1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын нам байгуулагдаж 6-ны өдөр МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурал хийж Хиагт хотын чөлөөлөх шийдвэр гаргаж байсан. Улмаар жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумьяа нараар удирдуулсан цэргүүд гуравдугаар сарын 17-ны орой Алтанбулагаас хөдөлж 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод орж байсан түүхтэй.
Сүүлд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжин Маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсаны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.
Харин 2003 оны арван хоёрдугаар сарын 18-нд Монгол Улсын УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.