Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq 2025” гурван өдрийн уралдаан Узбекистан улсад эхэллээ. Эхний гараа буюу ганцаарчилсан цуваа гараатай 30 км-ын уралдаанд Үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр 35:34 минутын амжилтаар түрүүлж, тэмцээнийг тэргүүлж байна. Б.Тэгшбаяр өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлэхдээ эхний гарааг мөн авч байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минут гаруйгаар ахиулсан байна.
Харин АНЭУ-ын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Б.Марал-Эрдэнэ түрүүлсэн тамирчнаас 2:59 минутын алдагдалтай 15 дугаар байрт оржээ. Тэмцээний хоёр, гурав дахь гараанд тамирчид бөөн гараанд уралдаж, аваргаа тодруулах юм.
Өнгөрсөн жилийн тус тэмцээнд Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр түрүүлсэн бол С.Жамбалжамц гуравдугаар байрт орж байжээ.