Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан.
Нийслэлийн зүгээс өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарах гэнэ. Алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах ажилд зарцуулах гэнэ.