Хөвсгөл аймгийн Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 14-ний 21:36 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраажээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
Гал унтраах ажиллагаанд Цагдаагийн байгууллага, “Хөвсгөл ус” ус сувгийн газар, Байгаль орчны газрын алба хаагчид дэмжлэг үзүүлэн ажилласан.