэд, жолооч нар руу 130092 тусгай дугаараас зөрчил гаргасан талаарх сануулах зурвасыг илгээж эхэлсэн.
Иргэдэд зөрчил гаргасан нь хиймэл оюун ухаанд бүртгэгдсэн талаарх зурвасыг илгээдэг байсан бол энэ сарын 2-ноос эхлэн иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний ямар дүрмийг, хаана, хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоос /линк/-оор илгээдэг боллоо.
Хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системтийн тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрмийн дараах зөрчлийг илрүүлэх боломжтой. Тодруулбал,
- Хурд хэмжих
- Гэрэл дохионы зөрчил илрүүлэх
- Чиглэлийн тээврийн эгнээний дүрэм зөрчсөн тохиолдлыг илрүүлэх
- Автобусны буудал дээр зогссон зөрчлийг илрүүлэх
- Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
- Агшин зуурын хурд хэтрүүлэх /Энэ нь жолоочийн яг одоо ямар хурдтай явж байгаа талаарх мэдээллийг өгдөг/
- Дундаж хурд хэтрүүлэх /Энэ нь тухайн аялал ямар хурдтай байсан талаарх том зураглал бүхий мэдээллийг өгдөг/
- Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэх
- Түр болон удаан хугацаагаар тээврийн хэрэгслийг байршуулсан зөрчлийг илрүүлэх
- Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар байршуулсан зэрэг зөрчлийг илрүүлж буй.
Харин өнөөдрийн байдлаар эдгээр зөрчлөөс эхний ээлжид гурван зөрчлийг илрүүлж, иргэд рүү сануулах зурвасыг илгээж байгаа юм. Тодруулбал,
- Зогсох шугам давж зогссон зөрчлийг илрүүлэх
- Эгнээ байр буруу эзэлсэн зөрчлийг илрүүлэх
- Зогсох шугам давах, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрсөн зөрчлийг илрүүлэн, мэдээллийг зурвасаар илгээж байна.