Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг
license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгох гэнэ.
Тус системд шилжсэнээр иргэн аж ахуйн нэгж байгууллагын хувьд дараах давуу талууд үүсэж байна Үүнд:
1. Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж цаг хугацаа хүний оролцоогүй болгож автоматжуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж, цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөл бүрдсэн.
2. Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо QR code бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон. Мөн хаяж гээж үрэгдүүлэх, алга болгох зэрэг асуудлыг хөнгөвчлөн шийдэж тусгай зөвшөөрлийн шийдвэрлэлт ил тод, нээлттэй боллоо.
3. Өмнө нь инженер техникийн ажилтан нь давхцалаа шалгуулах, аль байгууллагад бүртгэлтээ эсэхээ мэддэггүй байдал үүсдэг, бусад байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтан /ИТА/ зөвхөн өөрийн нэгдсэн нэвтрэлтээр орж бүртгэлээ хаана байгааг шууд шалгах боломжтой болсон.
4. Тухайн аж ахуйн нэгж байгууллага, ИТА хасалт хийлгэхийн тулд системээр дамжуулан хүсэлт гарах, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар нэг байгууллагаас хамааралтай байсныг болиулж Инженер техникийн ажилтны шилжилт тухайн аж ахуйн нэгж байгууллага өөрөө хасдаг байдлыг бий болгосон нь тухайн компанийн хариуцлагыг нэмэгдүүлж байна.
5. Тухайн аж ахуйн нэгж бүртгүүлсэн и-мэйл хаягаа мартсан бол гуравдагч байгууллагад албан бичгээр хандан и-мэйл хаягаа авдаг, солиулдаг хүний оролцоотой цаг зав зарцуулдаг байсныг болиулж иргэн төрийн нэгдсэн мэдээллийн сандаа нэвтрээд имэйл хаяг бүртгэлтэй утсаараа дамжуулаад имэйл хаягаа авах боломжтой болсон.
6. Зөвшөөрөл олгох үйл явц ил тод нээлттэй болж, иргэд болон байгууллагууд хяналт тавих боломжтой болж байна.
7. Цаг хугацаа хэмнэж бүх материалыг онлайнаар бүрдүүлэх, илгээх боломжтой болсон тул оочер дараалал, цаас, бичиг баримт, хэвлэмэл материал, тээвэрлэлт, ажилчдын илүү цаг гэх мэт нэмэлт зардлууд буурна.
8. Шийдвэр гаргах хугацаа тодорхой, хурдан болно.
9. Иргэдийн хувьд ажил, амьдралын хуваарьт саад учруулахгүйгээр хүсэлтээ гаргах боломжтой.
10. Хүсэлт өгсөн, шийдвэрлэсэн төлөв, шат бүрийг иргэн өөрөө хянах боломжтой.
11. Цахим систем нь 24/7 ажиллах тул хүссэн цагтаа үйлчилгээ авах боломжтой.