Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг буцаан авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилгыг нийслэл өмчлөлдөө буцаан авч, объектыг буулган, газрыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Эмийн үйлдвэрийн барилгыг чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 төгрөг байх гэнэ. Газрын дуудлага худалдааг энэ сарын 21-ний өдөр иргэдэд нээлттэйгээр ил тод зохион байгуулна.
Эмийн үйлдвэрийн барилга ашиглалтад ороод 73 жил болсон бөгөөд барилгыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан байдаг.