Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд тодорхой бүсчлэл буюу хамгийн утаатай бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх шийдвэр гаргасан.
Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх ба айл өрхүүд гэр, байшингийнхаа дулаан алдалтыг бууруулсан байх ёстой. Ингэсэн тохиолдолд айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор тавьж, халаалтын улиралд хэрэглээнээс нь сар бүр 100 мянган төгрөгөөр хөнгөлөхөөр болжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 200 мянга гаруй өрх хатуу түлш буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Мөн 2500 орчим айл өрх, аж ахуйн нэгж нь нам даралтын зуухаар халаалтаа шийдэж буй.