Бусдын фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг он гарсаар 300 гаруй удаа гарчээ. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт “Миний фэйсбүүк хаягт танихгүй хүн хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 1.250.000 төгрөгийг залилж авсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.
Иргэн та өөрөө мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягнаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягны эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.