Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 5 дугаар хороо, Хүүхэд залуучуудын театр дагуух 1.6 км зам барих ажлыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Баян өлзийт зам” ХХК шалгарсан.
Гэвч гүйцэтгэгч компани газар чөлөөлөлт дуусаагүй, цахилгааны шон шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгээгүй хэсэгт хяналтын инженерийн зөвшөөрөлгүйгээр стандарт, нормыг зөрчиж, дур мэдэн ажлаа эхлүүлжээ. Иймээс авто замын хэсэгт байсан цахилгааны шонг өнгөрсөн шөнө зөөж, зорчих хэсгийг хэвийн болгосон байна. Мөн гүйцэтгэгч байгууллагыг хар жагсаалтад оруулж, холбогдох хуулийн хариуцлага тооцохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт бүрэн дуусаагүй, трасст өртсөн айлуудтай зөвшилцөж, сонсох ажиллагаа явуулж байгаа гэнэ.
