Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Энэ сарын 21 буюу өнөөдрийн байдлаар улаанбурханы 659 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 498 эдгэрсэн ба 158 хүн эмнэлэгт, гурван иргэн гэрээр эмчилгээгээ хийлгэж байгаа гэнэ.
Өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан илүү өвчилж байгаа аж. Байршлын хувьд Улаанбаатарт 381, Хэнтийд 6, Төв аймагт 5, Архангайд 2, Баянхонгорт 6, Дундговьд 87, Өмнөговьд 167 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг хамгаалахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.