Энэ сарын 23, 24, 25-нд зохион байгуулагдсан Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Чансааг улсын заан Б.Бат-Өлзий 11,350 оноотойгоор өнгөлж явна. Түүний хувьд "Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан" болон "Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан"-д дараалан түрүүлсэн.
Түүний араас улсын начин Э.Батмагнай 10,300 оноогоор чансаагаа хадгалж үлдлээ. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр чансааны гуравт бичигдсэн бол Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар чансаа ахиж 8,800 оноогоор анх удаа чансааны 4-р байрт Улсын начин Ч.Батчулуунтай хамт бичигдэж эхэллээ.
Тэдний араас аймгийн хурц арслан Д.Алтанцоож, улсын аварга О.Хангай, улсын заан М.Лхагвагэрэл, улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нар бичигдэж байна.