2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч байна. Иргэдийн саналыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой гэнэ.
Өнгөрсөн онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан бөгөөд үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн.
2024 оны санал асуулгаар 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгч, тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр батлагдсан. 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж ажиллаж байна.
