Дорнод, Булган аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Тодруулбал Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 6-нд Онцгой байдлын албанд ирсэн. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж өчигдөр буюу 7-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 120 га талбай өртөж шатсан.
Мөн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт энэ сарын 7-нд хээрийн түймэр гарсан ба Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гал түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан байна.