Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн. Далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажил үргэлжилж байгаа ба ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Харин гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Гурван давхар объектод тухайн байгууламжийн дэд бүтцийн узель, жуулчдад мэдээлэл өгөх мэдээллийн төв, жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үйлчилгээний талбай болон хүүхдийн цэцэрлэг байхаар төлөвлөсөн байна. Үйлчилгээний объект ашиглалтад орсны дараагаар нийслэлийн холбогдох байгууллагууд тухайн объектод орох үйлчилгээний төвүүдийн асуудлыг шийдэх аж.