Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна. Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, нийслэлийн Онцгой комиссын "Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Эргүүлийн бүрэлдэхүүн нийслэлийн таван дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй байдлыг хангаж ажиллах гэнэ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2025 оны хоёрдугаар улиралд агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байхыг мэдээлсэн тул ногоон бүсэд ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.